Төмөр замын тээврийн 52 хувийн хөнгөлөлт дээр бүрэн тохиролцоогүй

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Төмөр замын тээврийн 52 хувийн хөнгөлөлт дээр бүрэн тохиролцоогүй

Монголын Экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч, профессор Д.Галсандоржтой сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.  

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ОХУ-д айлчлал хийх үеэр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1949 оны хэлэлцээрийг шинэчлэхийг хоёр тал тохирлоо гэсэн мэдээлэл цацагдсан.  Гэтэл ажиглагчид  үүнийг “Ахицтай алхам биш” гэж дүгнэж байгаа.  Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

1990 оноос өмнө ОХУ  манай улсын худалдааны гол түнш байсан. Нийт худалдааны 97 хувийг хойд хөрш, үлдсэн гуравхан хувь нь Хятад болоод хөрөнгөтөн орнуудад ногддог байлаа шүү дээ. Харин 1991-1995 оны хооронд Оросын дотоодын эдийн засаг ихээхэн хүндрэлд орж, Монголтой хийдэг худалдаа, эдийн засгийн харилцаагаа үндсэндээ зогсоосон. 2010 оны гаалийн статистикаар бол манай улс ОХУ-д нийтдээ 82 сая ам.долларын экспорт хийсэн. Үүнд ихэвчлэн хайлуур жонш, мах болоод багахан хэмжээний ноос, ноолууран бүтээгдэхүүн багтсан байна.  Өөрөөр хэлэх юм бол манай орны экспортын ердөө гуравхан хувь, импортын 20 орчим хувь ОХУ-д ногдож байна. Ямар ч тохиолдолд манай хоёр орны экспорт, импортын бүтээгдэхүүнүүд төмөр замаар л тээвэрлэгдэнэ.
Дэлхийн худалдааны байгууллагад ОХУ хараахан элсээгүй байгаа. Хэрэв элсвэл ОХУ нэгдүгээрт  экспорт, импортынхоо тарифыг дэлхийн стандарт руу ойртуулж таарна. Хоёрдугаарт, ложистик тээврийн тариф нь мөн л олон улсын тээврийн түвшинд дөхөж очно. ОХУ Европын Холбоо, АНУ-тай гол худалдаагаа хийж хүссэн хүсээгүй Европын стандартууд Орост нэвтэрч эхлэх юм. Хэдийгээр ОХУ Монголтой адилхан зах зээлийн эдийн засагт шилжин орсон ч худалдааныхаа дийлэнх хэсгийг хуучин бүрэлдэхүүндээ байсан Украин, Беларус, Казахстан зэрэг улстай хийж байгаа. Эдгээр улсын худалдааны тариф нь  илүү хөнгөлөлттэй. Бүр Монголд үйлчилдэг тарифаас хамаагүй хөнгөлөлттэй байдаг юм. ОХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад дотоодын Гаалийн холбоо гэж бий. Хуучин Холбооны улсуудад импортын татвар гэж бараг байхгүй. Тиймдээ ч бараа, бүтээгдэхүүн чөлөөтэй борлогддог. ОХУ-ын төмөр замын тээврийн тариф нь ч мөн дотоодын тарифаараа явдаг.  Өөрөөр хэлбэл, ОХУ, Украйн, Казахстаны хооронд төмөр замын дотоодын тариф мөрдөгддөг гэсэн үг. Энэ тариф нь ОХУ-ын гадаад худалдаанд үйлчилдэг тарифаас хоёр дахин хямд. Гэтэл манай бараа бүтээгдэхүүн ОХУ-ын зах зээлд нэвтэрсэн тохиолдолд экспорт, импортынх нь өндөр татвар, тээврийн тарифт ”хүлүүлдэг”. Манай хоёр улсын Зам тээврийн яамныхан, Төмөр замын газрын удирдлагууд сүүлийн гурав, дөрвөн жил удаа дараа уулзалдаж, энэ тарифыг бууруулах тухай ярилцсан. Манай тал ОХУ-аас төмөр замын тээврийн  тарифаа дотоодын  тариф руугаа ойртуулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.  Учир нь, Монгол бол хуучин зүүн Европын социалист орнуудын бүрэлдэхүүнд байсан улс. Энэ утгаараа Ерөнхий сайдыг Москвад айлчлах үеэр ОХУ-ын удирдагчид төмөр замын тээврийн тарифаа 52 хувиар хямдруулахаа амласан. Үнэн хэрэгтээ энэ нь тус улс  олон улсын худалдаанд мөрддөг төмөр замын тарифаа л бууруулна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол олон улсын худалдаанд мөрддөг тариф дотоодын тарифаас нь хоёр дахин өндөр.  Тэглээ ч ОХУ төмөр замын тээврийн хөнгөлөлт үзүүллээ гээд хөнгөрчихөөгүй. Энэ тал дээр албан ёсны тохиролцоо ч хийгдээгүй. Хоёр улсын Зам тээврийн яамныхан эцэслэн тохиролцож байж  яг таг шийдэгдэнэ шүү дээ.

Сайншандаас Восточный, Ванино хүрэхэд 5000 км. Тээврийн зардал тав дахин өндөр, эргэлт тав дахин удаан. Түүний оронд Тянжиний боомт эдийн засгийн хувьд хамаагүй үр ашигтай гэсэн байр суурь нэлээд давамгайлдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээ ганцхан Хятад руу  зуун хувь гаргах бодлого баримтлахгүй байгаа. Яагаад гэвэл нэг улсаас хамааралтай “үнийн хайчинд”  орчихно гэж болгоомжилсон хэрэг. Тиймээс эрдэс түүхий эдээ аль болох ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэн Восточный, Ванино усан боомтод хүргэх хэрэгтэй. Цаана нь Өмнөд Солонгос, Япон гээд том зах зээл хүлээж байгаа. Судлаачдын тооцоогоор Тавантолгой орд газраас Монгол, Оросын хил буюу Наушки хүртэл тээвэрлэхэд нэг тонн нүүрс 40 орчим ам.доллар. Харин Наушкаас Ванино усан боомт хүрэхэд мөн нэг тонн нь 40-50 ам.доллар болдог. Нийтдээ нэг тонн нүүрсний тээврийн зардал 80-90 ам.доллар болж байна гэсэн үг.
Гэтэл 2010 онд Монгол, Хятадын хил дээр худалдаалж байгаа нэг тонн нүүрсний дундаж үнэ 50 ам.доллар, энэ онд өсөөд 60-80 ам.доллар болсон. Хил дээр борлуулдаг үнэ ийм байхад нүүрсээ Тавантолгой ордоос Ванино боомт хүртэл тээвэрлэх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй. Тээврийн зардлаа ч нөхөхгүй. Өөр нэг чиглэл бий. Тавантолгой ордоос Сайншанд юм уу, Сайншандаас Чойбалсан руу төмөр зам тавиад нүүрсээ зөөж болно.  Ингэхэд мэдээж тээврийн зардал өндөр өртөгтэй гарах байх. Нэг тонн нүүрсний тээврийн зардал 70-90 ам.доллар хүрэх болов уу. Энэ бол угаагаагүй, баяжуулаагүй нүүрсний ханш. Хэрэв нүүрсээ угаагаад баяжуулчих юм бол нэг тонн нь 130-150 ам.доллар хүрнэ. Эцсийн дүндээ угааж баяжуулсан нүүрс л зах зээлийнхээ эрэлт хэрэгцээгээр илүү үнэд тулж очно. Угааж баяжуулсан тохиолдолд манай сайн чанарын нүүрс л  Наушки, Чойбалсангаар дамжин Япон, Өмнөд Солонгосын зах зээлд гарах таатай боломж бий.
               

Үргэлжлэлийг Мongolian Mining Journal  сэтгүүлийн ¹007 дугаараас уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж