С.Бямбацогт: Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлага гарч байна

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлага гарч байна

МАН-ын бүлэг хуралдаж, хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар мэдээлэл хийлээ.

Бүлгийн хурлаар үндсэн гурван асуудлыг хэлэлцсэн байна. Нэгдүгээрт, 2015 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ долоо хоногт дүгнэнэ. Тиймээс өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийг МАН-ын бүлэг хэрхэн дүгнэх талаар саналаа нэгтгэсэн байна.

Хоёрдугаарт, ҮХЦ өнгөрсөн долоо хоногт сонгуулийн холимог системийг хууль зөрчсөн хэмээн үзсэн. Ингэснээр ирэх сонгуульд жагсаалт “үгүй” болно гэсэн үг юм. Үүнийг МАН-ын бүлэг дэмжиж байгаагаа илэрхийллээ. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй. Урьд өмнө нь ч хүнээ сонгодог байх ёстой гэж бид үздэг байсан. Жагсаалтын ард нуугдах нь буруу.  Гэхдээ сонгууль дөхсөн үед ҮХЦ ийм шийдвэр гаргасан. Энэ нь сонгуулийн хугацаанд нөлөөлөх ёсгүй юм. Манай бүлгийн зүгээс цэцийн шийдвэр сонгуулийн хугацаанд нөлөөлж болохгүй гэж албан ёсоор байр сууриа нэгтгэсэн. Харин сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт орж хүнээ шууд сонгодог болох нь томсгосон 76 мажоритар байх уу, жижиг 76 мажоритар байх уу гэдэг асуудал яригдана. Тиймээс бид 28 жагсаалтыг 26 тойрогт хуваах асуудлыг тодорхой ярилцах ёстой” гэсэн юм.

Гуравдугаарт, Органик бүтээгдэхүүн үйлдэрлэх тогтоолын төслийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Эдгээр гурван асуудалтай уядпуулан байр сууриа нэгтгэсэн байна.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

-Жагсаалтын 28 мандатыг тойрогт хэрхэн хувиарлах нь зүйтэй гэж үзэж байна вэ?

-Үндсэн хуулийн цэцээс жагсаалтын 28 мандатыг хүчингүй болгосон тул энэхүү 28 мандатыг тойрог руу шилжүүлэх ёстой. Тиймээс 26 тойрогтоо 28 мандатаа хувааж, өөрөөр хэлбэл хөдөөгийн 20 тойрогт нэг нэгээр, үлдсэн найман мандатыг нийслэлийн дүүргүүдэд хувиарлах нь зүйтэй гэж үзэж байна.

Сонгинохайрхан , Баянзүрх дүүрэгт тус бүр хоёр мандат, бусад дүүргүүдэд нэг мандатыг хувиарлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ийм байдлаар тойргоо хувиарлах нь зүйтэй байх. Үндсэн хуульд хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны хүчин зүйлийг харгалзана гэсэн заалт байгаа. Иймээс бид хуулиа барих ёстой.

-Ирэх тавдугаар сарын эхээр нэр дэвшигчдийг зарлах ёстой. Тогтолцоог өөрчлөх хугацаа, боломж байгаа юу?

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг бид хүлээж авах нь зүйтэй. Мэдээж цаг хугацааны хувьд боломжтой.

-Сонгууль болох хугацааг хойшлуулж магадгүй гэсэн яриа байна л даа?

-2012 онд тойрогт ялагдвал жагсаалтруу гулсаж байгаа асуудлаар иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг. Үүний шийдвэр 2012 тавдугаар сарын 2-нд гарч байсан юм билээ. Энэхүү шийдвэр гарахад сонгууль хойшлогдоогүй. Харин сая гарсан шийдвэр бол дөрөвдүгээр сарын 22-нд гарсан. Иймээс цэцийн шийдвэрээс үүдэн сонгуулийн хугацааг хойшлуулах шалтаг шалтгаан болохгүй гэж үзэж байна.

-Намын жагсаалтыг хууль зөрчиж байгаа гэж үзэж байгааг ухарсан алхам гэж харж байна уу, урагшилсан алхам гэж харж байна уу?

-Аль намыг дэмжих вэ, хүнийг дэмжих үү намыг дэмжих үү гэдгээр сонгогчид санал өгөөд сурчихсан. Тийм болохоор сонголтоо тодорхой хийчихсэн байгаа. Энэ асуудалд төвөгтэй зүйл гарахгүй байх. Томсгосон тойргоор сонгууль явуулах уу, жижиг 76 гэсэн тогтолцоогоор сонгууль явуулах уу гэдгээ шийдээгүй байна. Үүнийг шийдсэний дараа хуулийг хэрэгжүүлэх нь СЕХ болон бусад хүмүүсийн үүрэг болно.

-Одоогийн хуулиар тавдугаар сарын 5-9-ны хооронд нэр дэвшигчид тодрох ёстой байгаа. Хуульд өөрчлөлт орвол үүнийг амжуулах нөхцөл боломж хэр байгаа вэ?

-Суурь заалт нь хөдөлж байна. Өөрөөр хэлбэл 26 тойрог, 76 мандатаас бүрдэнэ. Түүний 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаас орно гэсэн хуулийн заалт байгаа. Энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн учраас үүнтэй холбоотой Сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтуудыг өөрчлөх шаардлага гарч байгаа. Тиймээс нэр дэвшигчийг тодруулах асуудал хойшлохыг үгүйсгэхгүй.

-2012 оны сонгуулийг жагсаалтаар сонгосон. Хэрвээ үүнийг хууль зөрчсөн гэж үзэх юм бол өнгөрсөн хугацаанд сонгогдсон УИХ, Засгийн газар хууль бус болж байна уу. ҮХЦ 2012 онд хууль зөрчөөгүй гэж үзсэн. Гэтэл өнөөдөр яагаад хууль зөрчлөө гэж үзэж байгаа юм бол. Энэ хэр ёс зүйтэй асуудал вэ?

-Цэцийн тухайд 2012 онд гулсдаг тогтоцоон дээр Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргасан. Цэцийн дүгнэлт хэзээнээс хүчин төгөлдөр болдог вэ гэхээр эргэж үйлчилдэггүй. Маргаан үүсээд цэцийн шийдвэр гаргасан бол тэр цагаас хойш хүчин төгөлдөр үйлчилнэ. Урагшаа нөхөж үйлчилдэггүй. Тийм болохоор өнөөдөр цэцийн дүгнэлт гарсан нь өмнөх хугацаанд жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн, байгуулагдсан Засгийн газрын чадамжтай юу чадамжгүй юу гэдэг асуудалд нөлөөлөхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж