“Соёлын хэлтэс”-ийн Очир

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

“Соёлын хэлтэс”-ийн Очир

Түүнийг Жаалын Очир гэхээсээ “Соёлын хэлтсийн” Очир гэлцэнэ. Арга ч гүй, Дундговь аймгийн Соёлын хэлтсийн даргын албыг хамгийн удаан буюу арван дөрвөн жил хашсан энэ эрхэм  гавьяаны амралтандаа аль эрт гарсан ч соёлоос, соёлын амьдралаас хөндийрсөнгүй. Тэгээд ч аймгийн соёлын байгууллагын 70 жилийн  түүхийн ном бичиж байгаа гэж дуулаад Мандалговийн Равжихын гэр хороолол дахь тэднийхийг зорилоо. Очир гуай зуны байшиндаа ширээ дүүрэн бичиг цаас, элдэв лавлагаа, ном судар  дэлгэчихсэн сууснаа “Энэ бол миний ажлын өрөө, харин гэр бол тэр бариатай, хөгшин гарч ороод л явж байгаа харагдана” гэж хошигнолоо.

-Та чинь ерөөс соёлын  талын мэргэжилтэй бил үү?

-Үгүй ээ, би чинь түүх, газар зүйн багш мэргэжилтэй. Хэдэн жил багшилтал Гэгээрлийн хэлтэст зааварлагчаар татаад авсан. Мэргэжилд ойр болохоор ядах юмгүй хийж байтал аймгийн наэмын хороо дуудууд тэс өөр мэргэжлийн намайг аймгийн Соёлын хэлтсийн дарга гэдэг албанд санал онол ч асуулгүй томилчихсон. Тэгээд л соёлтой хувь заяагаа холбох нь тэр.

-Уул нь багшаа хийсэн бол гэж бодогдох уу?

-Мэргэжлийн ажлаа бодолгүй л яахав. Нэг удаа л аравдугаар анги дааж төгсгөсөн. Шавь нараас маань  Намжилын Өлзий, Зэгвийн Цэвээнравдан… гээд  гавьяат багш хоёр ч төрсөн. Үүгээрээ бахархнаа. Гэхдээ олон жил хийгээгүй болохоор багшийн  мэргэжлээс төсөөрч соёл л гэж бодогдоно шүү дээ. Ямар сайндаа Соёлын байгууллагын түүх гэж энэ их цаас нухаж суухав. Үндсэндээ гараас гарчихлаа. Гурав дахиж бичлээ, Бичих болгонд шинэ санаа, шинэ баримт гарч ирэх юмаа.

Соёлын ажил гэдэг маш эмзэг, альгүй, санамсаргүй буруу зөрүү зүйл гарахад л улс төрийн алдаа, үзэл сурталд таарахгүй гээд дэгээдэж мэдэх эмзэг хатуу үед Очир энэ  албыг он удаан жил хашсан байна. Урчуудын салбарын эрхлэгч, зураач Содномдаржаа гэхэд нас барсан хүний хөшөөн дээр маанын зургаан үсэг сийлсэн хэргээр намын хороогоор орж ажлаасаа хусагдахад нь Очир гуай хичнээн хөөцөлдөж байж Усжуулахын нэг хээрийн бригадад ажилд оруулж байж.     
Өө тэгээд  ялих шалихгүй асуудлаар тэр чинь тэгээд байна, энэ чинь ингээд байна гэсэн хэл ам ч гарна. Урлагийн сайн сайн авьяастай зарим хүн төвийн урлагийн газраас үзэл суртлын ч юмуу ёс суртахууны алдаанаас болж хөдөөд томилогдож ирэх ч цөөнгүй. Тэдний ая эвийг олж харьцах, соёлын байгууллагын нэр хүндийг зохих түвшинд авч явах  гээд ажил мунддаггүй байсныг Очир гуай өнөө дурсаж байна. Түүнийг энэ салбарт ажиллаж байхад олон авьяаслаг хүмүүс алдар гавьяанд хүрч, олон залуу мэргэжлийн чиглэлээр гадаад дотоодод сургуульд мордож байжээ. Одоо соёлын байгууллагын түүхэнд алдар цолтой хүмүүсээ зураг, намтартай нь оруулах гэхээр   хүч хүрэхээргүй олон, тэр бүр олдохооргүй болж гэнэ.

Очир гуайн гэргий Цэрэндэжидийн Хандсүрэн аймаг орон нутагтаа нэртэй эмч. Аймгийн эмнэлэгт насаараа ажиллаад гавьяаны амралтдаа гарсан. Эдний хүүхдүүд  бүгд л мэргэжил боловсрол эзэмшээд улс орондоо нэр төртэй хөдөломөрлөж яваа, Одоо Очир гуай, Хандсүрэн гуай хоёр 15 ач зээ, гуч  тойруулж жаргалаа эдэлж сууна.

Тэтгэвэрт гарсны дараа зах зээлд зохицон  амины хэдэн мал маллаж үзсэн, бас  ахмадуудын шаардлагаар тэдний “Ахмад” гэсэн хоршоог даргалж хэдэн жил ажилласан. Очир гуайн энэ номонд анхны сүүдэр ший гарахад хүмүүс зурагнаас нь айгаад зугтаж байсан, толгой дээгүүрээ битүү хар даавуу нөмөрч байж гэрэл зураг авахуулдаг байсан, алдарт Намжилын Норовбанзад жаахан охин хөдөөнөөс дагалдан жүжигчнээр ирчихээд жүжигт тоглох гэж найруулагчдаа өдөржин загнуулж байсан сонин баримтууд олон гэнэ. Очир гуай хүнийг цаашлуулж хошигнох, хоржоонтой үгээр түншихдээ гаргуун, наргиа үг хэллэг санаанд нь түвэггүй орж ирдэг нь ажиглагдана. Насаараа алба ажилд зүтгэчихсэн болохоор ер нь зүгээр суух дургүй гэнэ. “Соёлын хэлтсийн” гэж овоглогдсон Жаалын Очир ийнхүү нас 75  зооглосон ч Аймгийнхаа далан жилийн ойд “Соёлын байгууллагын түүх” ийн сонирхолтой номоор бэлэг барьж байна.

С.Пүрэвсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж