Хятадын Коммершил Пресс компаниас эрхлэн хэвлүүлдэг Шинхуа Толь бичгийг Гиннесийн номын “хамгийн их борлуулагддаг ном”, мөн “хамгийн түгээмэл толь бичиг”-ээр өнгөрсөн сард бүртгэн авчээ.
Орчин цагийн БНХАУ үүсгэн байгуулагдсан 1949 оноос хойш хэвлэгдэж эхэлсэн энэхүү толь бичиг 2015 оны долдугаар сарын 28-ны байдлаар 567 сая ширхэг зарагдсаныг ийнхүү Гиннесийн номд бүртгэн авсан байна.
"Сүүлийн хэдэн жил энэхүү толь бичгийн борлуулалт, хэрэглээний талаар бид судалгаа хийгээд Шинхуа толь бичиг нь хоёр дээд амжилтад зэрэг бүртгэгдэх боломжтойг тогтоосон" хэмээн дэлхийн дээд амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн номын дэд захирал Марко Фригатти дээд ажмилтыг бүртгэх албан ёсны ажиллагааны үеэр хэлжээ.
Шинхуа толь бичиг нь хятад үгийн тайлбар толь бөгөөд байнга шинэчлэгдэж байдаг. Үүнээс гадна “Үндэсний толь бичиг”-ийг хятадууд болон хятад хэл сурч байгаа гадаадынхан өргөн хэрэглэдэг ажээ.
А.ШАРАВ