“Хавдрын эсрэг үндэсний аян 2016” Дархан-Уул аймгаас эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.27-нд нийтлэгдсэн

“Хавдрын эсрэг үндэсний аян 2016” Дархан-Уул аймгаас эхэллээ

Ард иргэдийн эрүүл амьдралын төлөө ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/, МҮОНРТ-ээс 6 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы орон нутаг дахь үзлэг оношилгоо Дархан-Уул аймгаас эхэллээ.

Нээлтийн арга хэмжээнд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, аяныг зохион байгуулагч байгууллагууд болох  ХСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Төмөрбаатар, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл, МҮОНРТ-ийн дэд захирал Д.Энхтуяа, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд, нутгийн  иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой “Хавдрын эсрэг үндэсний аян” нь жил ирэх бүр хүрээгээ тэлж нийт 90,000 гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг оношилгоонд хамруулж, 403 яаралтай мэс заслыг орон нутагт нь хийж, 5400 гаруй эмч мэргэжилтэнд ур чадварын сургалт зохион байгуулаад байгаа юм.  

ХААН Банкны хувьд өнгөрсөн 6 жилийн хугацаанд тус аяныг хэрэгжихэд 720 гаруй сая төгрөгийн санхүүжилт үзүүлэхээс гадна орон нутгийн 2000 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнээр бэлтгэж хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээгээд байна.

Эерэг сайн өөрчлөлтийг дагуулсан “Хавдрын эсрэг үндэсний аян” олон хүмүүсийн сэтгэл зүтгэл, нягт хамтын ажиллагааны дүнд өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж, үлгэр жишээ болсоор ирсэн билээ.

Орон даяар 6 дахь жилдээ хэрэгжиж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” энэ жил Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Завхан, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Ховд аймгуудад хүрч ажиллан хавдрын хожуу илрүүлэлтийн хувийг бууруулах, эрсдэлт бүлгийн хүн амын дунд эрт илрүүлгийн үзлэг оношилгоог эрчимжүүлэх, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг оношилгоо эмчилгээний чиглэлээр дадлагажуулах, бүсийн сургалт, сум өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн сайн дурын ажилтан бэлтгэх, хүнд өвчтөний гэрийн асаргаа сувилгааны талаар сувилахуйн зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг хавдраас урьдчилан сэргийлэх цогц ажлыг зохин байгуулна.

“Хавдрын эсрэг үндэсний аян 2016”–ны эмч мэргэжилтнүүдийн баг 4-р сарын 25-30-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллах бөгөөд дараагийн баг 5-р сарын 1-7-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж