Завхан аймгийн Улиастай хотод 35 мегаваттын цахилгаан, дулааны хосолсон станц барих гэрээ байгуулагдлаа. Уг станц ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр нэгээр нэмэгдэх юм. Мөн Улиастайчууд дулааны нэгдсэн шугам сүлжээнд холбогдохоос гадна орон нутагт 2500 орчим ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ. Ер нь Завхан аймгийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд дулааны цахилгаан станц барьж, ашиглалтад оруулах зорилт бий. Энэ дагуу Улиастай суманд 35 мегаваттын цахилгаан, дулааны хосолсон станц барихаар төлөвлөсөн гэж тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Отгонбаатар гарын үсэг зурах үеэрээ хэллээ. Гэхдээ улсын төсөв хүндрэлтэй байгаа учраас төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр энэ станцыг барихаар болжээ. Дулааны цахилгаан станц барих ажилд Завхан аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, “Цэцэнс майнинг энд энержи” компани, БНХАУ-ын “Энержи инженеринг корпораци” хамтрахаар гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд дулааны цахилгаан станц барих компаниудын үйл ажиллагаатай Завхан аймгийн удирдлагууд танилцсан байна. Завхан аймаг 70 гаруй мянган хүн амтай. Мөн Улиастай хотыг ирээдүйд 30-аад мянган хүнтэй, баруун бүсийн гол төв байхаар тооцон хот төлөвлөлтийг нь хийжээ. Тийм учраас аймгийн төвд цахилгаан, дулааны станц зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ станц ашиглалтад орсноор Улистайд хуучин ажиллаж байсан томоохон үйлдвэрлэлүүд сэргэх боломжтой. Тухайлбал хуучны Техник туслалцааны барилга трест буюу барилгын материалын үйлдвэр байнга ажиллах боломж бүрдэнэ гэж Завхан аймгийн орлогч дарга Ч.Пунцаг үзэж байна. Мөн тэрээр хөнгөн аж үйлдвэрийн салбар тэр дундаа мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд ажиллах үндсэн нөхцөл бүрдэнэ гэж тайлбарлаж байсан юм. Түүнчлэн Дэнжийн байршилд 1000 – 1500 айлын орон сууцны хороолол барихаар зураг төсөл гаргасан. Гэвч халаалт, дулааны асуудлаа шийдэж чадахгүй зогсонги байдалд ороод байсан энэ бүтээн байгуулалт одоо бодит ажил болоход ойрхон боллоо гэж Ч.Пунцаг хэлж байлаа. Улиастай суманд 35 мегаваттын цахилгаан станц баригдсанаар шинэ хорооллууд баригдахаас гадна аймгийн төвийн айлууд дулааны нэгдсэн сүлжээнд холбогдож, байнгын хэрэглээний халуун устай байх боломж бүрдэх юм байна. Түүнчлэн Завханчуудын хэрэглэж байгаа цахилгаан дулааны үнэ өртөг буурах боломж бүрдэнэ гэж тооцжээ. 35 мегаваттын цахилгаан, дулааны станц барих үндсэн нөхцөл бүрдсэн нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Завхан аймагт хийсэн нүүрсний тандан судалгаа, илэрцтэй холбоотой юм байна. Судалгааны хүрээнд тус аймгийн Яруу, Тэлмэн, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдын 10 гаруй цэгт нүүрсний орд газар байх илэрц тодорхойлогджээ. Өмнө нь Могойн голоос талдаа 250 км орчим газраас нүүрсээ татаж өвлийг давдаг нөхцөлд цахилгаан станц барих боломж нөхцөл муу байсан. Харин одоо аймгийн төвдөө ойрхон нүүрсний уурхайтай болсноор цахилгаан станц ажиллах боломж бүрдэж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд эхлэх таатай нөхцөл бүрдлээ гэж Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Отгонбаатар хэлж байв. Мөн цахилгаан, дулааны станц, нүүрсний уурхай, барилгын материалын болон жижиг дунд үйлдвэрүүдийг дагалдаад 2500 орчим ажлын байр шинээр бий болох тооцоо гарчээ.