Исламын дайчид Канадын иргэнийг цаазалжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.26-нд нийтлэгдсэн

Исламын дайчид Канадын иргэнийг цаазалжээ

Исламын дайчид барьцааны канад иргэнийг цаазалж, толгойг нь Филиппиний Хулу арал дахь хотын захиргааны ойролцоо орхисон байна. Канадын иргэн Жон Ридсдел өнгөрсөн оны есдүгээр сард өөр гурван хүний хамт исламын дайчдад барьцаалагдсан аж. Түүнтэй хамт Канадын жуулчин Роберт Холл, түүний найз бүсгүй филиппин эмэгтэй, Норвегийн иргэн Кжартан Секкингстад нар исламын зэвсэгт дайчдад барьцаалагджээ.

“Abu Sayyaf” зэвсэгт бүлэглэл барьцааны гадаад иргэдийн амь насны төлөөсөнд тус бүр нь 21 сая ам.долларыг нэхэж байсан юм. Түүнчлэн тэд дөрөвдүгээр сарын 25-ны дотор 6.4 сая ам.долларыг төлөхгүй бол Жон Ридсделийг цаазлахаа мэдэгдсэн байв. Гэвч товлосон хугацаа өнгөрснөөс хэдэн цагийн дараа мотоциклтой хоёр эрэгтэй хотын захиргааны гадна гялгар уутанд хийсэн Жон Ридсделийн толгойг орхижээ.

Энэ хэргийн дараа Канадын ерөнхий сайд Жастин Тюрдоу хүний мөсгүй гэмт хэрэгтнүүдийг барьж шийтгэх асуудлыг Филиппиний талд тавьж, барьцааны бусад иргэдийн суллуулахаар ажиллаж буйгаа мэдэгджээ.

“Abu Sayyaf” нь жижиг зэвсэгт бүлэглэл боловч гадаадын иргэдийг барьцаалах гэмт хэргээр гаршсан гэнэ. Түүнчлэн тус бүлэглэл 2004 онд Манилагийн эрэгт гатлага онгоцонд тэсрэх бөмбөг дэлбэлснээс 100 гаруй хүнийг хөнөөсөн халдлагыг үйлджээ. Тус бүлэглэл сүүлд Ойрхи-Дорнодод хүчээ авч, Европыг айлгах болсон “Исламын улс” бүлэглэлд нэгдсэн байна.

Эх сурвалж: Agence France-Presse

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж