Хэлэлцүүлгийг 14 аймагт хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Хэлэлцүүлгийг 14 аймагт хийлээ

"МОНГОЛ ХҮН-2020" хэлэлцүүлгийг 14 аймагт хийлээ

Ардчилсан Монгол Улсын өнцөг булан бүрт амьдран суугаа Дорж, Дулмаагийн хэн нь ч бай үзэл бодол, нийгмийн гарал, баян ядуугаас үл хамааран “Эрх чөлөөтэй, Эрдэм боловсролтой, Эрүүл чийрэг, Ажилтай орлоготой, Аюулгүй орчин”-д амьдрах учиртай. Энэ зорилгоор Ардчилсан нам “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг орон даяар явуулж, иргэн бүрийнхээ санал бодлыг таван сэдвийн хүрээнд сонсож байгаа билээ.

Наран ургах зүгийн Дорнод аймгаас эхэлсэн “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг өнөөдрийн байдлаар 14 аймагт амжилттай үргэлжилжээ. Дорнод, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Орхон, Хэнтий, Баянхонгор, Өвөрхангай, Увс, Ховд, Баян-Өлгий, ГОВЬ-Алтай, ХӨВСгөл аймгийн ирээдүйн хөгжлийн гарц болоод сул талыг энэхүү хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн иргэд гаргаж чадсан байна. Өргөн уудам газар нутагтай Монгол Улсын иргэдийн тал хувь нь хөдөөд буюу мэдээллээс хол, хөндий амьдардаг. Тийм ч болохоор “Монгол хүн 2020” хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, нутаг орныхоо хөгжлийн төлөө үгээ хүргэхийг хүссэн иргэд цөөнгүй байсан юм. 14 аймгийг товчхон дүгнэхэд асуудал өөр өөр өнцөгтэй харагдаж байв.

Дорнод. 2011 оны 1 дүгээр сарын 22-23

Дорнод аймаг бусдаас илүү хөгжих боломжоо ашигладаггүй

74.4 мянган хүн амтай, хүн амынх дийлэнх нь аймгийнхаа төвд амьдардаг Дорнодыг нэлээд дээхнээс Эрдэнэт, Дархантай зүйрэлдэг байсан. Харин сүүлийн үед тус аймагт томоохон бүтээн байгуулалт хийгдээгүй. Эдийн засгийн бодлого сууриараа буруу явж буй талаар иргэд нь ярьж байв.

Халхын голын дайны түүх, эртний хөшөө дурсгал, балгасын туурь гээд Дорнын уудам талд үзэх харах зүйл цөөнгүй. Цагаан зээр, талын хөх чоно олноороо амьдардаг Дорнод аймагт аялал жуулчлал хөгжих асар их нөөц бололцоо бий. Нөгөөтэйгүүр Халх голын үржил шимт хөрсөнд газар тариаланг хөгжүүлэх боломжтой. Уран энэ нутагт бий. Дээр нь Тамсагийн сав газраас Монголын анхны нефть илэрч байсан зэргийг дурдвал Дорнод аймаг хөрсөн доорх баялгаараа Монгол орны хувьд стратегийн өндөр ач холбогдолтой нутаг аж. Үндсэндээ бусдаас илүү хөгжих бололцоо тэдэнд бий. Гэлээ ч аймгийн Засаг даргын хүрээллийн эрх мэдэлтнүүд л тендер авдаг, нутгийн хөгжлийн төлөө алхам хийдэггүй, иргэд нь үзэд бодлоороо ялгаварлагддаг, хорт хавдар залуужиж байгаа, эх, нялхсын эндэгдэл нэмэгдсэн зэрэг олон асуудлыг хөндөж байсан юм.

Булган. 2011 оны 2 дугаар сарын 19-20

Төвд ойрхон хөгжлөөс хол хоцорсон Булганчууд

Булганчууд газар тариалан, мал аж ахуй эрхлэлтээрээ улсад дээгүүр байр эзэлдэг ч мал аж ахуй, газар тариалангийн боловсруулах үйлдвэргүй. Дэд бүтэц сайн, газар зүйн байршлын хувьд ч хамгийн оновчтой хэсэгт байрладаг хэрнээ хөгжлөөс хол хоцорсон аймаг гэхэд болно.  Тус аймагт нэг нам, нэг хүний ноёрхол олон жил тогтсоноос улбаалан төсвийг дур мэдэн иргэдийн оролцоогүй шийддэг аж. Эл байдал нь хөгжлөөс хол хоцроход хүргэсэн хэмээн булганчууд өөрсдийгөө хэлэлцүүлгийн төгсгөлд дүгнэсэн юм.


Дорноговь. 2011 оны 2 дугаар сарын 26-27

Дорноговийнхон их бүтээн байгуулалтад улс орныхоо хөгжлийг түүчээлнэ

Дорноговь аймаг бусад аймгийг бодвол дэд бүтэц маш сайн хөгжсөн. Төмөр замын гол тэнхлэгт оршдог аймаг. Хамтарсан Засгийн газраас Дорноговийн Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах шийдвэр гаргасан нь улс орынхоо хөгжлийг түүчээлэх алтан боломжийг тэдэнд олгожээ. Дорноговь аймгийн хувьд БНХАУ‑тай хил залгаа тул арилжаа наймаа хөгжсөн. Аялал жуулчлал хөгжих ч бүрэн боломжтой. Харин Дорноговийн ундны усны чанар, хангамж хүндрэлтэй. Төвлөрсөн усан хангамжийн цэвэршүүлэгч шүүлтүүр нь муу ажилладаг аж. Мөн   уул уурхайн нефтийн үйлдвэрлэлийн нөлөөгөөр хөрс шороо бохирдож иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн цэргийн ангийн хуучин байшин балгасын хогонд дарагджээ. 


Дундговь. 2011 оны 3 дугаар сарын 19-20

Баялагийн эзэд хөгжлийн доройтолд оржээ

Дундговь аймагт улсын хэмжээнд судлагдсан хүрэн нүүрсний нөөцийн 58 хувь, гөлтгөнийн 32 хувь, эрдэс будгийн 53 хувь бий. Байгалийн баялагийн нөөц дээрээ тулгуурлан хөгжих бүрэн боломжтой ч аймгийн газар нутгийн 50 хувиас илүү нь уул уурхайн лиценз байдлаар олгогдсон нь иргэд ядуу байх нэг үндэс болжээ. Мөн Оюутолгой, Тавантолгойг зорьсон хүнд даацын автомашинууд тус аймгийг дайран өнгөрдөгөөс болж  байгаль орчин сүйдэж байгаад иргэдийн сэтгэлийн зовж байгаа аж. Баялагтай хэрнээ хөгжлөөрөө сул дорой Дундговийнхны бас нэг тулгамдсан асуудал бол ус. Ундны усны гачаалаас болж тус аймгийн иргэд бөөр, шээсний замын эмгэгийн өвчлөлөөрөө улсад тэргүүлж байна. Дундговь аймгийн хувьд байгалийн баялагтаа эзэн сууж бодлогоо зөв тодорхойлохоос гадна байгалийн өвөрмөц тогтоц дээрээ тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм.


Говьсүмбэр. 2011 оны 3 дугаар сарын 26-27

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй аймгийнхан

Говьсүмбэр аймгийн хувьд зам харилцаа хөгжсөн. Шивээ‑Овоогийн хүрэн нүүрсний уурхайг түшиглэн хөгжлийн хэтийн төлөвөө тодорхойлох боломжтой. Тус аймгийн хөгжлийн гол садаа нь аймгийн Засаг дарга олон жил солигдолгүй аймаг удирдаж, өөрийн ноёрхол хяналтыг бүх салбарт бий болгосон. Үүнээс болж иргэд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй болсон аж. Түүнчлэн ажилгүйдэл их, үйлдвэржилт байхгүй тул иргэд орос цэргийн ангийн хаягдлаар өдөр хоногийг аргацааж байна.

Мөн аймгийн төв бохирын цэвэрлэх байгууламжгүйгээс болж Сүмбэр сумын төвийн хоёр талд өмхий нуур үүссэн нь халдварт өвчин дэгдэх, өвчлөл буурахгүй байх нөхцлийг бүрдүүлдэг гэнэ. Нутгийн иргэд эл асуудлыг шийдвэрлэж өгөхийг “Монгол хүн 2020” ажлын хэсгийнхэнд уламжилж байсан юм.


Орхон. 2011 оны 4 дүгээр сарын 02-03

 “Эрдэнэт” үйлдвэртэй Орхон аймаг ажилгүйдлээрээ тэргүүлжээ

Уулын баяжуулах “Эрдэнэт” гэх “саалийн үнээ”-тэй Орхон аймаг хүн амын ажилгүйдлийн төвшингөөрөө улсдаа тэргүүлээд зогсохгүй аймаг нь бүхэлдээ улс төржсөн гэх хатуу шүүмжлэлийг “Монгол хүн 2020-Орхон” хэлэлцүүлэгийн төлөөлөгчид хэлж байв. Аж үйлдвэрийн хот гэгддэг Орхон аймгийн хувьд ажилгүйдлээрээ тэргүүлдэг гэх статистик боломжгүй мэт харагдах боловч нийт иргэдийн 29 хувь ажилгүй аж. Нийт ажилгүйчүүдийн 49 хувь нь хөдөлмөрийн насны ид ажил хийх 24-35 насны залуучууд, 53,9 хувь эмэгтэйчүүд байна. Эрдэнэт үйлдвэрт бараа шахдаг байсан бол сүүлдээ хүн шахдаг болсон. ГОК-д ажилд орохын тулд авлига өгдөг болсон зэрэг бэрхшээлийг иргэд нь дуулгасан. Монголын хамгийн том хотын нэг ч гэлээ залуус нь ихэвчлэн ажилгүй, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газаргүй нь хамгийн том бэрхшээл аж.

Хэнтий. 2011 оны 4 дүгээр сарын 16-17

Хэнтийд хүний эрх чөлөө хязгаарлагджээ

“Монгол хүн 2020” хэлэлцүүлэг Хэнтийд анхны хур дагуулсаар очсон. Хэлэлцүүлэгт 350 гаруй төлөөлөгч оролцож, өөрсдөдөө тулгамдсан асуудлыг хэлэлцсэн юм. “Хэнтийд эрх мэдэлтэй хүнд л эрх чөлөө байна. Жирийн иргэд үзэл бодлоор, элдэв тушаал, шийдвэрээр дарамтлуулах нь их боллоо, төрийн албанд ажиллаж байгаа хүн өмнө нь аль намд харъяалалтай байснаараа ялгаварлагддаг болсон. Төрийн албаны зарим хүмүүс хамаагүй үг хэлэхээс айдаг” гэх шүүмжлэл нэлээд их байсан юм. Мөн нутгийн удирдлагуудын хувийн ашиг сонирхол ихэсч, аймгийн Засаг дарга нь ЗДТГ-ынхаа хажууд хувийн хаус бариулсан, шүүхийн байгууллагууд нь жирийн иргэдийн талд шийдвэр гаргадаггүй учраас өөр аймгийн шүүхэд ханддаг болсон гэж ярьж байлаа.

Баянхонгор. 2011 оны 4 дүгээр сарын 29-30

Баянхонгорынхон хөгжлийн гарцаа хайж байна

Алттай бол алттай, ноолууртай бол ноолууртай. Аялал жуулчлал, хагас эрчимжсэн МАА, газар тариалан гээд хөгжих боломжтой салбарууд Баянхонгорт бий. Иргэд нь ид юм хийх хүсэлтэй, өөрийн гэсэн эд хөрөнгөтэй болохын төлөө эрмэлзэн бужигнаж байна. Харин хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд нэгдсэн бодлого дутагдаж байгаа нь тэдний хөгжлөөс хойш чангаах болжээ. “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн үеэр иргэд хатуухан шүүмжлэлийг орон нутгийн удирдлагуудад хаяглаж байв. Наад зах нь Баянхонгорын төрийн захиргааны байр хувьчлагдсан нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг аж. Түүнчлэн хар, улаан ямааны ноолуураараа алдартай хэрнээ нэг ч боловсруулах үйлдвэр байхгүй, гар аргаар алт олборлогчдод чиглэсэн бодлого байхгүй. Аймгийн төв өвөлдөө маш их утаатай болсон зэрэг асуудлыг иргэд ярьж байлаа.

Өвөрхангай. 2011 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1

Аялал жуучлалын бүс нутаг алт олборлогчдын гарт сүйдэх нь

Бүтээн байгуулалтын ажил өрнөж, аймгийн төв нь нэлээд хотжуу өнгө төрхтэй болсон Өвөрхангай аймгийнхан “Монгол хүн 2020” хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон. 600 гаруй төлөөлөгч нэг дор цугларсан юм. МАА, аялал жуулчлалын бүс нутаг ч гэлээ сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниудын буруутай үйл ажиллагаанаас үүдэн гол усны голдирол өөрчлөгдөж, нутгийн малчин иргэд хүнд байдалд орсныг энэ үеэр ярьж байлаа. “Эрэл” компани Уянга сумын Өлтийн алтны уурхайд нөхөн сэргээлт хийгээгүй, Орхон, Онги гол улаанаар урссан, малчид ундны усгүй болсон гэх зэрэг асуудал “Аюулгүй орчинтой монгол хүн”, “Эрүүл чийрэг монгол хүн” хэлэлцүүлгийн үеэр илүүтэй хөндөгдөж байсан юм. Эзэн Чингисийн үеэс улбаатай нутгаа нинжа нарын гарт алдахад хүрээд байгаа ч амьдралын эрхээр алт ухаж яваа тэднийг буруутгах аргагүй. Тиймээс байгаль орчны нөхөн сэргээлт хийлгэх, нинжа нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах талаар иргэдээс багагүй санал гарч байна лээ. Түүнчлэн малаа алдсан малчин залуус ажлын байргүй байгаа нь томоохон хүндрэлүүдийн нэг болжээ.


Увс. 2011 оны 5 дугаар сарын 13-14

Авлига, тендерийн асуудал газар авчээ

Улаанбаатар хотоос 1360 км-ийн зайд оршдог Увс нутгийнхан байгаль цаг агаарын эрс ширүүн нөхцөлд амьдардаг. Өөрөө л өөрийнхөө амьдралын эзэн байж чаддаг хүмүүс. Тийм ч болохоор аж амьдрал, аймгийн өнгө төрхөөрөө бусад аймгийг бодвол хөгжлийн үнэр үнэртэж байна. Харин 90 жил нэг намын харъяалалд байсан болохоор төрийн захиргааныхан нь ах дүү, хамаатан садан, найз нөхдийн сүлжээ болж хувирсан гэнэ. Бусад аймагт голчлон намын харьяаллаар иргэдийг ялгаварлан гадуурхах явдал их харагдаж байсан бол Увс аймагт авлигал цэцэглэж, мөнгөтэй хүнд л төрийн үйлчилгээ хүрч байгаа гэдэг асуудал “Монгол хүн 2020” хэлэлцүүлгээр хөндөгдсөн. Тухайлбал аймгийн төрийн албаны салбар зөвлөл, агентлагын дарга нар өөрийнхөө үзэмжээр асуудалд ханддаг, авлига өгөөгүй бол ажилд оруулдаггүй, аймгийн зам, талбай, гэрэлтүүлэг нэлээд сайжирсан боловч энэ ажлыг хийх тендерийг шударгаар авна гэж Увс аймагт байхгүй болсон гэх зэргийг иргэд хөндсөн. Энэ мэтчилэн алслагдмал бүс нутагт амьдардаг Увс нутгийнхан авлига, хүн суртал, дарга нарын албан тушаалаа ашигладаг байдлаас залхаж байгаагаа илэрхийлсэн. Харин хилийн бүс нутагт оршдог, байгалийн нөөц баялаг, иргэдийн идэвх санаачилга өндөртэй энэ аймгийнханд боломжийг нь олговол хурдтай урагшлах, хөгжих нөөц олон байна.

Баян‑Өлгий. 2011 оны 5 дугаар сарын 16-17

Өлгийчүүд эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байна 

Баян‑Өлгий аймгийнхан Казахстан улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэн хөгжлөө тодорхойлох бүрэн боломжтой. Гэвч Баян‑Өлгийд ажилгүйдэл, ядуурал нэмэгдсээр байгаа аж. Тус аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл эзэндээ хүрэхгүй, аймгийн Засаг даргын найз, нөхөд хамаатан саданд очиж байгааг иргэд нь ихэд шүүмжилсэн юм. Аймгийн Засаг дарга С.Хавал төрийн албаны сонгон шалгаруулалтыг завхаралд оруулж, танил тал, хамаатан садан, омгийнхноо төрийн албанд оруулдаг учраас төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт, төрийн албаны салбар зөвлөл байх шаардлагагүй хэмээн иргэд “Эрх чөлөөтэй Монгол хүн” хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.

Баян‑Өлгий аймаг эх, нялхсын эндэгдэлээр улсад хоёрт ордог. Мөн боловсролын чанар үзүүлэлтээрээ найман жил дараалан улсад сүүл мушгисан. Онц ноцтой хүнд гэмт хэргийг залуус үйлддэг болсон гээд анхаарал татсан асуудал олонтой аймаг. Гэхдээ Өлгийчүүд аймгийн Засаг даргын С.Хавалын хэмжээгүй хаанчлалаас болж эрх чөлөө эдэлж чадахгүйд хүрсэн гэдгээ салбар хэлэлцүүлэг бүр дээр илэрхийлж байв.


Ховд. 2011 оны 5 дугаар сарын 19-20

Ажилсаг Ховдынхонд автозам л дутагдаж байна

Дэд бүтэц хөгжүүлчихвэл Ховд аймаг жинхэнэ утгаараа баруун бүсийн тулгуур төв болж хөгжих боломжтой нутаг аж. Манж амбангийн үеэс л ногоо тарьж эхэлсэн үржил шимт хөрстэй. Буянт голын сав газраар тариалан эрхэлдэг. Ховдынхон өнөөдөр Монголдоо хамгийн хямдхан, хамгийн эрүүл төмс, хүнсний ногоог хэрэглэж байгаа. Энд намрын улиралд кг помидор 200 төгрөг хүрэх нь энүүхэнд. Слива, бэсрэг алим гэх зэрэг олон төрлийн жимс жимсгэнэ тариалдаг. Харин эдгээрийг зах зээлийн эргэлтэд бүрэн дүүрэн оруулж чадахгүй байгаа нь зам, дэд бүтэц хөгжиж чадаагүйнх юм. Баруун бүсийн тулгуур төв гэсэн нэртэй хэрнээ хил залгаа аймгуудынхаа аль руу нь ч тавьсан автозамгүй аж. Ер нь Ховдын хөгжилд дэм болохуйц зүйл цөөнгүй ч ашиглагдаагүй нь их. Багш мэргэжилтний илүүдэлтэй, нутгийн удирдлага нь мафийн сүлжээ шиг ажилладаг зэрэг олон асуудал “Монгол хүн 2020-Ховд” хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөж байлаа.

Говь-Алтай. 2011 оны 6 дугаар сарын 04-05

Говь-Алтайд хариуцлагагүй байдал хэрээс хэтэрчээ

Баруун бүсийн хүн амын 15 орчим хувь буюу 56 мянган хүн амьдардаг Говь-Алтай аймагт өрнөсөн “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг Алтайчуудын анхаарлыг татсан хэлэлцүүлэг болсон. Ойрын жилүүдэд төр засгаас тус аймагт анхаарал хандуулж уулзалт хийж, тэр дундаа иргэдийн санаа бодлыг сонсож байгаа аж. Тийм учраас ярих хэлэх асуудал бишгүй олон байгаа нь иргэдийн ярианаас илэрхий харагдсан юм. Сүүлийн найман жилийн дотор 10 гаруй мянган хүн шилжин явсан нь Говь-Алтайд амьдрах орчин хэр байгааг илтгэнэ.

Ер нь алтайчууд хэр баргийн асуудалд ярихаасаа илүүтэй хүний үгийг сайтар сонсож чаддаг тэвчээртэй хүмүүс. Гэлээ ч орон нутагт нь болж буй зүйлс бодлогын хувьд хүндрэлтэй болсныг “Монгол хүн 2020” хэлэлцүүлгээр хөндөж, аймагт нь хариуцлагагүйн зуд нүүрлээд байгаад хатуухан шүүмжилж байлаа. Хатуулаг ихтэй ус хэрэглэдгээс болж өвчлөх нь их болсон, Монгол Улсдаа хамгийн өндөр өртөгтэй дулаан хэрэглэдэг, төсвийн мөнгийг нутгийн удирдлагуудтай нийлж шилжүүлж авчихаад аймгийн төвийн замыг бариагүй зэрэг хариуцлагагүй байдлын улмаас бий болсон зүйл Говь-Алтайд цөөнгүй аж.

Хөвсгөл. 6 дугаар сарын 19-20

Хүүхдийн эмнэлгээ архины үйлдвэр болгосон Хөвсгөл аймаг

Ардчиллын өлгий гэгддэг хэрнээ Хөвсгөл нутагт Төрийн албаны салбар зөвлөл хэдийнээ төрлийн албаны салбар зөвлөл болон хувирчээ. Иргэд нь ардчиллын дуу хоолой болж чаддаг ч аймгийн удирдлагын шударга бус явдал хэрээс хэтэрсэн учраас тэр гэнэ. Засаг дарга Л.Цэрэнжавын хамаатан садан, төрөлх сумынхан төдийгүй түүний хувийн сургуулийг төгссөн хүмүүс л төрийн албанд ордог жишиг тогтсон гэдгийг иргэд хөндөж байлаа. Түүнчлэн шударга бусаар ажлаасаа халагдсан төрийн албан хаагчдын хувьд Төрийн албаны салбар зөвлөлийг татах буулгах саналыг “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн үеэр тавьцгааж байсан юм.

Монголын аялал жуулчлалын гол бүс нутаг хэдий ч Хөвсгөлд бусад аймгаас ялгараад байх давуу тал төдийлөн олон харагдахгүй байгаа нь тулгамдсан асуудал гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажлууд цөөнгүй тавигдаж байгаа ч тендерийн будлиан их, аймгийн удирдлагад танил талтай бол шалгуургүй тендер авдаг гэх зэрэг асуудал хөндөгдөж байв. Мөн Хөвсгөл аймаг эх, нялхасын эндэгдлээрээ улсын дунджаас өндөр байгаа хэрнээ төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг нь архины үйлдвэр, сургууль болж хувирсанд дургүйцэх хүн цөөнгүй байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж