“Херо энтертэймант” студиэс гаргасан гомдлын дагуу “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар дүрсийг алдсан гэх хэргийг шалгаж үзээд “бичлэг хулгайд алдагдсан гэдэг нь тогтоогдоогүй учраас хэрэгсэхгүй болгосон тухай” өнгөрөгч Баасан гаригт Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Харин “Херо энтертаймант”-ынхан өнөөдөр мэдээлэл хийж “Баянгол дүүргийн Прокурорын газраас бичлэг алдсан хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай албан бичгийг ирүүлээгүй, мөн биднийг цагдаа, прокурорын байгууллагаас нэг ч дуудаж, уулзаагүй” хэмээн тайлбарлалаа. Иймээс тэд бичлэгийг тараасан, монтажилсан хүмүүсийг олохын тулд дахин холбогдох хүмүүст хандахаа мэдэгдлээ. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг гаргахгүй байх, хамт олныг хагалан бутруулах хүсэлтэй хүмүүс энэ гэмт хэргийг үйлдэж байна хэмээн тус студийн редактор Б.Батзориг редактор ярив. Тэрбээр “Энэ асуудалтай холбоотойгоор баримтат кино хийх болно. Тиймээс тус хэргийн талаарх мэдээллийг худалдаж авна. Бидэнтэй холбогдоорой" гэлээ.