Засгийн газрын ээлжит хуралдаан дууслаа. Уг хуралдааны үеэр Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг оруулж ирэх гэсэн ч Ерөнхий сайд хүлээн аваагүй байна. Ерөнхий сайдын зүгээс Хууль зүйн сайд Д.Дорлигжавт хатуухан зэмлэл хүртээсэн аж. Тэрбээр “Аль ч Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг, ажилласаар ирсэн. Хэрэв та танхимын зарчмаар ажиллаж чадахгүй бол өргөдлөө өг” хэмээн Д.Дорлигжавыг загнажээ. Багаар ажиллаж чадахгүй бол өргөдлөө өг гэсэн Ерөнхий сайдын зэмлэлийг хүртсэн Хууль зүйн сайд Засгийн хуралдаанаа орхин гарсан байна. ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлөх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар огт хэлэлцээгүй аж.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг баруун бүсэд ажиллах үед Шадар сайд Ц.Оюунбаатар Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хуралдуулж, энэ үеэр Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг оруулж ирсэн байдаг. Гэвч, танхимынх нь бусад сайдууд Ерөнхий сайдыг эзгүй хойгуур энэ асуудлыг хэлэлцэхгүй хэмээн бөөн хэрүүл болсон талаарх мэдээлэл бий. Ямар ч байсан ЦЕГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх Хууль зүйн сайдын шийдвэрийг Ерөнхий сайд хүлээж авсангүй.
Б.БАТ