Их Британийн хамгийн баян хүмүүсээр хөрөнгийн хэмжээ нь 13,1 тэрбум фунт стерлинг ($18,8 тэрбум) гэж тоологдсон Дэвид ба Саймон нэртэй ах дүү Рубинууд нэрлэгдсэн тухай “The Sunday Times” мэдээлэв. Уг сонин жил тутмын уламжлалт чансааны жагсаалтаа ням гаригт нийтэлсэн байна.
Ах дүү хоёр энэтхэг гаралтай бөгөөд өнгөрсөн зууны тавиад оноос Их Британид суурьшжээ. Сонины өгүүлснээр, тэд ерээд оноос Оростой хийсэн “хөнгөн цагааны дайн”-д оролцон бизнесийн ертөнцөд нэр алдраа гаргаж ирсэн байна. Ах дүү хоёрын бизнесийн үндсэн чиглэл нь хувийн хөрөнгө оруулалт, хувь нийлүүлсэн шинэ бизнест оролцох зэрэг ажээ. Темза мөрний эрэг дэх Millbank Tower гэдэг өндөр байшин, Слоун стрит гудамжны нэрийн барааны дэлгүүрүүд, Лондон-Оксфорд нисэх буудал, Travelodge гэх буудлын сүлжээ, Метро банк зэргийн орлого ихтэй олон газруудыг бүтнээр нь эсвэл хэсгийг нь тэд эзэмшдэг гэнэ.
Дахиад л энэтхэг ах дүүс
Жагсаалтын хоёрт мөн л энэтхэгчүүд бичигджээ. 13 тэрбум фунтын ($18,7 тэрбум ам.доллар) эзэд бас ах дүү хоёр Шри, Гопи Индуйя гэдэг хоёр энэтхэг гаралтан үл хөдлөх хөрөнгө, банк, рестораны бизнес, өргөн хэрэглээний барааны худалдаа эрхэлдэг ажээ.
Харин гуравдугаарт нь Зөвлөлтөд төрсөн Америкийн бизнесмен Леонард Блаватник орлоо. Тэр өнгөрсөн жилийн жагсаалтыг тэргүүлж байсан юм. Түүний Access Industries компани нь байгалийн баялаг, үл хөдлөх хөрөнгө, хэвлэл мэдээлэл, хөгжмийн үйлдвэрлэлийн салбарын хөрөнгийг эзэмшдэг. Гуравдагч лидерийн хөрөнгийн хэмжээг 11,6 тэрбум фунт ($16,68 тэрбум) гэж сонин үнэлжээ.
Усманов, Абрамович хоёрын хөрөнгө
Их Британид амьдардаг орос тэрбумтнууд нь уул, уурхайн салбартаа лидерүүд юм. "Металлоинвест" гэх холдинг, Лондоны “Арсенал” хөлбөмбөгийн багийн хувьцаа эзэмшигч Алишер Усмановын хөрөнгийн хэмжээ нь 7,58 тэрбум фунт ($10,9 тэрбум) байгаа бөгөөд тэрээр жагсаалтын 10-т бичигдлээ. “Челси” хөлбөмбөгийн клубын эзэн Роман Абрамович 6,4 тэрбум фунттайгаар ($9,2 тэрбум) 13 дугаарт жагсчээ. Өнгөрсөн онд Усмановын хөрөнгө 2,22 тэрбум фунтаар ($3,16 тэрбум), Абрамовичийнх 890 сая фунтаар ($1 тэрбум 280 сая) тус тус багасчээ.
Томоохон наймаа ба хохирол
Хөрөнгө нь хамгийн ихээр 3,4 тэрбум фунтаар ($4,9 тэрбум) өссөн хүн нь ах дүү Рубенууд байна. Хамгийн их хохирлыг нефть, хийн наймаа эрхэлдэг франц гэр бүл Перродо амсчээ. Тэднийх 2,45 тэрбум фунтаар ($3,52 тэрбум) хохирчээ.
Сүүлийн найман жилийн байдлаар төмөрлөгийн аж үйлдвэрийн магнат Энэтхэгийн Лакшми Миттал хамгийн өндөр хохиролтой гарчээ. Түүний хөрөнгө 2008 онд 27,7 тэрбум фунт ($39,8 тэрбум) болон оргилдоо хүрсэн ч одоо зөвхөн 7,12 тэрбум фунттай ($10,2 тэрбум) болж, жагсаалтын 11-д оржээ.
Тамирчин, хөгжимчдийн лидерүүд
Хамгийн баян тамирчнаар тодорсон "Формула-1" уралдааны нисгэгч Льюис Хэмилтон 106 сая фунттай ($152 сая) байгаа бол хөгжимчдөөс экс-битл Пол Маккартни 760 сая фунттай ($1 тэрбум 93 сая) байна. Дуучин бүсгүй Адель энэ жил шууд 35 сая фунтаар ($50 млн) хөрөнгөө нэмэн 85 саятай ($122 сая) болоод Британийн хөгжмийн түүхэнд хамгийн баян эмэгтэй боллоо.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР