Жүжигчин Э.Мөнхтөрийн зургаа дахь хүсэл

Хуучирсан мэдээ: 2016.04.27-нд нийтлэгдсэн

Жүжигчин Э.Мөнхтөрийн зургаа дахь хүсэл

“Сайн уу амьдрал минь”, “Хайрын рекорд”, “Аюултай харилцаа”, “Эр хүн болгож өгөөч” зэрэг дэлгэцийн цөөнгүй уран бүтээлд тоглосон залуу уран бүтээлч “Акапелла”хамтлагийн дуучин, Э.Мөнхтөртэй удахгүй нээлтээ хийх уран сайхны киноны талаар ярилцлаа.

-“6 дахь хүсэл” нэртэй шинэ кинонд тогложээ. Энэ удаа ямар дүр бүтээсэн бэ?

-Шинэ киноны зураг авалтыг өнгөрсөн зун хийсэн. Уран бүтээл маань ирэх сарын 6-нд нээлтээ хийх гэж байна. Киноны гол дүрийн бүсгүйн анхны хайр болох Гангар хэмээх залуугийн дүрд тоглосон. Багын зургаан найзын нөхөрлөлийн үнэ цэнэ, хайр дурлалын тухай өгүүлдэг. Тус тусын амьдралаа хөөж, өөр ажил мэргэжил, өөр үзэл бодолтой болсон найзууд олон жилийн дараа эргэн уулзана. Амьдрал нь хоногоор хэмжигдэх болсон нэг найзынхаа хүсэлтээр тэд хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлцгээж буй тухай харуулах юм.

-Киноны багаар нэг ангийнхан ажилласан гэсэн үү?

-Тийм ээ. СУИС-ийн хөгжимт драмын ангийг 2005 онд төгссөн нэг ангийн уран бүтээлчид хамтарч ажилласан. Манай ангийнхнаас “Акапелла” хамтлагийн гишүүд,  Ц.Пүрэвсүрэн, Г.Отгонцэцэг, Ц.Энхтайван, Г.Бандицэрэн,  Э.Ууганбаяр, Б.Уянга зэрэг уран бүтээлчид тоглосон. Энэ киногоо “Найзууд” театрын 10 жилийнхээ ойд зориулан хийсэн. Найзууд театрын хамт олон өмнө нь “Амьдралын амт” гэдэг кино хийсэн. Энэ кино бидний хоёр дахь уран бүтээл болж байна.

-Сүүлийн үед “Үргээлэг”, “Биелэгдэшгүй төлөвлөгөө” зэрэг шинэ киног нэг ангийнхан хамтран хийдэг болжээ. Танай киноны баг бас нэг ангийнхан байх жишээтэй?

-Урлаг гэдэг хамтын уран бүтээл байдаг. Оюутан цагаасаа эхлэн нөхөрлөж, ажил амьдралын гараагаа хамт эхлүүлсэн гэдэг утгаараа бие биенээ илүү сайн ойлгодог юм болов уу. Эргээд ангиараа нийлэх шиг сайхан зүйл байхгүй. Найзуудтайгаа хамтраад уран бүтээл хийхэд сайхан байдаг.

-Хамтран тоглосон жүжигчин Б.Уянгын талаар танилцуулахгүй юу. Үзэгчид сайн мэдэхгүй байж магадгүй юм?

-Жүжигчин Б.Уянга маань сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй. Хажуугаар нь өөр мэргэжил эзэмшээд ажиллаж байсан. Манай ангийн Э.Ууганбаярын эхнэр гэдгээр сайн мэдэх байх. Б.Уянга маань “Амьдралын амт” кинонд тоглосон. Сүүлд нэг кинонд хамтран тоглосон ч кино маань дэлгэцэнд гараагүй. Мөн Б.Уянга найруулагч мэргэжилтэй гээд давуу тал ихтэй , мэдрэмжтэй жүжигчин. Ялангуяа хүнд үзэгдлүүдэд мэдэрч орж чаддаг.

-Жүжигчин Э.Мөнхтөр хэр нээлттэй уран бүтээлч вэ?

-Би төгссөнөөс хойш цөөнгүй уран бүтээлд тоглосон. Шинэ уран бүтээлд тоглох бүрт надаас өөр шинэ дүрийг хүсч байдаг. Тэр болгонд шинэ баг, өөр найруулагчтай хамтран ажилладаг. Тиймээс киноны хамт олонд уусахын тулд нийтэч, нээлттэй байх хэрэгтэй. Би туршлага хуримтлуулж, суралцаж л явна. Одоо бас харьцангуй нээлттэй, ямар ч хүнтэй ойлголцож чаддаг болсон гэж бодож байгаа.

-“Эр хүн болгож өгөөч”, Аюултай харилцаа“ зэрэг киноны дүрүүд таныг илүү нээж өгсөн үү?

-Тийм. Надад өмнөх хоёр кинонд тоглохын тулд өөрөөсөө нэг шат ахих хэрэг гарсан. Нэг уран бүтээлд тоглоход нэг шинэ зүйл мэдэж авдаг. Нэг дүрээр байнга явна гэж байхгүй. Тэр утгаараа тухайн тоглож буй кинод ур чадвараар дутахгүйг хичээж ажилладаг.

-Эсрэг дүр бүтээх хүсэлтэй гэж дуулсан. Эсрэг дүрд тоглох санал ирсэн үү?

-Би “Донор” кинонд эсрэг дүрд тоглосон. Найз нөхөдтэйгээ инээж найзалж явж байгаад ар нуруунд нь хутга зоодог хүний дүр юм. Би олон кинонд энгийн, цайлган залуугийн дүрд тоглосон. Тиймээс эсрэг дүрд тоглохыг хүссэн гэж боддог. Анхнаасаа эсрэг дүрд тоглосон бол надад ийм хүсэл төрөхгүй байх. Одоогоор нэг киноны эсрэг дүрийн санал ирсэн байгаа.

-Цаашдаа ямар дүр бүтээх мөрөөдөлтэй вэ?

-Би ийм дүр гэхээс илүү эерэг, эсрэг ч бай тухайн дүрийг л сайн гаргахыг хичээдэг. Зохиолоос гажиж дүр бүтээнэ гэж байхгүй. Тиймээс би түүхэн кинонд тоглох юмсан гэж мөрөөддөггүй. Тухайн дүрээ л сайн гаргахыг хичээх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж