Давж заалдах шатны шүүх нэмж байгуулна

Хуучирсан мэдээ: 2016.04.27-нд нийтлэгдсэн

Давж заалдах шатны шүүх нэмж байгуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн  80 хувь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үндсэн хуулийн Цэцээс Шүүх байгуулах тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн тул дээрх хуульд дахин өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн байсан юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан энэхүү хуулийн төслөөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа  давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдана.

Шинээр 13  аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхийн шүүн таслах хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай 52 давж заалдах шатны шүүгч, шүүхийн захиргааны ажилтны орон тоо, шүүхийн тасралтгүй үйл ажиллагааг хангах техник зохион байгуулалтын ажилд нийтдээ 10,4 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай юм байна.  Иймээс улс орны эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд хуулийг дараах байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

1.Давж заалдах шатны шүүхэд ажиллаж буй шүүгчдийг нүүлгэж аймаг бүрт  /Орхон, Дархан-Уул аймгаас бусад/ ерөнхий шүүгч-1, иргэний-1, эрүүгийн-1 нийт 3 шүүгч ажиллана.  Ингэснээр шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр 13 аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 55,8 хувийг нүүлгэн шилжүүлнэ. 

2.Хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тул ойролцоо аймгийн шүүхээс бүрэлдэхүүнийг томилон шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангана. Процессын хуулиудад бүрэлдэхүүнтэй холбоотойгоор зохих өөрчлөлтүүдийг оруулна.

2014, 2015 оны шүүн таслах ажиллагааны тайлангаас  харвал  2-3 аймаг дунд байрлах давж заалдах шатны эрүүгийн хэргийн нэг шүүгчид дунджаар 31 хэрэг, иргэний нэг шүүгчид дунджаар 24 хэрэг тус тус ноогддог байна. Шинээр байгуулагдах Орхон, Дархан-Уул аймгаас бусад аймгийн давж заалдах шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тул  шүүн таслах ажиллагааны тайлантай уялдуулан томилолтоор ажиллах шүүгчийн тоо, давтамж өнөөгийнхөөс 3 дахин нэмэгдэж, үүнд 145 сая төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардлагатай болно.

3. Хуулийн төслөөр аймаг бүрт давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт дагнасан шүүх байгуулснаар одоо үйл ажиллагаа явуулж буй анхан болон давж заалдах шатны 99 шүүх нийт 114 болж, шүүхийн тоо 15-р нэмэгдэх хэдий ч Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын 2015 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан 693 орон тоог нэмэгдүүлэхгүй байхаар тооцож төслийг боловсруулжээ. Төсөлд Шүүн таслах ажиллагааны 2014, 2015 оны тайлан, нэг шүүгчид ноогдох хэргийн ачааллыг харгалзан үзэж ажлын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс ачаалал бага зарим орон нутгийн шүүхийн шүүгчдийн тоог хасан, ачаалал ихтэй шүүхийн шүүгчдийн орон тоог нэмэх байдлаар тусгажээ.

Дээрх байдлаар хуулийг хэрэгжүүлснээр төсөвт их хүндрэл учруулахгүйгээр хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж, Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх боломжтой болно гэж үзэж байна.

Мөн давж заалдах шатны шүүхийг  иргэдэд ойртуулж, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үндсэн хуулийн суурь зарчим хангагдах аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Үндсэн хуулийг нэн яаралтай шинэчлэх шаардлага байгааг олон эрдэмтэн мэргэд иргэд хэлдэг. Энэ хуулиар 15 шүүх нэмэгдээд 10.4 тэрбум шаардлагатай болж байгаа. Үүнд эзэн холбогдогч хайхаас илүү хууль нь амьдралд ямар хэрэгтэй байсан бэ гэхээр их өөр асуудал. Шүүгчдийн ачааллыг тэнцүүлсэн асуудлыг Үндсэн хуулиар хүчингүй болгож байгаа нь Үндсэн хуульд заачихсан учраас яах ч аргагүй байна. Тийм учраас Үндсэн хуулиа өөрчлөх ёстой. Хуулийн төслийг дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Эрүү, иргэний, захиргааны шүүхийг бүсчилж байгуулах асуудлаар саналаа хэлж байсан. Үндсэн хуулийн шинжлэх ухаан түүн дотроо шүүх эрх мэдлийн хуваарилалт боловсронгуй болох ёстой. Тойргоор байгуулах тухай хөндөж бичиж байсан. Одоогийн хүчин төгөлдөр Үндсэн хууль үйлчлээд 25 жил болж байна. Завхан, Говь-Алтай аймаг өндөр даваатай, цас мөстэй үед иргэд Давж заалдахаар явах болоход хүндрэл учирч байгаа талаар их яриа гарсан. Давж заалдах шатны шүүхийг тойргоор байгуулахаар. Үндсэн хуульд зохих өөрчлөлт хийх шаардлага байгаа юу гэвэл байгаа. Нуухыг нь авах гээд нүдийг сохолчих вий гэдэг асуудал яригддаг. Нэг нэгнийгээ захиалагч гэдэг. Миний хувьд захиалсан юм байхгүй жам ёсоороо явж байгаа. Голцуу ялагдлаа.

Цэцэд тахимаа өглөө гэж муучилж байна. Энэ асуудлыг ярихаасаа өмнө Үндсэн хуулийн реформ тулсан асуудал байна. Үнэхээр 25 жил үйлчлээд ирэхээр 5-6 өөрчлөлтийг зайлшгүй шаарддаг. Бурууг Үндсэн хууль руу бас их түлхэх шаардлагагүй. Тангарагтны асуудал ярьж байна. Иргэдийн төлөөлөгчийг яах вэ гэхээр шүүн таслах ажиллагаанд хамаагүй оруулж болохгүй гээд бүдэг бадагдуу оруулсан. Шууд биенээ буруутгахдаа биш Үндсэн хуулийн шинэчлэл хийх хүртэл Үндсэн хуульдаа нийцүүлээд явах. Улсын Дээд Шүүх бас учраа олохгүй байгаа. Ерөнхий шүүгч гэдэг хүн Улсын Дээд Шүүхийг төлөөлнө. Эрүү, захиргааг бас төлөөлөх юм уу гээд хаус үүсчихсэн. Шүүхийн захиргааны хуулийг эргэж харах шаардлага бий. Урагшаа алхаад ч байгаа юм шиг арагшаа ухраад ч байгаа юм шиг гэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж