“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужин өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт дахин шинэ зочин урьж, бичлэг хийхгүй байх санал гаргаснаа мэдэгдлээ. Энэхүү нэвтрүүлгийн санаачлагч нь П.Анужин төдийгүй нэвтрүүлгийн оюуны өмчийн гэрчилгээ нь мөн түүнд байдаг болохыг тэрбээр тайлбарласан юм. Энэ оны нэгдүгээр сард “Hero entertainment” студиэс “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн дүрс бичлэг алдагдсан. Энэ үеэр “Hero Entertainment”-ын захирал, найруулагч Б.Баатар “Энэ бол зохион байгуулалттай бүлгийн хийсэн үйл ажиллагаа. Бичлэгийн хулгай” байсан гэж олон түмэнд албан ёсоор мэдэгдсэн билээ. “Өнгөрсөн гурван сарын хугацаанд Монголын цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж цөөн хоногийн өмнө эцсийн дүгнэлтээ гаргасан байна. Энэ мэдэгдэл дээр үндэслэн ямар нэгэн гадны том бүлэглэл ороогүй гэдэг нь тодорхой болж цагдаагийн байгууллага дүгнэлтээ гаргасан” гэж харж байна хэмээн П.Анужин ярилаа. Ийм учраас тэрбээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдтэл санаачлагчийн хувьд түр хугацаагаар түдгэлзүүлэхээр болжээ.
Харин “Херо энтертаймант” студийн зүгээс П.Анужингийн дээрх тайлбарт хэн нэгний уран бүтээлчийн шийдвэрээр нэвтрүүлгийг зогсоох, болих асуудал биш хэмээн тайлбар хийлээ. Тэдний мэдээлснээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зохиогчийн эрх нь П.Анужин болон Б.Баатарт байдаг аж. Одоогийн байдлаар 10 гаруй эрхмийн оролцсон дугаарыг бичжээ. Иймээс дээрх дугааруудыг гүйцээж цацах гэнэ. Харин ирэх жилийн цагаан сараас эхлэн "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг "Дэлхийн Монголчууд" гэсэн цуврал нэвтрүүлэг болгон өөрчилж цацах юм байна.
Өөрөөр хэлбэл, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар дүрсүүд яагаад алдагдав, түүний ард хэн байсан бэ гэдэг нь илрэх хүртэл П.Анужин өөрийн санаачилж, эхлүүлсэн нэвтрүүлгээ хийхгүй байхыг “Херо”-ийнхонд мэдэгдлээ.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ