Н.Лхамсүрэн: ОХУ-ын бөхчүүд томоохон өрсөлдөөнийг гаргаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.27-нд нийтлэгдсэн

Н.Лхамсүрэн: ОХУ-ын бөхчүүд томоохон өрсөлдөөнийг гаргаж эхэллээ

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос анх удаа мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Буянт Ухаа” спортын ордонд зохион байгууллаа. Энэ удаагийн анхдугаар тэмцээнд нийт 142 ахмад бөхчүүд өрсөлдсөний дотор Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин тус бүр гурав, ОУХМ 46 цолтон багтсан юм. Мөн улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр нарын үндэсний бөхчүүд барилдлаа. 

Тэмцээний 49-56 насны ангиллын 76 кг-ын жинд Канад улсын Ванкувер хотод оршин суудаг, тус улсын үндэсний багийн дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Н.Лхамсүрэн барилдаж, мөнгөн медаль хүртсэн юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Чөлөөт бөхийн мастеруудын анхдугаар тэмцээний талаар сэтгэгдлээ хэлэхгүй юу?

-Олон жилийн дараа дэвжээнд гарах сайхан байлаа. Миний бие сүүлийн жилүүдэд Канад улсад ажиллаж, амьдраад олон жил болж байна. Тиймээс нутагтаа ирж, ийм сайхан тэмцээнд оролцлоо. Чөлөөт бөхийн мастеруудын холбоо байгуулагдсан гэдгийг сонсож байсан. Мөн Монголд болох олимпийн эрхийн тэмцээний дараа мастеруудын УАШТ-ийг анх удаа зохион байгуулахаар болсныг дуулаад бэлтгэлтэй байлаа. Ихэнх ахмад бөхчүүдийн хувьд байнгын бэлтгэлгүй байгаа нь үнэн. Миний хувьд тамирчдын бэлтгэл сургуулилалт гээд чөлөөт бөхийн дэвжээнээсээ холдоогүй байгаа. Жиндээ мөнгөн медаль авлаа. Үеийнхэнтэйгээ нэгэн дэвжээнд гарсандаа баяртай байна. Мөн энэхүү тэмцээн анх удаа болсон нь ихээхэн онцлогтой байлаа. Тэр дундаа олимпийн эрх олгогдсон нэр хүндтэй тэмцээнд Монголд болж, тэр дэвжээн дээр бид өрсөлдсөн нь сайхан хэрэг болсон. Ахмад бөхчүүд бидний хувьд мартагдашгүй үйл явдал боллоо.

Олон жилийн дараа дэвжээнд гарах сайхан байлаа. Миний бие сүүлийн жилүүдэд Канад улсад ажиллаж, амьдраад олон жил болж байна. Тиймээс нутагтаа ирж, ийм сайхан тэмцээнд оролцлоо.

-Манай улсад анх удаа олимпийн эрхийн тэмцээн боллоо. Таны хувьд Канад улсаас өөрийн шавь нартайгаа ирж оролцсон. Одоо та бүхний хувьд сүүлийн ганц боломж үлдлээ? 

-Олимпийн эрхийн тэмцээн маш өрсөлдөөнтэй боллоо. Яагаад гэхээр энэ тэмцээн РИО-г зорих эрхийн сүүлийн боломжийн эхнийх нь байсан. Тиймээс орон бүрээс гол нөөц тамирчид ирсэн. Мэдээж 600 гаруй тамирчдаас 48 нь эрхээ авна гэдэг хүндхэн байлаа. Мөн ОХУ-ын бөхчүүд тараад бусад орны нэр дээрээс барилдаж байна. Өрсөлдөөн хүнд байхаас аргагүй болсон. Энэ удаа Канадаас эрэгтэй таван тамирчин эрхийн төлөө өрсөлдсөн ч хараахан авч чадсангүй. Миний унаган шавь нар чөлөөтийн эрэгтэй 57, 65, 97 кг-ын жинд барилддаг. Тэд надтай тэмцээний дараа Монголд үлдсэн. Канадын чөлөөтийн эмэгтэй баг бүгд эрхээ авсан бол эрэгтэйгээс ганц 125 кг-д РИО-г зорих эрхтэй байгаа. Олимпийн эрхийн тэмцээн Монголд болсон нь маш чухал байлаа. Магадгүй энэ нь цаашид бид тив, дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах боломжтой юм байна гэдгийг харуулж чадлаа.

Олимпийн эрхийн тэмцээн Монголд болсон нь маш чухал байлаа. Магадгүй энэ нь цаашид бид тив, дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах боломжтой юм байна гэдгийг харуулж чадлаа.

-Чөлөөтийн тамирчдын хувьд одоо ганцхан боломж үлдсэн. Таны хувьд шавь нартаа ихээхэн найдлага тавьж байгаа. Туркийн тэмцээн улам л өрсөлдөөнтэй болох нээ?

-Тиймээ, Монголд болсон тэмцээнээс эрхээ авч чадаагүй орнуудад дахин нэг боломж бий. Тэр бол Туркийн Станбулд болох сүүлийн эрхийн тэмцээн. Тэнд бүгд боломжоо ашиглаж, РИО-гийн эрхийн төлөө өрсөлдөнө. Миний хувьд ч гэсэн гурван шавьдаа ихээхэн найдлага тавьж байна. Тиймээс Монголд хамтарсан бэлтэл хийх гээд үлдсэн байгаа. Эдгээр өдрүүдэд Үндэсний шигшээ баг болон “Алдар”, “Хасумегаватт”, “Женко” клуб дээр хамтарсан бэлтгэл хийгээд Туркийг зорино доо.

600 гаруй тамирчдаас 48 нь эрхээ авна гэдэг хүндхэн байлаа. Мөн ОХУ-ын бөхчүүд тараад бусад орны нэр дээрээс барилдаж байна. Өрсөлдөөн хүнд байхаас аргагүй болсон.

 

Чөлөөт бөхийн мастеруудын холбооноос мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Монгол Улсад анх удаа болсон

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж