Хямд ган зах зээлийн үнийг унагаж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Хямд ган зах зээлийн үнийг унагаж байна

Хятадын хямд үнэтэй ган дэлхийн зах зээл дээр гангийн үнийг унагаж, бусад орны ган үйлдвэрлэгчдийг хүнд байдал руу түлхэж байгааг ган үйлдвэрлэгчид эсэргүүцэж эхэлжээ.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Хятадын гангийн үйлдвэрлэл асар өргөжиж, бүтээгдэхүүний гарц 12 дахин нэмэгджээ. Хятадтай харьцуулахад Европын холбооны орнуудын гангийн үйлдвэрлэл 12 хувиар буурч, АНУ-ынх харьцангуй багасчээ.

Дэлхийн гангийн ассоциацийн судалгаанаас харахад Хятад улс 1990 онд жилийн 66.4 сая тонн ган үйлдвэрлэж байсан бол 2014 онд 822.7 сая тонныг үйлдвэрлэсэн байна.

Хятадын гангийн үйлдвэрлэл ингэж эрс нэмэгдсэний шалтгааныг Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд хоёр оронтой тоогоор өссөнтэй холбон тайлбарлаж болно. Эдийн засгийн өсөлтийг дагаад гангийн эрэлт эрчимтэй нэмэгдсэнээс  Засгийн газрыг энэ салбарт асар их хөрөнгө мөнгө хаясан билээ. Гэвч Хятадын эдийн засгийн өсөлт саарч эхэлсэн нь эрэлтэд нөлөөлж, Хятадад үйлдвэрлэлийн хэрэгцээнээс давсан, гангийн асар их нөөцийг бий болгосон юм. 2014 онд 822 сая тонн ган үйлдвэрлэсэн Хятад энэ жил үүнээс ч их хэмжээний ган үйлдвэрлэх төлөвтэй байгаа юм. Гэвч 2016 онд үйлдвэрлэлд ердөө 672 сая тонныг ашиглах төлөвлөгөө гарчээ.

Энэ шалтгаанаар Хятад ганг олон улсын зах зээл дээр хямд үнээр худалдаалж эхэлсэн нь бусад орны ган үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг сулруулж байгаа юм.

Олон улсын зах зээлд хямд ган нийлүүлж буйгаа Хятад үйлдвэрлэлийн илүүдлийг багасгах зорилготой гэж тайлбарлаж байгаа ч бусад орны үйлдвэрлэгчид үүнийг гарз, хохирол гэж үзэж байна.

Гангийн үнийг сэргээхийн тулд Хятад ямар алхам хийх вэ?

Юу ч хийхгүй. Бусад орны ган үйлдвэрлэгчид Хятадыг зах зээлд хямд ган нийлүүлж, бизнесийг нь зах зээлээс шахлаа гэж гомдоллож байх зуур Хятад улс дотооддоо гангийн салбарт  том асуудалтай тулгараад байгаа юм.

Өнгөрсөн 25 хугацаанд тасралтгүй өссөн гангийн үйлдвэрлэлийн хэмжээг багасгахаар болсон нь асар олон ажлын байрыг үгүй хийж, нийгэмд тогтворгүй байдал үүсгэх эрсдэл бий болгосон юм.

Яг ийм шалтгаанаар Хятад хүчээ авсан гангийн үйлдвэрлэлийн хэмжээг бууруулахгүй л бол хямд гангийн экспортоос болж, олон улсын зах зээл дэх үнэ мөд сэргэхгүй.

Хятадын гангийн хямд экспортын эсрэг авах арга хэмжээг зарим орнууд импортын өндөр тариф тогтоох гэж харж байна. Гэвч ган үйлдвэрлэгч орнууд Энэтхэг, АНУ, Индонези Хятадын хямд ганд импортын тариф тогтоогоогүй байгаа ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж