Цэцгээс цэцэг рүү, намаас нам руу

Хуучирсан мэдээ: 2016.04.26-нд нийтлэгдсэн

Цэцгээс цэцэг рүү, намаас нам руу

Тусгаар тогтнол эв, нэгдлийн намын дарга Г.Уянгын цахим хуудаснаа МАХН-ын гишүүн Л.Цогийг намаасаа гарах өргөдлөө өгсөн талаараа дурджээ. Угаасаа ч намын даргынхаа авлигын асуудлыг дэлгэсэн Л.Цог хэзээ мөдгүй намаасаа гарах нь ойлгомжтой байсан. Ийнхүү дөрвөн жилийн өмнө элсч байсан тав дахь намаасаа тэрбээр албан ёсоор гарч байгаа нь энэ аж.

Г.Уянгын хамт “Шударга ёс” бүлгээсээ гарсан Л.Цог намынхаа үнэмлэхээ өгч, “ноосоо тушаасан”-аар ийнхүү дараагийн намдаа “урвах” бэлтгэл нь бүрэн хангагдлаа гэж МАХН-ынхан шүүмжилж байна. Улс төрийн тав, зургаан намд элсч, гарч явсан  намтар түүхээ тэрбээр дахин нэг намаар арвижуулах бололтой.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан, “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу намаасаа гарах өргөдлөө өгсөн гэнэ. Тэрбээр МАХН элсэхээр төлөвлөж байсан ч Д.Балдан-Очир тус намд элссэн тул өөр нам “хайж” байсныг улс төрийн хүрээнд жиг жуг ярьж байна.

АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо болон МАН-ын бага хуралтай зэрэгцээд Дуурь бүжгийн эрдмийн теартын танхимд  их хурлаа хийж, C1 телевизээр хурлаа шууд “протоколдуулсан” Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд тэднийг элсэнэ гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнээс чих дэлсч байгаа юм.

ТТЭНН Монголын ногоон намын Я.Бум-Ялагчтай хамтарч сонгуульд орохоор болсон гэх мэдээлэл байна.

Л.Цог ТТЭНН-ын намаас хотод нэр дэвшихээр бэлтгэж байгаа бол Ш.Сайхансамбуу төрсөн нутаг Завхандаа дүү Ш.Батсайханы эсрэг өрсөлдөхөөр шийджээ. Түүний төрсөн дүү МАН-аас Завханд нэр дэвшихээр тойргоо услаад удаж байгаа.

Ийнхүү сонгууль орйтох тусам цэцэгнээс цэцэг дамжин нисэх эрвээхий адил намаас нам дамжин гүйлдэх улстөрчид олширч байна. 

Хэрэв улстөрчдийн өврийг ухах юм бол Л.Цог гишүүнээс эхлээд цөөнгүй улстөрчдөөс хоёр, гурваар тогтохгүй намын үнэмлэх гарч ирэх байхдаа. Манай улстөрчдийн үзэл бодол хаврын тэнгэр шиг амархаан өөрчлөгдөнө гэж.

Харин цэцгэнд төөрсөн эрвээхэй шиг л намынхаа энэ олон үнэмлэхэд битгий төөрчихөөсэй гэж зарим улстөрчдөд зөвлөхөд гэмгүй болов уу?

 А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж