Цэц нэг асуудлаар хоёр шийдвэр гаргасан уу?

Хуучирсан мэдээ: 2016.04.27-нд нийтлэгдсэн

Цэц нэг асуудлаар хоёр шийдвэр гаргасан уу?

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан дөрөвдүгээр сарын 22-нд болж, иргэн Ц.Намсрай нараас ирүүлсэн гомдлыг хэлэлцээд “76 гишүүний 28-нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт гаргасан билээ.

УИХ-ын холбогдох байнгын хороогоор Цэцийн дээрх шийдвэрийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүдийн дунд “Цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь буруу” гэсэн асуудал хөндөж буй бол “Цэц өмнө гаргасан алдаагаа засаж, зөв шийдвэр гаргаж байгааг нь УИХ буруутгаж болохгүй. Зөв шийдвэрийг нь хүлээн авч яаралтай Сонгуулийн хуулийн засаж авах ёстой” гэсэн байр суурь илэрхийлэх гишүүд ч байгаа юм. Энэ удаагийн “VS” буландаа УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нарын байр суурийг онцоллоо.

Р.Гончигдорж:

Үндсэн хуулийн цэц 2012 оны тавдугаар сард 28 гишүүн намын жагсаалтаар сонгогдох тухай гомдлыг хэлэлцээд “Үндсэн хууль зөрчөөгүй” гэдэг шийдвэр гаргасан. Цэцийн шийдвэр эцсийнх байдаг. Тэр үед эцэслэн шийдвэрлэсэн. Шүүх нэг асуудлыг хоёр удаа хэлэлцэж, хоёр өөр шийдвэр гаргадаггүй. Үндсэн хуулийг манана гэдэг бол Үндсэн хуулийг хямралаас хамгаалах. Үндсэн хуулийн цэцийн дээд зүйл бол Үндсэн хууль. Үндсэн хууль ямар ч агуулгаар эвдэгдэх ёсгүй. Үндсэн хуулийн цэц гомдлыг авч үзээд өөрийнхөө үндэслэл дүгнэлтдээ хуульд харшилсан эсэхийг хувиршгүй гаргах ёстой. Гэтэл яагаад нэг асуудлыг хоёр удаа хэлэлцэв. Маргаан үүсгэсэн иргэнд нь тэдэн онд хэлэлцсэн, одоо хэлэлцэх үндэсгүй гэж хэлэх ёстой. УИХ, хууль тогтоогчид тоглоом болоод байна. Сонгуулийн систем хэлбэрээр нь асуудлыг ярьж болохгүй.

Д.Тэрбишдагва:

Үндсэн хуулийн цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргасан тухай яригдаж байна. Улс төрийн үйл явцад тохируулж нэг асуудал дээр  хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь буруу. Гэхдээ алдаагаа зассан шийдвэр гаргасан үйлдлээр нь зөвтгөж болох юм.

Цэцээс анх намын жагсаалтын 28 Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг шийдвэр гарахад нь би “Цэц Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргалаа. Үндсэн хуульд тодорхой заасан, УИХ-ын гишүүн нь ард түмний сонголтоор шууд сонгогдоно гэдгийг буруугаар тайлбарлаад байна гэж УИХ-ын танхим болон хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө байнга хэлж байсан. Цэцийн анхны шийдвэр үнэхээр зүйд нийцээгүй, буруу шийдвэр байсан. Тухайн үед миний бие МАХН-ын дэд даргын хувьд намын жагсаалтад дээгүүр бичигдэж УИХ-д сонгогдох боломж бүрэн байсан. Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн хуулийн тэр намын жагсаалтаар 28 гишүүнийг сонгодог зохицуулалтыг эрс эсэргүүцэж байсан учраас 2012 оны УИХ-ын сонгуулиар бүх намын дарга нарт хандаж уриалга гарган намын дарга, удирдлагууд та бүхэн энэ намын жагсаалт гэх зүйлийн ард нуугдалгүй тойрогт өрсөлдөн ард түмний шударга саналаар сонгогдооч хэмээн уриалж байсан. Тийм ч учраас би Үндсэн хуулийн бус аргаар намын жагсаалтад нэрээ бичүүлж, УИХ-ын гишүүн болж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байж Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж сонгогдсон. Одоо ч энэ байр суурь дээрээ байж дахин уриалга гаргасан. Цэцийн тухайд өмнөх алдаатай шийдвэрээ засаад ирснийг УИХ хүлээн авах л ёстой. Хууль тогтоох дээд байгууллага нь гаргасан алдаагаа засахгүй юм бол хэн засах юм бэ?. Одоо л энэ асуудлыг засаж, залруулахгүй бол мөнхийн маргаан дагуулсан сэдэв болж хувирна. Ойлголцоод нэг талдаа гарах ёстой. Удахгүй болох сонгуулиар бүрэлдэх УИХ-ыг  Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан гэдэг итгэл үнэмшил сонгогч түмэнд бий болох ёстой. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж