Үнэ буусан эхний улирал

Хуучирсан мэдээ: 2016.04.26-нд нийтлэгдсэн

Үнэ буусан эхний улирал

Монгол улсын хувьд сүүлийн саруудад үнийн түвшин буурах хандлага ажиглагдаж байгаа нь бараа, үйлчилгээ улам хямдарч, иргэдийн худалдан авах чадварт эергээр нөлөөлөх талтай. Тухайлбал, сарын инфляцийн түвшин 2016 оны нэгдүгээр сард 0.4 хувь, хоёрдугаар сард 0.8 хувь, гуравдугаар сард 0.3 хувийн өсөлттэй байжээ. Үнийн хэлбэлзэл өндөртэй мах, сүү болон хүнсний ногооны дэд бүлгүүдийг хэрэглээний сагснаас хасч, Төв банкнаас үнийн хандлагыг тогтоодог суурь инфляцийн түвшин эдгээр сард өмнөх сартай харьцуулахад тогтмол 0.4 хувиар буурсан, жилийн эхэнтэй харьцуулахад харгалзан 0.4 хувь, 0.7 хувь, 1.1 хувиар буурсан болох нь доорх графикаас харагдаж байна.

Мөн 2016 оны гуравдугаар сарын 29‐ны байдлаар 2050.85 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханш дөрөвдүгээр сарын 22‐ны өдөр гэхэд 1982.67 төгрөгт хүрсэн нь валютын ханшаас ихээхэн хамааралтай манай эдийн засгийн хувьд үнэ буурах томоохон нөхцөл байдлыг бий болгосон сайн мэдээ болоод байна.

Худалдааны эерэг тэнцэл, гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлт, Оюутолгойн далд уурхайн хөгжүүлэлт ба санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан болон “Credit Suisse” банкнаас 250 сая ам.долларын синдикат зээлийн санхүүжилт орж ирсэн, Монгол улсын Засгийн газар 500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлээс босгосон зэрэг нь түр хугацаанд ханшийг чангаруулж, үнэ буурах нөхцөлийг бүрдүүлээд байна.

Хүлээлт үүсгэсэн нэгдүгээр сар

2016 оны нэгдүгээр сарын 1‐нээс Монгол Улс иргэддээ нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ урамшуулал олгож эхэлсэн нь далд эдийн засгийг ил болгох, төсвийн орлого эрс нэмэгдэх гэх зэрэг олон эерэг талтай боловч нөгөө талаас НӨАТ-ын цахим баримт олгож буй жижиглэн худалдааны дэлгүүрүүд, ресторан үйлчилгээний газрууд бүтээгдэхүүний үнээ хоёр орчим хувиар нэмэгдүүлээд

байна. Уул уурхайн яамнаас шатахууны жижиглэн худалдааны үнийг 2016 оны нэгдүгээр сарын 21‐ний өдрөөс 80‐150 төгрөгөөр буурсан болохыг мэдэгдсэн нь бензин, түлшний үнээс хамаарч үнэ тогтдог манай эдийн засагт үнийг бууруулах томоохон үйл явдал боллоо. Үүний үр дүнд бүх төрлийн тээвэрлэлтийн зардлыг бууруулах, бараа үйлчилгээний өртгийг багасгахад томоохон нөлөө үзүүлсэн аж.

“Нийгмийн дундаж давхаргыг тэлж, хуримтлалыг нэмэгдүүлэх замаар, эдийн засгийн урт хугацааны хөгжилд хүрэх нь” сэдвээр УИХ‐ын дарга З.Энхболд танилцуулга хийж, ипотекийн зээлийг зогсоосон нь эдийн засагт ямар сөрөг уршигтайг танилцуулаад, инфляци буурсан тул зээлийн хүүг таван хувь болгон бууруулах боломж бүрдсэнийг ч харуулав. Энэ нь найман хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэдийн хувьд зээлийн төлөлтийн хэмжээ багасч, багассан хэсгийн зарцуулалтын хүлээлтийг үүсгэв.

Мөн шинээр орон сууцны зээлд хамрагдах боломжтой иргэдийн тоо нэмэгдэж, барилгын компаниудын хувьд борлуулалт нэмэгдэх хүлээлтийг бий болгов. Энэ үед инфляцийн тоон мэдээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг хувиар, жилийн эхэн үетэй харьцуулахад 0.4 хувиар өсчээ.

Сарны тооллын шинэ жил буюу хоёрдугаар сар

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн онцолсноор Засгийн газраас мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн экспортыг дэмжих, малчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор малчдын зээлийн хүүгийн ачааллыг бууруулах бодлогоо тодорхойлон хэрэгжүүлж эхэлсний эхний алхам нь малчны зээлийн хүүг 2016 оны хоёрдугаар сарын 22‐ны Засгийн газрын 113 болон 114 тоот тогтоолоор 18 хувь болгон бууруулсан явдал байв.

Монголбанкны мэдээгээр нийт 153 мянган малчин өрх байдгаас 120 мянган малчин өрх Хаан болон Төрийн банкинд нийт 222.7 тэрбум төгрөгийн 26.5‐29.5 хувийн хүүтэй зээлтэй. Төрийн банк малчдын зээлийн хүүг 18 хувь болгон бууруулсан нь малчин иргэдийн зээлийн төлөлтийн хэмжээг бууруулах, тус хэмнэлтийг хэрэглээндээ зарцуулах боломж бүрдэж байгаа юм.

2016 оны хоёрдугаар сарын хэрэглээний үнийн индекс өмнөх оны энэ үетэй харьцуулахад 1.6 хувь, 2015 оны жилийн эцэстэй харьцуулахад 1.2 хувь, өмнөх нэгдүгээр сартай харьцуулахад 0.8 хувиар өссөн байна. Нийслэлийн статистикийн газрын хийсэн ажиглалтаар хэрэглээний сагсанд сонгогдсон 329 нэрийн бараа, үйлчилгээний 10.6 хувьд үнэ өсч, 3.4 хувьд үнэ буурч, 86 хувьд өмнөх сартай харьцуулахад тогтвортой байв. Энэхүү ажиглалтын үр дүн Цагаан сарын үеийн үнийн өсөлт нийт хэрэглээний 10 орчим хүвьд бий болж, 86 хувьд нь нөлөөлөөгүй болохыг хэлж байна.

Хэлэлцэж, ярилцсан гуравдугаар сар

Засгийн газар 2016 оны гуравдугаар сарын 4‐ний ээлжит бус чуулганаар оны эхнээс иргэдэд хүлээлт үүсгээд байсан орон сууцны зээлийн нөхцөл суларч, таван хувийн хүүтэйгээр зээл олгох журам батлагдлаа. Уг журамд шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, нийслэлийн алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас худалдан авсан тохиолдолд таван хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой хэмээн заажээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 18450 айл өрх найман хувийн хүүтэй зээлээс таван хувийн зээл рүү шилжих боломжтой байгаа юм.

Гуравдугаар сарын байдлаар банкууд 2669 иргэний 163.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 779 иргэний таван хувийн хүүтэй 36.4 тэрбум төгрөгийн, 1363 иргэний найман хувийн хүүтэй 87.4 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 532 зээлдэгчийн 22 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг найман хувиас таван хувьд шилжүүлээд байна.

2016 оны гуравдугаар сарын 15‐нд “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулснаар Төрийн банкинд 3646 малчин 11 тэрбум 758.7 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс Төрийн банк 2016 оны гуравдугаар сарын 30‐ны өдрийн эцсийн байдлаар 1898 малчинд зургаан тэрбум 115.5 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.

Монголын эдийн засгийн чуулганыг гуравдугаар сарын 30, 31‐ний өдрүүдэд зохион байгуулсан нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэх, цаашдын хандлагыг хэлэлцэх ач холбогдолтой байлаа. Чуулганаас гаргасан мэдэгдлүүдийг дүгнэвэл Монголын бизнесийн орчин царцанги байдалтай, түүхий эдийн дэлхийн зах зээлийн нөхцөл байдал уналттай, мега төслүүдийн бүтээн байгуулалт зогссон тул ойрын хугацаанд эдийн засгийн сэргэлт бий болох дүр зураг ажиглагдахгүй байна.

Гуравдугаар сард хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 хувь, оны эхэн үетэй харьцуулахад 1.5 хувь, өмнөх сартай харьцуулахад 0.3 хувиар тус тус өсчээ.

Дүгнэлт

2016 оны нэгдүгээр улиралд тохиолдсон үйл явдлуудаас дүгнэхэд шатахууны үнийн бууралт, төгрөгийн ам.долларын эсрэг чангарч байгаа зэрэг нь үнийн өсөлтийг хазаарлах чухал нөлөөтэй хүчин зүйлс болж байна. Нөгөөтэйгүүр эрэлтийг урамшуулах малчны зээлийн хүүний бууралт, таван хувийн орон сууцны зээл олголт эхэлсэн нь худалдан авах чадварыг нэмэгдүүлэх талтай.

Гэхдээ эдгээр зээлийн хүүний түвшин нь эрсдэлгүй хүүний түвшин, бодлогын хүүнээс бага байгаа нь түр хугацаанд хүчилж тогтоосон, урт хугацаанд өсөж болзошгүй гэж дүгнэхэд хүргэж байна.

Мөн Монголын эдийн засгийн чуулганы өнгө аясаас богино хугацаанд эдийн засаг сэргэх хандлага харагдаагүй тул хоёрдугаар улиралд үнийн түвшний өсөлт ажиглагдахгүй байж болох юм.

СЭЗДС-ийн Санхүүгийн тэнхимийн багш С.Дашдорж, Б.Номун

Энэхүү нийтлэлийн гол зорилго нь олон нийтэд хүлээгдэж буй инфляцийн талаарх тоймтой мэдээллийг энгийн үг хэллэгээр хүргэх зорилготой. Тус нийтлэл нь СЭЗДС-ийн удирдлага, багш нарын байр суурийг илэрхийлэхгүй. Зөвхөн хувь судлаачдын санал, бодлыг илэрхийлнэ.

Бидэнд санал бодлоо илэрхийлэхийг хүсвэл

dashdorj.s@ife.edu.mn;

nomun.b@ife.edu.mn

хаягуудаар холбогдох ба таны саналыг сонсохдоо бид таатай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж