Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос “РИО-2016” олимпийн эрх олгох “The first “Last-Chance” /Эхний –сүүлчийн бололмж/ тэмцээнийг Монгол Улсад амжилттай зохион байгууллаа. “Буянт-Ухаа" спортын ордонд дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд болсон энэхүү тэмцээнд дэлхийн 80 орны 650 гаруй тамирчид олимпийн 48 эрхийн төлөө өрсөлдсөн юм. Манай улсаас олимпийн эрх аваагүй байгаа эрэгтэй нэг, эмэгтэй хоёр жин бий. Үүнд, эрэгтэй 97 кг-ын жинд Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэй 48 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамичин О.Бурмаа нар нутгийн дэвжээндээ олимпийн эрхийн төлөө барилдсан ч авч чадаагүй юм. Энэхүү тэмцээнд Д.Хүдэрбулга хүрэл медалийн болзол хангасан ч олимпийн эрхийн төлөөх нэмэлт барилдаанд Молдавын бөхөд ялагдсан.
Тэгвэл одоо чөлөөтийн тамирчдын хувьд ганцхан тэмцээн үлдлээ. Олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн тавдугаар сарын 6-8-нд Туркийн Истанбулд болно. Энд дэлхийн бөхчүүд дахин цуглаж , сүүлчийн боломжийн төлөө өрсөлдөх юм.
Ч.БОЛОР