Б.Обама Лондонд юу амжуулав?

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

Б.Обама Лондонд юу амжуулав?

АНУ-ын Ерөнхийлөгч Их Британид гурав хоногийн айлчлал хийхээр өнгөрсөн Баасан гаригийн шөнө Лондонд буулаа. Түүний айлчлалын гол зорилгыг Английн Хатан Хааны 90 насны төрсөн өдөрт баяр хүргэх зорилготой гэх боловч бодит байдал дээрээ ирэх зургаадугаар сарын 23-ны өдөр болох Их Британийг Европын Холбоонд үлдэх эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулгад нөлөөлж, өөрийн гэсэн үзэл бодлоо Британичуудад дуулган лоббидох гэж ирсэн нь энэхүү айлчлал эхлэхээс ч өмнө ойлгомжтой болсон юм. Маргааш өглөөний Daily Telegraph сонинд нийтлэгдсэн түүний нэг багана ярилцлагад: “Та бүхний дотны анд нөхрийн хувьд, Европын Холбоо Британийг илүү агуу гүрэн болгосон гэдгийг хэлэхийг зөвшөөрнө үү” гэсэн гарчгийг уншихад тэр баганы хэрэг ч гарсангүй дээ.

Үдийн цайгаараа гэргий болон Их Британийн Ерөнхий Сайд Дэвид Камеронтой хамтдаа Британийн цэргийн алба хаагч нарт  зориулж ил гал дээр мах шарж, хоёр улсын нөхөрсөг харилцааг сурталчлахаа ч тэрээр мартсангүй. Харин үүнийхээ дараа  мөнөөх л  лоббигоо үргэлжлүүлэхээр хэвлэлийн бага хурлыг Даунинг Стрийтэд хийжээ.

Зочны ёсоор Ерөнхийлөгч Б.Обама Английн Хатан Хаан Элизабет болон Ханхүү Уилльям Гүнгийн авхай Кэйт Миддлетон нартай уулзаж, бяцхан ханхүү Жоржтой цагийг хамт өнгөрөөсөн бол Бямба гаригийн орой Харри Поттер цувралын зохиолч Ж.К.Роулингтэй зоог барьжээ. Мөн Британий залуу манлайлагчдын төлөөлөл болсон  залууст халуун алга ташилтаар дүүрэн илтгэл тавьжээ. Харамсалтай нь бүх Британичууд түүнд алга ташилт бэлэглэсэнгүй.

Учир нь Британийн нийт хүн амын бараг тал хувийг ЕХ-ноос гарахыг дэмжиж буй иргэд эзэлж байна. Гэтэл яг энэ үед Б.Обамагийн Лондон хотноо хийж буй үйлдлүүд нь тэднийг бараг л галзууруулж, үүнийх нь хариуд Б.Обамагийн ёс зүйгүй дипломат харилцааг хүчтэйгээр буруушаажээ. Үүнийг нь ч буруутгах аргагүй. Европын Холбооны гишүүн бус орны удирдагч ирээд Их Британий хувь заяанд нөлөөлөхүйц мэдэгдлийг лоббидож яваагаас үзэхэд хэн хэний хэрэгт хэр их оролцоод байгааг шүүмжилмээр ч юм шиг.

Америкийн Ерөнхийлөгч бол Британид нэр хүндтэй нэгэн. Сайн анзаарвал Б.Обамагийн хэлж буй үгсээс нь жин багатай хөнгөхөн мэт боловч Их Британийн иргэдийн өөдрөг үзлийг нь сэргээж түүн дээр нь тоглох гэсэн зорилго агуулагдаж буйг төвөггүй анзаарч болно. Жишээ нь: “Та бүхэн Британийн үнэ цэнийг илүү өндөрт гаргахад тусалсан Европын Холбоогоор үргэлж бахархаж явах хэрэгтэй. Тэдний ачаар та бүхний дэлхийд үзүүлэх нөлөө зүгээр ч нэг урсгалаараа яваагүй, харин ч бүр илүү тод томруунаар өргөжсөн юм. Хэрэв миний сайн найзуудын нэг нь өөрийн эргэн тойрондоо томоохон нөлөө үзүүлэгч хүчтэй тоглогчдын нэг нь байсан бол би тэр найзаа өөрийн байсан газар нь хэвээр үлдээх байсан. Байя гэхэд ядаж л хэрэггүй гэдгийг нь зөвлөж ойлгуулахыг оролдох байсан. Учир нь та бүхнийг хүчтэй тоглогч болгосон цаад хүчин зүйл нь ЕХ юм шүү дээ. Тэгээд ч Их Британи Европын холбоонд байхдаа илүү хүчирхэг байх болно. Хэрэв үнэхээр хүсч байгаа бол та бүхэн холбоондоо үлдсэн чигээр холбоогоо удирдан дагуулах чадамжтай улс” гэжээ.

Энэ талаас нь бодоод үзвэл ЕХ-д Их Британиас өөр өндөр чадамжтай ямар улс байгааг бодоод үзэхэд ийм байна. Франц: хүчирхэг цэргийн хүчтэй боловч эдийн засгийн хувьд хэцүүхэн байгаа улс. Герман-үйлдвэрлэлийн хүчин сайтай боловч  батлан хамгаалах тал дээрээ сул гэх мэт дурдаж болно. Энэ мэтээр тоочоод байвал Лондонтой харьцуулахад эдгээр улсуулын аль нь ч эдийн засгийн тогтвортой томоохон төвтэй биш. Тиймээс Их Британид Европыг тэргүүлэх хамгийн өндөр бололцоо бий мэт найдлага төрнө.

Харин Ерөнхийлөгчийн яриаг нөгөө талаас нь тайлбарлавал барууны эвслийг задалж, Брекситийг сонговол түүний үр дүнд ажилгүйдэл, эдийн засгийн хүндрэл гэх мэт ямар ямар сөрөг үр дүн тэднийг угтаж болзошгүй талаарх сэрэмжлүүлгүүдийг анхааруулсан мэт харагдана. Гэхдээ энэ нь ч оргүй зүйл биш. Их Британи Европын Холбоог орхисноор үүсч болох эдийн засгийн урьдчилсан тооцооллууд дэлхий даяар аль хэдийнээ цацагдсаны дээр тэдгээр таамгаар бол Британий нэг өрхөд ноогдох зардлын хэмжээ хэд хэдэн мянган фунтээр нэмэгдэнэ гэсэн байгаа юм.

Урьдчилсан таамгаар 2030 он гэхэд Их Британи ЕХ дахь хамгийн том эдийн засагтай гишүүн улс болно гэсэн тооцоо бий. Юутай ч нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн хувиар Брекситтэй холбоотой асуудлаар өөрийн орны индэр дээрээс хувийн байр сууриа илэрийлэх боломж түүнд байсан. Гэвч тэрээр өөрийн дуу хоолойг орчинд нь очин сонсгохын төлөө гурван өдрийг зориуллаа. Ийм хариуцлагатай үйлдэл хийхэд хүргэсэн шалтгаан ердөө л Америк болон ЕХ хоорондын худалдааны хэлэлцээрүүд Британийг салан тусгаарласнаас болж нуран унах аюултайн улмаас байв уу үгүй юу гэдгийг цаг хугацаа бидэнд харуулах биз ээ.

Энд нэг зүйлийг хэлэхэд Британичууд бол яг ч цэвэр европ хүмүүс биш учраас Европчуудын болон Европын Холбооны эв нэгдлийн төлөө  үүрэг хариуцлагаас үүрэлцэх ёстой хүмүүс биш. Тийм учраас тэдэнд ЕХ-д үлдэхийн төлөө зүтгээд байх “чин зүрхний” шаардлага байхгүй хэмээн тайлбарлах хүмүүс ч Британичуудын дунд олон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж