Д.Энхгэрэл: “Хөмөргөн гурвалжин”-аар байгалиа хайрлахыг өгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Д.Энхгэрэл: “Хөмөргөн гурвалжин”-аар байгалиа хайрлахыг өгүүлнэ

Эрдэмтэн зохиолч С.Дуламын хадны зургууд дээр хийсэн судалгаанд тулгуурласан “Хөмөргөн гурвалжин” бүжгийн жүжгийг өнөө орой ҮДБЭЧ-ын тайзнаа сонирхуулах гэж байна. Тус бүжгэн жүжгийн бүжиг дэглээч, СУИС-ийн багш Д.Энхгэрэлтэй ярилцлаа.

-Бүжгэн жүжгийн хөгжим их өвөрмөц юм. Энэ жүжгийг ямар уранбүтээлчид “тайзнаа тоглож байгаа вэ?

-Хөгжмийн зохиолчоор Д.Ариунболд ажилласан. Хөгжим их сайн болсон гэж бодож байгаа. Хугацаа бага байсан хэдий ч хөгжмөө бичиж, бүжгээ дэглэсэн. СУИС-ийн харьяа сургуулиудын дунд шилдэг төсөл шалгаруулдаг юм. Энэ жил С.Дулам багшийн судалгаанд суурилсан “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” нэртэй цуврал гурван бүжгийн жүжгийн эхний “Хөмөргөн гурвалжин” нэртэй этно-модерн бүжгэн жүжгийн тоглох гэж байна. Бүжгэн жүжигт 54 оюутан оролцож байгаа. Хөгжмийн урлагийн сургууль, цохиур хөгжим, хөөмий, богино дууны анги, Радио телевизийн медиа урлагийн сургууль, Дүрслэх урлагийн дээд сургууль гээд олон хүний хүч хөдөлмөр шаардсан тоглолт болж байна. 

-“Хөмөргөн гурвалжин”. Яагаад ингэж нэрлэх болов оо?

-Доктор С.Дулам багшийн судалгаанд хорлогчин бөөгийн сахиус нь гурвалжин хэлбэртэй бөгөөд хэц хэнгэрэг дээр нь тэмдэглэсэн байдаг. Дундговь аймгийн Дэл уулны дөрвөлжин булшнаас олдсон харын хартай бөө буюу хорлогчин бөөгийн оршуулах зан үйлийг судалсан судалгаанд суурилж бүжгийн жүжгийн анх удаа хийж байна. Мөн Хэнтий аймгийн Батширээт суманд “Тамганы бүжигчин” гэдэг хадны бичээст хөмөргөн гурвалжны бичээс байсан гэдэг. Энэ хадны бичээсүүд хоорондоо уялдаатай юм болов уу гэдэг үүднээс “Хөмөргөн гурвалжин” хэмээн нэрлэсэн юм.

-Эртний хүмүүсийн тухай өгүүлдэг гэл үү. Ингэхэд өөрөө хаана, ямар мэргэжил эзэмшсэн бэ?

-Би 2000 онд СУИС-ийн бүжиг дэглэн найруулах ангийг төгссөн. Төгсөөд Улаанбаатар чуулгад бүжиг дэглээчээр ажиллаж байсан. Мөн “Ариун хаврын тахилга” нэртэй бүжгэн жүжгийг дэглэж байсан нь энд нөлөөлж байна. Мөн С.Дулам багшийн судалгаа их сонирхолтой, уламжлалт хэлбэрийг агуулж буйгаар онцлог юм. Дэгийн гол хөдөлгөөнийг эртний хадан бичээс дэх хүмүүсийн бие галбир, биеийн байдлыг дүрслэх /төхөл барих/ хөдөлгөөнөөр илэрхийлж буйгаар онцлог юм. МУГЖ Д.Нанжид багшийн “Эртний тойром бүжгийн судалгаа” надад их хэрэг болсон. Бүжиг дэглээчийн хувьд С.Дудам, Б.Жамъяандагва, Д.Нанжид багш нараас зөвлөгөө авч, бүжгийн жүжгийнхээ цомнолтой уялдуулсан юм. 

-“Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгээр юу өгүүлэхийг хүссэн бэ?

-Бүжгэн жүжгийн гол дүр хорлогчин бөө байх болно. Өөрийн хувь заяандаа гомдолж, хорссон догшин бөөгийн тухай өгүүлнэ. Мөн тухайн үеийн эртний хүмүүсийн амьдрал ахуй харилцааг харуулахыг хичээлээ. Мөн эхний үзэгдэлд гарах таван согоо бол хувилгаадууд юм. Тэдний гишгэж буй зүйл эрдэнэс баялгийг илэрхийлж байгаа. Байгаль дэлхийн гэдсийг хүүлж, эрдэнэст нь шунаж болохгүй гэсэн санааг давхар агуулсан. Хүн хүчтэй чадалтай байхын хэрээр догшин байж болохгүй. Бусдыгаа хайрлах энэрэх сэтгэлтэй байх ёстой. Хамгийн хүчтэй зүйл бол хайр гэдгийг илэрхийлэхийг хүссэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж