Гэрэл зурагтайгаа хамт мөнхөрсөн Ц.Батзориг

Хуучирсан мэдээ: 2016.04.27-нд нийтлэгдсэн

Гэрэл зурагтайгаа хамт мөнхөрсөн Ц.Батзориг

“Бид үлдээх юмтай улс. Гэрэл зураг биднийг мөнхөлнө” хэмээн баримтат гэрэл зурагчин Ц.Батзориг агсан хэлсэн байдаг. Өчигдөр /2016.04.26/ Гамма галерейд Ц.Батзориг агсны нэрэмжит “Шинэ бүтээл-Хүмүүс 5” баримтат гэрэл зургийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд “Залбирал”, “Морь айрагдлаа”, “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид” зэрэг түүний буулгасан уран бүтээлийн дээжийг үзэсгэлэнгийн танхимын баруун хэсэгт дэлгэжээ. Харин танхимын зүүн хэсэгт түүний хэрэглэж байсан гэрэл зургийн хальс, ажлын үнэмлэх гэх мэт мэргэжлийн хэрэгслүүдийг нь танилцуулж, хальснаас зургаа хэрхэн сонгож буйг нь контактаар харуулсан нь сонирхолтой санагдав. Харин үзэсгэлэнгийн хойморт 1998 онд “Хүмүүс” нэртэй анхны үзэсгэлэнд дэлгэгдэж байсан гэрэл зургууд түүх өгүүлэн байрлах ажээ.

Ийн Ц.Батзориг агсныг дурсахаар түүний ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхэн, шавь нар гээд үзэсгэлэнг сонирхохоор цөөнгүй хүмүүс цугларсан байлаа. Үзэсгэлэнгийн нээлтэд түүний ээж Б.Цэрэннадмид гуай үг хэлэхдээ “Миний хүү өнөөдөр амьд байсан бол 100-гийн талыг наслах байжээ. Өнөөдөр миний хүүгийн нэрэмжит үзэсгэлэн гаргаж байгаад баяртай байна. Гэрэл зураг гэдэг амьдралын мөн чанар, бүхий л зүйлийг ил тод харуулж чаддаг ховор салбар юм” хэмээн хоолой зангируулан өгүүлэв.  

Энэ жил Ц.Батзориг агсны 50 насны ой тохиож буй бөгөөд түүний нэрэмжит уралдаанд жил бүр оролцох хүсэлтэй гэрэл зурагчдын тоо нэмэгдэж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа. Үзэсгэлэнд нийт 77 гэрэл зурагчны 500 гаруй бүтээл ирснээс 30 гэрэл зурагчны 47 бүтээл шилдгээр шалгарч батламж гардан авсан юм.

Уралдаанд шалгарсан Н.Лувсанбямба “Би Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сурдаг. Энэ жил анх удаа оролцож байна. Уралдаанд нийт 5 зураг явуулснаас “Central tower”-ын шилийг арчиж буй хүмүүсийн талаарх зураг маань шалгарсан. Их баяртай байна” гэлээ.  Мөн Гамма агентлагийн гэрэл зурагчин Б.Ренцэндорж “Би гурав дахь жилдээ оролцож байна. Миний “Наадмын есөн хөлт цагаан туг”, “Эмээлтэд хонь худалдан авч буй хүмүүсийн хонийг хүргэж өгдөг тэрэгчин хүүгийн тухай” өгүүлэх хоёр бүтээл шалгарсан. Баримтат гэрэл зургийн үзэсгэлэн ховор гардаг. Жилээс жилд оролцогчдын хүрээ тэлж байна.” гэсэн юм.


Үзэсгэлэнгийн үеэр Ц.Батзориг агсны гэргий, “Батзориг”сангийн тэргүүн Ц.Очгэрэлтэй ярилцлаа.

-Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог юу байв. “Шинэ бүтээл-Хүмүүс 5” үзэсгэлэнгийн түүхээс хуваалцахгүй юу?

-Энэ жилийн үзэсгэлэн дөрөв дэх удаагаа болж байна. Дөрөвдүгээр сарын 26-ны энэ өдөр хань Ц.Батзоригийн маань 50 насны төрсөн өдөр тохиож буйгаараа онцлог юм. Хань маань Ленинградын их сургуулийг гэрэл зургийн сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Тэгээд Монцамэ агентлагт ажиллаад, бүхий л үйл явдлын зургийг авдаг байсан. Мөн тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Очирбат гуайн айлчлалын зурагчнаар ажилласан архив байгаа. Энэ үзэсгэлэнг Ц.Батзориг 1998 онд бие даасан “Хүмүүс” хэмээх 100 зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан. Үзэсгэлэнд нь жирийн малчнаас улс төрийн гишүүдийн гээд бүх насны, бүх мэргэжлийн хүмүүсийн гэрэл зураг дэлгэж байсан. Энэ үзэсгэлэнд зарим зургууд нь дэлгээстэй байгаа.

-Ц.Батзориг сан ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-2001 оноос Ц.Батзоригийн нэрэмжит гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж эхэлсэн. Харин 2013 онд Ц.Батзориг санг албан ёсоор байгуулсан юм. Сангийнхаа үйл ажиллагаагаар баримтат гэрэл зургийг Монголд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна. Энэ жил манай сангаас залуу гэрэл зурагчин Б.Инжинаашийн гэрэл зургийн төслийг дэмжиж ажиллаж байгаа. Гамма агентлагийн гэрэл зурагчин Б.Инжинааш өсвөр насны залуусын талаар гэрэл зургаар “Magnum Foundation” дэлхийн гэрэл зурагчдын дунд зарлагддаг тэтгэлэг авсан. Энэ намар хүртэл зураг авалт хийнэ. Энэ жилийн шилдэг бүтээлд Б.Инжинаашийн хоёр бүтээл шалгарсан юм.

-Ханийнхаа тухай дурсамжаас хуваалцана уу?

-Хань минь бидний сэтгэлд үргэлж хамт байдаг. Хийж байсан ажлыг нь бага ч гэсэн үргэлжлүүлэхийг хичээж явна. Хань маань гэрэл зурагт дурлаж, амьдарч байсан. Хальс угааж, ороохдоо хөнжилөөр битүүлж байгаад дамранд орооно. Гэртээ лаборторийн ажлаа хийдэг байсан. Тэр болгонд нь би хамт байна. Мөн зургуудаа их сайн тайлбарладаг. Би мэргэжлийн хүн биш учраас зураг хараад ойлгохгүй. Гэтэл зургаа ямар гүнзгий утга агуулж авсан нь харагддаг. Нэг өвгөн Гандангийн хүслийн модыг тойрч байгаа тухай зургийг сонин дээр хэвлэсний дараа ар гэрийнхнээс нь холбогдож “Аав өнгөрөхөөсөө өмнө Гандан орсон байхад нь зургийн авсан байна” хэмээн ярьж байсан.

Зудны үеэр авсан зурган дунд зурганд байгаа гурван эмгэний зургийг хүмүүс сайн мэднэ дээ. Тэдний нэг нь нүүрэндээ оймс угласан байдаг. Тэрийг нь хүмүүс гайхан асуудаг л даа. Их цасанд  нүд нь гялбаад юм харахгүй болохоор тэрнээс хамгаалж зүүсэн гэдгийг миний хань надад хэлж өгч байсан.

-Үр хүүхдүүдээс тань гэрэл зураг сонирхдог уу?

-Манай охин энэ жил 18 нас хүрч байгаа. Аавынх нь гярхай зан чанар ажиглагддаг юм. Ханийнхаа хажууд байснаар би гэрэл зурагт сонирхолтой болсон. Гэрэл зурагчид гэдэг их нээлттэй хүмүүс байдаг. Би тэдэндээ өөрийн чадах зүйлээрээ туслахыг хичээж байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж