Өгье гэвэл ганцаасаа…

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

Өгье гэвэл ганцаасаа…

-Хандив өгөх үедээ юу боддог вэ?

-Хүний харцнаас аз жаргалыг хардаг.

“Майкрософт” компанийг үндэслэгч, тэрбумтан Билл Гейтс  ээлжит хандивынхаа үеэр нэгэн сэтгүүлчид ийн хариулсан байдаг.   Монголчууд "Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо" гэж ярьдаг.

Улсдаа ганцхан Халдварт өвчин судлалын үндэсний төв нь улаанбурхан өвчний ачаалалд нэрвэгдээд удаж байгаа юм. Тус өвчинтэй тэмцэхээр гадаад, дотоодод амьдарч байгаа монголчууд өөр, өөрийнхөө боломжоороо тус дэм болохыг хичээж байна.

Хэрэв та Халдварт өвчин судлалын үндэсний төвийн www.nccd.gov.mn гэх албан ёснй вэб сайтаас хэн, хаанаас ямар тусламж дэмжлэг үзүүлснийг харж болно.

Устсан гэх улаанбурхан өвчний аюул нүүрлэж, улс даяараа “түргэн” авчихаад байгаа билээ.  Уг өвчнөөр  нийтдээ 39734 хүүхэд өвчилснөөс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 64 хүүхэд амиа алдсан мэдээлэл бий.  Бага насны хүүхдэд аюулын харанга дэлдсэн улаанбурхантай тэмцэхээр монголчууд эрвийх дэрвийх, чадах ядахаараа зүтгэж байна. Засгийн газраас улаанбурхан өвчинтэй тэмцэхээр 967 сая төгрөгийг гаргахаар болсон.  Харин иргэд, аж ахуй нэгжүүд боломжийнхоо хэрээр гараа сунгаж байна.

“Өгье гэвэл ганцаасаа” гэгчээр идэх хоолноосоо илүүчлэн, улаанбурхан өвчинтэй тэмцэхээр иргэд ихээхэн идэвхтэй оролцож байна. Харин манай эм ханган нийлүүлэлтийн компаниуд сураг байдаггүй. Улсдаа номер нэг гэгддэг эмийн үйлдвэр болох “Монос”-ыг энэ үйл ажиллагаанд тэргүүлэн оролцох болов уу гэсэн хүлээлт нийгэмд байлаа.

Учир нь УИХ-ын гишүүний туслахын хүүхдийн эрхийг хөндөж суусан эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг хувь эзэмшдэг компаниараа дамжуулан улаанбурханаар өвчилсөн хүүхдэд өглөг өгөх болов уу гэсэн горьдлого ч эцэг, эхчүүдэд байсан байх.

Улсын хэмжээнд 148 эм ханган нийлүүлэх байгууллага, 1224 эмийн сан, 32 эмийн үйлдвэр ажиллаж байгаагаас хэд нь улаанбурхан өвчинтэй тэмцэх олон нийтийн тэмцэлд нэгдсэн бэ.  Өөрөөр хэлбэл, энэ олон компаниудын хэд нь  улс орны эрүүл мэндийн салбар хүнд сорилттой тулгарч, улсаараа самгардаж байгаа энэ хүн цаг үед нийгмийн ухамсараа ойлгож мэдэрсэн бэ?

Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ хүнд үед ихэнх компаниудын санхүүжилт хүндрэлтэй байгаа нь үнэн. Гэвч хэрэв “өгье” гэж бодсон бол ядаж л импортоор оруулж ирдэг эм, тариагаа хөнгөвчлөөд өгч болно шүү дээ. Үнэ төлбөргүй өглөг буян үйлдэхээ больё. Харин өнөөдөр үнэтэй зарагдаж байгаа эм тарианыхаа тарифын хөнгөвчлөөг өгөх бодол“Монос”, “Ази фарм”, “Монгол эм импекс”, “Палома” гээд манай эм ханган нийлүүлэлтийн компаниудад төрөөгүй нь харамсалтай. Ганцхан эм ханган нийлүүлэлтийн компаниуд гэлтгүй  “Оюутолгой”,” Энержи ресурс”, “Талх чихэр”, “Эрдэнэт” гээд Монголын том компаниуд ч эрүүл мэндийн салбараа хааяахан ч  болтугай “эргэж тойрч” байвал зүгээрсэн

Өглөг, буян үйлдэнэ гэдэг өөрсдийнх нь нэр хүнд, бизнесийнх нь үйл ажиллагаанд хэрэгтэй юм даа.

Бусдаас авах тухайгаа бодолгүйгээр өгөх сэтгэлтэй байх нь сайн санааны үйл хэрэг гэдэг.  Авах тухай бодолгүйгээр өгөх сэтгэлтэй байх нь хүн төрөлхтний хамгийн өндөр, эрхэм дээд ёс суртахуун гэвэл манай компаниудад ийм эрхэм дээд ёс суртахуун байна уу?

Хариу нэхээгүй буянлаг тус хамгаас илүү үнэтэй гэдэг. Ганцхан эмийн салбарынхан гэлтгүй Монголын компаниуд минь хааяадаа иргэддээ хариу нэхээгүй тус хүргэчихэж бай л даа.

 Т.ИРМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж