​​​​​​​48 тойрогт дахин 28 жижиг тойрог үүсгэхээс өөр аргагүй болно

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

​​​​​​​48 тойрогт дахин 28 жижиг тойрог үүсгэхээс өөр аргагүй болно

48 тойрогт дахин 28 жижиг тойрог үүсгэхээс өөр аргагүй болно

Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн Баасан гаригт дунд суудлын хуралдаанаа хийж, УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “… 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар …” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэн, хүчингүй болгосон юм. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд олонхи нь “Цэцийн шийдвэрийг хүлээн авах ёстой” хэмээн үзжээ. Харин УИХ энэ долоо хоногт хэлэлцэх асуудлынхаа жагсаалтад багтаасан байна. Хуулиараа ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу өгнө. ҮХЦ-ийн дунд суудлын дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй бол ҮХЦ-ийн дээд суудал хуралдана. Зарим эх сурвалж ҮХЦ-ийн дээд суудал, дунд суудлынхаа дүгнэлтийг хамгаалсан шийдвэр гаргана. Ингээд УИХ буюу хууль тогтоогчид Сонгуулийн тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй болно. Нөгөө талдаа эдийн засаг, улс төрийн шийдвэрт сөрөг нөлөөтэй гэж харж байна. Жишээлбэл, СЕХ-ноос ирэх сарын гуравны өдөр гадаад суугаа Монгол иргэдээс Дипломат төлөөлөгчдийн 44 газраар дамжуулан санал авахаар явах байжээ.

Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй сонгох зарчмыг зөрчөөгүй гэж тайлбарлах хуульч байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2012 онд иргэн Н.Ариунболд ҮХЦ-д Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “… 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар …” гэсэн заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн гомдол гаргасан ч, тухайн үеийн Цэц хүлээж аваагүй. Энэ бол зөв шийдвэр байсан хэмээн хуульч Б.Баярсайхан ярилаа. Тэрбээр “Үндсэн хуулийн 21.2 дугаар зүйл заалтад “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно…”  гэсэн нь шууд хүн сонгоно гэсэн ойлголт биш. Можаритор системээр 48, пропорциональ тогтолцоогоор  буюу намын жагсаалтаар 28 гишүүн сонгогдоно гэдэг нь нэр дэвшигчийг сонгох аргачлал болохоос Үндсэн хууль зөрчөөгүй” гэж тайлбарлалаа. Хэрэв ҮХЦ-ийн дээд суудал намын жагсаалтаар гарах пропорционалт тогтолцооны хуулийн заалтыг хүчингүй болговол можаритораар сонгох 48 тойрог дотроо дахин 28 жижиг тойрог үүсгэхээс өөр арга УИХ-д үлдээгүйг тодотгосон юм. 

Б.Баярсайхан хуульч өнгөрсөн баасан гаригийн ҮХЦ-ийн дунд суудлын хуралд итгэмжлэгчээр оролцсон Д.Лүндээжанцан гишүүний дэвшүүлсэн гаргалгаатай санал нэг байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан Шууд сонгох гэдэг нь нэгд: сонгогч сонгуульд ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож саналаа өөрөө гаргах, хоёрт: сонгогчдын саналын үндсэн дээр сонгуулийн дүнг хуулиар  тогтоосон журмын дагуу шууд гардаг гэсэн агуулгатай тул Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Улсын Их Хурлын гишүүнийг … шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, … сонгоно.” гэснийг зөрчөөгүй төдийгүй, сонгуулийн дүн нь шууд гарч байх хуулийн журмыг тогтоож байгаа юм” гэсэн үг гэнэ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж