“Херо”-гийнхон өндөр үнээр мэдээлэл авна гэв

Хуучирсан мэдээ: 2016.04.26-нд нийтлэгдсэн

“Херо”-гийнхон өндөр үнээр мэдээлэл авна гэв

“Херо энтертэймант” студиэс гаргасан гомдлын дагуу “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар дүрсийг алдсан гэх хэргийг шалгаж үзээд “бичлэг хулгайд алдагдсан гэдэг нь тогтоогдоогүй учраас хэрэгсэхгүй болгосон тухай” өнгөрөгч Баасан гаригт Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Харин “Херо энтертаймант”-ынхан өнөөдөр мэдээлэл хийж “Баянгол дүүргийн Прокурорын газраас бичлэг алдсан хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай албан бичгийг ирүүлээгүй, мөн биднийг цагдаа, прокурорын байгууллагаас нэг ч дуудаж, уулзаагүй” хэмээн тайлбарлалаа. Иймээс тэд бичлэгийг тараасан, монтажилсан хүмүүсийг олохын тулд дахин холбогдох хүмүүст хандахаа мэдэгдлээ. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг гаргахгүй байх, хамт олныг хагалан бутруулах хүсэлтэй хүмүүс энэ гэмт хэргийг үйлдэж байна хэмээн тус студийн редактор Б.Батзориг редактор ярив. Тэрбээр “Энэ асуудалтай холбоотойгоор баримтат кино хийх болно. Тиймээс тус хэргийн талаарх мэдээллийг худалдаж авна. Бидэнтэй холбогдоорой" гэлээ.

Өнгөрсөн долоо хоногт жүжигчин Б.Амарсайханы тоглосон видео бичлэг цацагдсан нь олны анхаарлыг татсан. Энэ бичлэгийг үзсэн зарим иргэд “Херо энтертаймент”-ийнхан УИХ-ын гишүүн Х.Баттулгын захиалгаар тус бичлэгийг хийжээ хэмээн хүлээж авч байсан. Тэгвэл энэ асуудалд өнөөдөр “Херо энтертаймент”-ийнхан тайлбар хийж, МАН-ын захиалгаар хийж гүйцэтгэсэн гэж мэдэгдлээ.

Харин энэ тухай МАН-ын холбогдох хүнээс тодруулахад “ямар гэрээ бидний хооронд байхгүй, видео хийх захиалга ч “Херо”-гийнхонд өгөөгүй” гэсэн юм.

Хэргийг сөхвөл "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн бэлтгэл дүрс олон нийтийн сүлжээгээр өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд  цацагдаж эхэлсэн. Тухайн өдрийн шөнө 03.00 цагийн орчимд “Херо”-гийнхон цугларч, Оюуны өмчийн газар болон ЦЕГ-т хандаж бичлэг хулгайлсан этгээдийг олж, илрүүлэхээр хүсэлт гаргажээ. “Херо”-гийнхны хүсэлтийн хариуд нэгдүгээр сарын 29-нд Оюуны өмчийн газраас "Танай бичлэг мөн гэдгийг батлах нотолгоо болох бичиг баримт, бичгийг илгээнэ үү" гэсэн хариултыг өгчээ. Энэ дагуу холбогдох бүх нотлох баримтыг Оюуны өмчийн газарт хүргүүлжээ. Хэрэг болсоноос 49 хоногийн дараа Оюуны өмчийн газар “Хулгайд алдагдсан гэсэн дүрс бичлэгийг оюуны бүтээл, Hero Entertainment-ын бүтээл гэж тогтоох боломжгүй байна" гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж