400 саяын азтан тодорсон уу? | News.MN

400 саяын азтан тодорсон уу?

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

400 саяын азтан тодорсон уу?

НӨАТ-ын урамшууллын системийн  супер азтан тодорлоо гэсэн мэдээлэл зарим сайтуудад гараад байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр тус сугалааны 400 сая төгрөгийн супер азтаныг шалгаруулсан боловч тухайн азтан НӨАТ-ын баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлээгүй байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл НӨАТУС-ийн анхны супер шагнал 400 сая төгрөгийн эзнээр Улаанбаатар хотын иргэн Н.Цээпил тодорсон гэсэн мэдээлэл цацагдав. Уг мэдээнд дурдсанаар Н.Цээпил бага насны гурван охиноо хараад гэртээ суудаг бөгөөд НӨАТ-ын баримтуудаа хурааж байгаад  бүртгүүлдэг ажээ. Тиймээс дөрөвдүгээр сарын 24-ний өдөр ebarimt.mn сайтад баримтуудаа бүртгүүлж байхад нэг баримт нь ер бүртгэгдэхгүй байсан гэнэ. Тэрхүү баримтан дээрх сугалааны дугаар супер шагналын дугаартай адилхан байсанд  ахин дахин хараад сандрахдаа баримтаа голоор нь урчихсан гэж ярьжээ. Одоогоор азтан гэх эмэгтэй ГТЕГ-т өргөдөл,  баримт хоёроо өгчихөөд байгаа гэнэ.


Бид НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгаас супер азтаны талаар тодрууллаа.

-Одоогоор супер азтаны талаар мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь азтаны баримт болоод өргөдөл манай төслийн нэгжид хараахан ирээгүй байна. ГТЕГ-аас нягтлаад манайд хандах байх. Баримтыг нарийвчлан шалгасны дараа хариу өгөх боломжтой.

-Азтан тодорсон гэж хэлэх эрт байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Азтаны баримт албажаагүй байгаа гэлээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж