Венесуэлийн дэд ерөнхийлөгч Аристобула Истуриз чухал биш ажил хийдэг хүмүүс долоо хоногийн дөрвөн өдөр ажиллах захирамжийг гаргажээ. Түүнчлэн өөр шийдвэр танилцуулах хүртэл олон мянган төрийн албан хаагчид долоо хоногийн ердөө хоёр өдөр ажиллах болсон байна.
Ган гачгийн улмаас Венесуэлийн цахилгааны хэрэглээний 75 хувийг хангадаг УСЦ-ын үйл ажиллагаа доголдож эрчим хүчний хомсдол үүсгээд байгаа аж. Эрчим хүчний хомсдолоос үүдэн засгийн газраас хамгийн их хүн амтай 10 мужид өдөрт дөрвөн цаг цахилгааны хязгаарлалт хийх арга хэмжээг эхлүүлжээ. Энэ нь 40 хоног үргэлжлэх юм. Мөн өдрийн гэрэлтэй цагийг илүү ашиглах боломжийг нэмэгдүүлэх үүднээс Венесуэлийн цагийн бүсийг 30 минутаар урагшлуулахаар төлөвлөж байна.
Газрын тосны үнэ унаснаас үүдэн Венесуэл бэлэн мөнгөний хомсдолд орж, сахар, гурил, өндөг зэрэг импортын барааны үнийг төлөх чадваргүй болсон аж. Иргэд дэлгүүрийн гадна олон цаг дугаарлаж үйлчлүүлдэг боловч ихэнхдээ авахыг хүссэн бараа нь дууссан байдаг гэнэ. Ийм нөхцөл байдалд цаашид амьдрах боломжгүй болж байгааг Венесуэлийн ард иргэд ярьж байна.
Венесуэлийн эдийн засаг өнгөрсөн онд 5.7 хувиар агшсан бол энэ онд 8 хувиар буурах төлвийг Олон улсын валютын сангаас гаргажээ. Тус улсын инфляцийн түвшин энэ онд 500 хувиар нэмэгдэх гэнэ.
Эх сурвалж: CNN
Б.АНХТУЯА