Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтээс хойш 30 жил өнгөрсөн хэдий ч хаалттай хотын ойролцоох тосгон сууринд төрөлхийн гажигтай хүүхдүүд төрж, хорт хавдрын ховор тохиолдлууд бүртгэгдсээр байна.
1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд гарсан энэ осол хүн төрөлхтөний түүхэнд хүний буруутай үйл ажиллагаанаас болсон хамгийн том осол гэж бичигдсэн юм. Чернобылийн цөмийн осол хуучин Зөвлөлт систем задран унахад хувь нэмэр оруулсан төдийгүй дэлбэрэлтийн дараах радио идэвхит бодис, хорт туяанд хордож асар олон хүн амиа алдсан нь цөмийн эрчим хүчний тухай дэлхий нийтийн ойлголтыг эрс өөрчилсөн.
Энэ бүхнээс хамгийн эмгэнэлтэй нь цөмийн хорт бодис хамгийн их тархсан энэ газрын хүүхдүүд төрөлхийн гажигтай төрж байгаад байгаа ажээ. Тэдгээр хүүхдүүдийн дунд нэг хөлгүй, бас хоёр толгойтой хүүхэд ч бий. Чернобылиэс 131 км-ын зайд орших Беларусын Гомел мужийн хүүхдийн эмнэлэгт хэвтэж буй 800 хүүхдийн тал хувь нь бамбай булчирхайн хорт хавдартай ажээ. Тус эмнэлгийн эмчийн хэлж буйгаар дэлхийн өөр хаана ч хорт хавдрын ийм олон тохиолдол бүртгэгдээгүй гэжээ. Эмнэлэгт ирсэн хүүхдүүд ямар нэг хавдар, төрөлхийн гажиг, генетикийн өөрчлөлт, зүрхний гажигтай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй ажээ. Тэдгээр хүүхдүүдийн дийлэнх нь өсч том болж чадалгүй хорвоог орхидог.
Орхигдсон хот
Чернобылийн зэргэлдээх хот дахь Зөвлөлтийн үеийн балгас болсон байшин барилгууд ослын дараа хотын иргэд хэрхэн үймж сандран, орон гэрээ хэзээ ч эргэж ирэхгүйгээр орхисон яг тэр хэвээрээ үлджээ. Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтээс өмнө тус хот 60,000 оршин суугчтай байжээ. Хүмүүс явснаас хойш хотын балгас болсон хүүхдийн цэцэрлэгт хүүхдүүдийн хаясан тоглоом, өрөөсөн гутал энд тэндгүй хөглөрнө. Атомын цахилгаан станц дэлбэрэлтийн дараа радио идэвхит бодис тархсан хотод 180 гаруй хүн л үлджээ. Тэдний дийлэнх нь одоо 80 гарсан настай хөгшчүүд. Гэвч тэд цацраг идэвхит бодист хордох нь биш, гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй нь хамгийн хэцүү гэнэ.
Чернобыльд болсон явдлын талаар олон нийтэд мэдээлэх гэж хуучин Зөвлөлтийн удирдлагууд яараагүй гэдэг. Атомын цахилгаан станцын дэлбэрэлт нь реактор буюу цөмийн тогооны буруу угсралт, муу бэлтгэгдсэн боловсон хүчний буруугаас үүдэлтэйг хүлээн зөвшөөрөхийн тулд түүнээс ч их цаг зарцуулсан билээ.
Чернобылийн атомын цахилгаан станцад ажиллаж байсан Андрей Глухов 1986 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр гэртээ унтаж байхдаа маш чанга чимээ гарахыг сонсчээ. Андрей станцад тог тасарч гэж боджээ. Гэхдээ станцад ямар аймшигтай зүйл болсныг албаныхан тас нуусан юм. Хоёр өдрийн дараа Андрей станцын реактор улайссан байхыг олж харсан байна. Тэр үед Андрей үүнийг осол биш жинхэнэ сүйрэл болсныг ойлгосон юм.
Тэрбээр дөрвөн реакторын хяналтын хэсэгт ажиллаж байсан ажилчдыг бүгдийг нь таньдаг байжээ.
Станцын ажилтнууд ослын үеэр хамгийн түрүүнд амиа алдсан бөгөөд тэдгээр хүмүүсийн нэрийг дурсгалын цогцолборт үлдсэн юм. Зарим ажилчид ослын үеэр байгууламж дотор үлдсэн гэдэгт Андрей одоо ч эргэлздэггүй гэнэ.
Гамшиг, хор хохирлынхоо хэмжээгээр Чернобылийн сүйрэл 2011 онд Японы Фукушима атомын цахилгаан станцын сүйрлээс хэд дахин илүү байсан гэдэг.
Угсралтын алдаанаас болж, хүчдэл нэмэгдсэнээс дөрвөн реакторын орой зад үсэрсэн гэдэг. Дэлбэрэлт хичнээн хүний аминд хүрсэн тухай мэдээлэл үргэлж маргаантай байв. 2005 оны Чернобылийн Форумаас гаргасан судалгаа дэлбэрэлтээс болж 50 хүн нас барсны дийлэнх нь станцын ажилчид байсан гэдэг. Гэвч дэлбэрэлтийн дараах цацраг идэвхит бодисын нөлөөгөөр 9000 гаруй хүн амиа алдсан гэж уг судалгаанд дурдсан юм. Харин байгаль орчныг хамгаалахын төлөөх “Greenpeace” байгууллагын судалгаа энэ тоог 93,000 гэж баталдаг.
Чернобылийн цацраг идэвхит туяаны нөлөө хөрш зэргэлдээх Европын улсуудад ихээхэн хохирол учруулсан юм.
Дэлбэрэлтийн дараа станцын барилгыг саркофаг буюу бетоноор битүүлсэн байна. Бетоны 30 жилийн ашиглалтын хугацаа дуусч байгаа тул шинээр барьж эхэлсэн. Чернобылийн атомын цахилгаан станц ослоос хойш 14 жил эрчим хүч үйлдвэрлэсэн боловч 2000 онд олон улсын шахалтаар бүрмөсөн хаагдсан.
Чернобылийн сүйрсэн дөрвөн реакторыг гадуур нь бүрхэх байгууламж барих олон улсын төсөл энэ оны сүүлчээр хэрэгжүүлэх бөгөөд төслийн багт Андрей Глухов ажиллаж байгаа гэнэ.
Станцыг тусгаарлах бүрхүүл байгуулах энэ төсөл нь түүхэн дэх инженерийн хамгийн том төсөл болох ажээ. Цацраг идэвхит бодисын түвшин асар их цөмийн реакторын орчим ажиллах энэ төсөлд робот машинуудыг ашиглах гэнэ. Шинжээчдийн тооцоолж буйгаар реакторын цацраг идэвхит бодисын 97 хувь нь одоо ч дотроо агуулагдаж байгаа ажээ. Төслийг хэрэгжүүлэхэд дор хаяж 30 жил шаардлагатай гэнэ. Цөмийн реакторт гал гарч дэлбэрэлт үүссэний улмаас цацраг идэвхит бодисын ердөө гурван хувь алдагдсан ч нөхөж баршгүй гамшиг сүйрэл дагуулсан юм.
2000 онд Чернобылийн сүүлчийн реакторыг хааснаас хойш зүүн Европын орнууд дахь Зөвлөлтийн үеийн найман реакторыг идэвхигүй болгосон билээ.
Гэвч Чернобылийнх шиг гамшиг сүйрэл дахин давтагдахгүй гэх баталгааг хэн ч өгч чадахгүй.
Технологийн дэвшил, дэлхий нийтийн хандлага эрсдэлийг бууруулж байгаа ч цөмийн аюулгүй байдалд ам гарч болдоггүй.
Н.ЭНХ