Чөлөөт бөхийн мастеруудын холбооноос мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Монгол Улсад анх удаа болсон "РИО-2016" зуны олимпийн наадмын эрхийн тэмцээний дараа болсон энэхүү тэмцээнд нийт 142 ахмад бөхчүүд өрсөлдсөн. Тэдний дотор Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин тус бүр гурав, ОУХМ 46 цолтон багтсан бөгөөд улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр нарын үндэсний бөхчүүд барилдлаа.
49-56 насны 63 кг-ын жинд чөлөөтийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, ахмадын дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Т.Сүхбаатар түрүүлсэн бөгөөд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Мастеруудын анхдугаар тэмцээний аварга болсонд баяр хүргэж байна.Та энэхүү тэмцээний талаар сэтгэгдлээ хэлнэ үү?
-Ахмад бөхчүүдийн дунд сайхан тэмцээн боллоо. Миний хувьд 25 жилийн өмнө барилдаж байсан. Тэр цагаас хойш багш, дасгалжуулагчийн ажлыг хийлээ. Миний хувьд бусдыгаа бодвол бэлтгэл сургуулилалттай байлаа. Нийт дөрвөн барилдаан хийж, мастеруудын улсын аваргын анхдугаар тэмцээнд түрүүллээ. Мөн үзүүлэх тоглолтыг хийсэн байгаа.
-Таны хувьд хэдэн оноос эхлэн дасгалжуулагчийн албанд шилжсэн бэ?
-Би 1991 оноос чөлөөт бөхийн багш болсон. Тухайн үед Хүүхэд, соёлын “Солонго өргөө” гэж байсан. Эндээс би ажлын гараагаа эхэлж байлаа. Одоогоор Монгени сургууль юм. Улсын цолтон бөхчүүдээс эхлээд тив, дэлхийн медальтнуудыг төрүүллээ.
– “РИО-2016” олимпийн эрх олгох “The first “Last-Chance” тэмцээний талаар юу хэлэх вэ?
-Монгол улсад дэлхийн бөхчүүд цугларсан сайн жил байлаа. Энэхүү том тэмцээнийг эх орондоо зохион байгуулах нь болсон нь Монголын чөлөөт бөхийн холбооны амжилтыг үнэлсэн хэрэг болж байна. Сүүлийн жилүүдэд манай тамирчдын амжилт өндөр болсныг дэлхий нийт хүлээн зөвшөөрлөө. Энэхүү тэмцээн олимпийн эрхийг олгосон нь тэмцээний гол ач холбогдол байсан. Тэр дундаа монголчууд энэхүү тэмцээнээр дамжуулж бөхийн орон гэдгээ харууллаа. Мөн дэлхийн бөхчүүдийг бид бүхэн дэргэдээс нь харсан сайхан боломж байлаа. Хэдийгээр манай гурван тамирчин ард түмнийхээ өмнө сайхан барилдааныг гаргасан ч эрхээ авч чадаагүй. Олимп эрх авахын тулд ямар их хэцүү даваа байдгийг бид бүхэн харлаа. Дэлхийн болон олимпийн медальтан болохын тулд олон хүний дэмжлэг байдаг. Энэ бол багийн ажиллагаа. Энэ дашрамд, Монголын чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар, ивээн тэтгэгч байгууллага болон тамирчид, шавь нартаа баярлаж байгаагаа хэлмээр байна.
Ч.БОЛОРЧУЛУУН