Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт гарсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор намын бүлгүүд хуралдсан. УИХ дахь МАН-ын бүлгээс Үндсэн хуулийн цэцийн ээлжит дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн талаараар сэтгүүлчдэд мэдээлэв. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийг Засгийн газар 76.8 хувийн биелэлттэй гэж үзсэн. Үндэсний аудитын газраас 70 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн байна. Харин МАН-ын бүлэг туйлын хангалтгүй гэж үзжээ.
Тус бүлгийн дарга УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Бид хүнээ сонгоё. Намын жагсаалтаар сонгогдох нь буруу гэсэн байр суурьтай байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа. Тиймээс цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Харин цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь сонгуулийг хойшлуулах шалтгаан болохгүй гэж үзэж байна" гэв.
Цэцийн дүгнэлтийг хүлээж авч, УИХ-ын сонгуулийг тойргоор явуулсан тохиолдолд намын жагсаалт дахь 25 мандатыг одоогийн 26 тойрогт хуваарилах нь зүйтэй гэж үзжээ. 28 мандатаас хөдөө орон нутагт 20-ийг, нийслэлд 8-ыг нь хуваарилан явуулж болно гэж МАН-ын бүлэг үзжээ.
Б.БАТ