МАХН, МҮАН: Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй

Хуучирсан мэдээ: 2016.04.26-нд нийтлэгдсэн

МАХН, МҮАН: Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй

МАХН, МҮАН-ын өргөтгөсөн хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. “МАНАН ба Сонгуулийн хуулийн захиалга” сэдэвт энэхүү хурлаар Үндсэн хуулийн Цэцийн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлэхдээ “МАН, АН-ын захиалгаар бий болсон олонхийн тогтолцоог дархлах гэж байгаа зарчмыг бий дэмжихгүй байна. Би ганцаараа аль нэг тойргоос гарч магадгүй. Гэхдээ энэ зөвхөн Н.Энхбаярын эрх, ашиг биш юм байна. Энэ бол нийт ардчиллын хувь заяа юм байна гэж бодож буй учир энэ талаар өөрийнхөө үгийг хэлж байна. Өнөөдрийн 51 хувийг бүрдүүлж буй хүмүүс цөөнх 49-ийгөө ад үзэж янз бүрээр дарангуйлж байна. Маргааш нөгөө 51 хувийг бүрдүүлж буй хүмүүс 49 хувь болж болно шүү дээ. Харин нөгөө 49 хүн өшөө хонзон санаж нөгөө 51-ээ устгана шүү дээ. Ийм харгис дэглэмийг хүсээд байгаа юм уу. Бид гуравхан сая хүн амтай мөртлөө 49 хувийн саналаа хаях гээд байгаа юм уу. Иргэд ядуу учраас зөв сонголт хийж чадахгүй байна. Одоо энэ шийдвэрээр хуучин нөхдүүд дахиад сонгогдоно. Надтай адилхан М.Энхболд, Д.Лүндээжанцан гэх мэт нөхөд тойргоос сонгогдоно. Би ганцаараа сонгогдмооргүй байна. Залуу хүмүүстэй хамт УИХ-д суумаар байна шүү дээ. Шинэ хүмүүсийг УИХ-д оруулж ирмээр байна. Би халаагаа өгмөөр байна. Өгөхдөө парламентад нэг баг болж ажиллаж үзэл бодол нь үнэт зүйлтэй хүмүүсийг оруулмаар байна. Үзэл бодол нь тогтоогүй, үнэт зүйлгүй хүмүүс өнөөдөр УИХ-д орж ирж байна. Итгэл үнэмшилтэй биш мөнгөтэй хүн одоо сонгогдох гээд байна шүү дээ” гэлээ.

Хууль зүйн талаас нь харсан ч энэхүү дүгнэлтийг хүлээж авах боломжгүй хэмээн хуралд оролцогчид тайлбарлалаа. УИХ-аар баталсан Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт сонгууль болохоос зургаан сарын дотор хуулийг өөрчилж болохгүй гэж заасан байдаг. Бүр хориглоно гэсэн байдаг. “Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг бүдүүлгээр зөрчиж байна. Тоглоомын дүрмээ бүгдэд нь ойлгомжтой болгох ёстой биз дээ. Гэтэл сонгуулийн хууль, дүрмийг хоёрхон сарын дотор өөрчилж байна. Ийм бүдүүлэг, хууран мэхлэх үйл ажиллагааг таслан зогсоох ёстой” гэсэн юм.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж