УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг дотроо “зодоонтой” хэзээ мөдгүй эвслийн бүлэг нь задарч мэдэшгүй болжээ. Саарал ордонд нисэх бор шувуугаар МАХН-ын гишүүд нь Н.Энхбаяр даргынхаа эргэж буцсан туйлбаргүй чанарыг нь тэсэж дийлэхээ больж буй аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийг Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтээр чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсныг эсэргүүцэж, бүлгээсээ гарна шүү гэх анхааруулгыг өгч амжжээ. Тэрээр “Ард түмэн 100 хувь Үндсэн хуулийн зарчмаар сонгогдох тогтолцоог хүсэж байхад түүнийг эсэргүүцэж, мөн сонгуулийн бэлтгэл хангах хугацаа өдөр хоног, цагаар хэмжигдэж байхад завсарлага авсан нь зарчимгүй үйлдэл” гэж үзсэн аж. Хэрвээ завсарлагаар шантааж хийгээд байвал бүлгээсээ гарна шүү гэх анхааруулгыг өгөөд амжжээ.
Хуулиараа УИХ дахь нам, эвслийн бүлэг нь найман гишүүнээс бүрддэг. 2012 оны УИХ-ын сонгуульд Шударга ёс эвслийн бүлэг нь сонгогчийн итгэл хүлээснээр 11 гишүүнтэй болж, УИХ-д бүлэг байгуулж байв. Гэвч УИХ-ын гишүүн Д.Батцогт анхны нам болох Ардчилсан намдаа эргэн ирснээр тус бүлэг 10-уулаа болсон. Намрын чуулган завсарласан үеэр УИХ-ын дэд дарга Л.Цог, Г.Уянга нар Шударга ёс эвслийн бүлгээс гарснаар 8 гишүүн үлдсэн. Хэрвээ Д.Тэрбишдагва гишүүн бүлгээсээ гарвал Шударга ёс эвслийн бүлэг чадамжгүй болж, УИХ-ын төвшинд бүлгээр ажиллах боломжгүй болох юм.
Өнгөрсөн хугацаанд олон нийтийн дунд УИХ-ын гишүүн О.Баасанхүү бүлгээ задалж магадгүй гэх таамгыг дэвшүүлж байсан ч энэ удаад Д.Тэрбишдагва гишүүнээр байр сэлгэгдэж мэдэшгүй байна.
Онцлоход, УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхлэхэд УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ тав хоногийн завсарлага хүсэж, УИХ-ын даргын зүгээс өнөөдөрт багтаан завсарлагаа дуусгахыг хүссэн. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Намууд нэр дэвшигчээ тодруулахаас эхлээд цаг хугацаагаар хавчигдсан олон асуудал ард хүлээгдэж байгаа тул завсарлагад болгоомжтой хандах ёстой” гэдгийг ч сануулсан юм.
Сонгуулийн тогтолцоо тойрсон маргаан эцэстээ УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийг бүлэггүй ч болгож мэдэх нь ээ.
Г.ДАРЬ