Хувьцааны хоёр дахь арилжаа эхлээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.04.26-нд нийтлэгдсэн

Хувьцааны хоёр дахь арилжаа эхлээгүй гэв

-Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр 16.00 цагт эхэлсэн.  Энэ хуралдааны үеэр ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл цацагдсан. Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулж ирэх гэсэн боловч Ерөнхий сайд зөвшөөрөөгүй байна. Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй гэсэн Ерөнхий сайдын шийдвэрэс болж Хууль зүйн сайд Д.Дорлигжав "Би энэ засагт ажиллахгүй хэмээн" хурлаа хаяж гарсан гэж эх сурвалж мэдээлжээ. 

-Үндсэн хуулийн цэцээс жагсаалтын 28 мандатыг хүчингүй болгосон тул энэхүү 28 мандатыг тойрог руу шилжүүлэх ёстой. Тиймээс 26 тойрогтоо 28 мандатаа хувааж, өөрөөр хэлбэл хөдөөгийн 20 тойрогт нэг нэгээр, үлдсэн найман мандатыг нийслэлийн дүүргүүдэд хувиарлах нь зүйтэй гэж УИХ дахь МАН үзэж байна.Сонгинохайрхан , Баянзүрх дүүрэгт тус бүр хоёр мандат, бусад дүүргүүдэд нэг мандатыг хувиарлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ийм байдлаар тойргоо хувиарлах нь зүйтэй байх. Үндсэн хуульд хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны хүчин зүйлийг харгалзана гэсэн заалт байгаа. Иймээс бид хуулиа барих ёстой гэж МАН мэдэгджээ.

-Өвөрхангай Хархорин, Сэлэнгийн хөтөл, Төв аймгийн Угтаал сумд руу ХХААЯ-наас тариаланчдад хямд үнээр, хөнгөлөлттэй нөхцлөөр олгох бордоог өчигдөр илгээжээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нэг га талбайд 40 килограмм бордоог олгоно гэж хуваарилжээ. Одоогоор 1500 тариаланч 300 мянган төгрөгийн урьдчилгаа төлж, үлдсэн 100 мянган төгрөгийг нь намрын ургац хураалтаасаа өгнө гэсэн зээлийн нөхцөлтэйгөөр бордоо авахаар салбарын яамдаа хандсан байна.

– “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай холбоотой асуудлаар  өчигдөр СЗХ-ноос мэдээлэл өглөө. Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны хяналтын хэлтсийн дарга Б.Долгорсүрэнгийн мэдээлж буйгаар  “Эрдэнэс-Таван толгой”-н хувьцааг арилжаалах, зарах ямар ч боломж нээгдээгүйг давтан онцоллоо. Тухайлбал, хувьцааг арилжиж, мөнгө болгохоор болбол Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо аль алинд нь бүртгүүлж, албан ёсны шийдвэр гарах ёстой. Гэтэл ямар ч шийдвэр гараагүй учраас хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлээгүй гэдгийг албан ёсоор мэдэгджээ.

– Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж, Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, 31.12 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулах тухай тогтоол гаргасан байна. Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд орсон, сонгуулийн хууль тогтоомжийн талаарх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаас сонгуулийн хороодод өмнө нь ажиллаж байсан ажлын туршлагыг нь харгалзан томилжээ.

– УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сарын 29-нд болно. Сонгууль болохтой холбоотойгоор энэ сарын 30-наар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуульд зааснаар шилжилт хөдөлгөөнийг санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-наас зогсоохоор хуульчилсан юм. Тиймээс иргэд өөр аймаг сум, засаг захиргааны нэгж рүү шилжсэн бол бүртгэлээ дөрөвдүгээр сарын 30-наас өмнө хийлгэх шаардлагатай юм.

– УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн ээлжит хуралдаан хойшилжээ. Бүлгийн дарга Н.Батцэрэг нь гадаадад ажиллаж байгаа тул дээрх хуралдааныг өнөөдөр дахин зарлах юм байна.Энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 22-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн Цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ. Иймээс тус бүлэг энэ асуудлыг өнөөдрийн дотор хэлэлцэх шаардлагатай юм.

– Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хйижээ. Тэд  шүүгчдийн орон тоог нэмэхгүйгээр нүүлгэн шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зохицуулалт хийснээ тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, шинэ зохицуулалтаар 13 аймагт шүүх нэмж байгуулна. Мөн нийслэлийн дүүрэг бүрд эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүх байхаар болсон. Ийнхүү шүүх нэмж байгуулах нь эргээд шүүгч нэмэх, шүүхийн байрнаас эхлээд илүү зардал ихээр гарна хэмээн шүүмжлэх хэсэг ч байсан. Тэгвэл шүүгч нэмж авахгүйгээр, одоогийн нөөц боломж дээрээ тулгуурлахаар болжээ. Тухайлбал, 13 аймагт нэмж байгуулах давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давж заалдах шатны шүүгчдийн 55.8 хувийг нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж