Н.К.Рерихийн бүтээлийг дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2016.04.27-нд нийтлэгдсэн

 Н.К.Рерихийн бүтээлийг дэлгэлээ

“Халх монголчууд”, “Цагаан сараар”, “Цамын бүжиг” гэх 90 жилийн өмнөх монголын ард түмний ахуй амьдрал, уламжлалт соёлыг харуулсан “Санкт-Петербургийн зүрхнээс Азийн зүрхэнд” нэртэй үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Судлаач, зураач Н.К.Рерих нь 90 жилийн өмнө найман сарын хугацаатайгаар монгол оронд судалгаа хийсэн байна. Үзэсгэлэнд түүний 1930 онд Нью-Йорк хотод хэвлүүлсэн “Азийн зүрх”, Ю.Н.Рерихийн Парис хотноо 1925 онд хэвлүүлсэн “Төвдийн уран зураг”, 1933 онд хэвлүүлсэн “Төв Азийн жимээр” номноос гадна Улаанбаатар хотод 1926, 1927 онуудад дараалан хэвлүүлсэн “Буддын ёсны үндэс”, “Сангха буюу Община” зэрэг ховор ном товхимлыг сонирхуулсан байв.

Тухайн үеийн монголчуудын дээл хувцас, сүм хийд, орон гэрийг зурагт буулгасан нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байлаа. Үүний зэрэгцээ Н.К.Рерихийн удирдсан Төв Азийн шинжилгээний ангийн Монгол төдийгүй Энэтхэг, Төвд, Хятад зэрэг орны нутгаар аялахдаа авсан 60 гаруй гэрэл зургаар үзэсгэлэнг чимжээ. Мөн үзэсгэлэнд Санкт-Петербург дахь Рерихийн гэр бүлийн музей-хүрээлэнд хадгалагддаг Н.К.Рерихийн гэр бүлийн зураг, гэргий Елена Рерих, хүү Николай Рерих зэрэг хувь хүмүүсийн гэрэл зураг, хувийн эд зүйлсийг танилцууллаа.

Үзэсгэлэнг Санкт-Петербург хотын соёлын өдрүүдийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Оросын Монгол судлаач эрдэмтэн A.M.Позднеевын “Нүүдэлчин монголчуудын ном: цаг хугацаа, орон зай дахь аялал” хэмээх үзэсгэлэнг тус үзэсгэлэнтэй хамт толилуулж байгаа юм. Үзэсгэлэн энэ сарын 29-ний өдрийг хүртэл Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болно.

    А.Цээсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж