Венесуэлийн сөрөг хүчин ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаагаас дөрвөн жил болгож багасгахаар Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хуулийг санаачилсан боловч Дээд шүүхээс хориг тавьжээ. Венесуэлийн Дээд шүүхээс ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг багасгах нь Үндсэн хуулийг зөрчиж, ард түмний сонголтыг үгүйсгэсэн хэрэг болно хэмээн хориг тавьжээ. Венесуэлийн сөрөг хүчин эдийн засаг доройтож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд үүссэнд ерөнхийлөгч Николас Мадурог буруутгаж огцруулах арга замыг эрэлхийлж байгаа юм. Сөрөг хүчин өнгөрсөн нэгдүгээр сард Венесуэлийн парламентын сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Николас Мадурог огцруулах бүх аргыг эрэлхийлэхээ амласан билээ. Улмаар өнгөрсөн долоо хоногт парламентын доод танхимд үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай хуулийг дэмжин баталсан байв.
Өмнө нь Николас Мадуро Дээд шүүхэд хандсанаар сөрөг хүчний боловсруулсан өмнөх хуулийн төслүүдийг Үндэсний ассамблейд хэлэлцэхээс сэргийлж дөнгөсөн аж. Гэвч Николас Мадуро бүрэн эрхийн хугацааны талд орсноор Үндсэн хуулийн дагуу бүх нийтийн санал асуулгаар огцроход хүрч магадгүй юм. Иймд сөрөг хүчнийхэн бүх нийтийн санал асуулгад найдлага тавьж байна.
Николас Мадуро Венесуэлийн өмнөх ерөнхийлөгч Уго Чавесын эхлүүлсэн социалист хувьсгалыг эрчимжүүлэхээ мэдэгдэж байв. Гэвч Венесуэлийн ард иргэд эм тариа, ариун цэврийн цаас, ургамлын тос гэх мэт өргөн хэрэглээний барааны хомсдолд орсноор ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг удаа дараа жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Түүнчлэн Даваа гаригт эрчим хүчний хомсдолоос үүдэн засгийн газраас хамгийн их хүн амтай 10 мужид өдөрт дөрвөн цаг цахилгааны хязгаарлалт хийх арга хэмжээг эхлүүлжээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унаснаас ихээхэн хохирол амссан Венесуэл улс хоёр дахь жилдээ эдийн засгийн хямралтай нүүр тулж байна.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.АНХТУЯА