Урлагийнхан элэгний хорт хавдрын эсрэг нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Урлагийнхан элэгний хорт хавдрын эсрэг нэгдлээ

“Элэг нэгт монголчууд” хэмээх бүх урлагийн байгууллагуудын хандивын тоглолт ирэх сарын 14-ны өдөр орон даяар болно. Тоглолтыг 21 аймаг, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй урлагийн 40 гаруй байгууллага нэгэн өдөр зохион байгуулахаараа онцлог юм байна. Тоглолтоос олсон орлогыг ХСҮТ-д элэгний хорт хавдартай өвчтөнүүдэд элэг шилжүүлэн суулгах төсөлд хандивлах ажээ.  

УДБЭТ-ын захирал Ц.Мөнхзул “1939 оны Халх голын дайны үеэр 2400 орчим хүн амиа алдсан гэдэг. Гэтэл өнөөдөр элэгний хорт хавдраар жил бүр 3000 хүн хорвоог орхиж байдаг юм байна. Энэ тоон мэдээг сонсохоор үнэхээр цочирдлоо. Тиймээс элэгний хорт хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийх ажлыг эх орондоо хэрэгжүүлэх төслийг манай байгууллага дэмжиж, ирэх сарын 14-ны өдөр “Үүлэн заяа” дуурь тоглох болно” гэв.

“Урлагийнхан бид өвдөхөд ард түмэн маань халаасаа тэмтэрч, хамгийн сүүлчийн талхны мөнгөө бидэнд өгдөгт баярлаж явдаг. Хичнээн олон алдартай хүмүүст та нарын дэмээр амьдарсан билээ. Ард түмэн маань үргэлж урлагийнханыг дэмжиж, алга ташилтаар урам хайрладаг. Харин ард түмэндээ урлагийнхан хамгийн түрүүнд тус болох ёстой гэж боддог. Энэхүү аяныг хот хөдөөгийн бүхий л театрууд дэмжиж ажиллаж байна. Энэ өдөр бусдад буян хийгээд зогсохгүй өөрсдийнхөө элгийг урлагийн тоглолтоор эмчлэх болно.“ хэмээн яруу найрагч Ц.Хулан уриалав.

Мөн манай улсад жил бүр элэгний хорт хавдраар 2000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Хөгжингүй орнуудад 100 мянган хүн тутамд 2-5 тохиолдол шинээр оношлогддог бол манай улсад 80-90 тохиолдол илэрдэг. Шинээр оношлогдож буй элэгний хорт хавдарын 80 орчим хувь нь хавдарын сүүлийн шатандаа оношлогдож байгаа бөгөөд нийт хавдраар нас баралтын 44 хувийг элэгний хорт хавдар эзэлж байгааг энэ үеэр дурдсан юм.

Тиймээс тоглолтоос олсон орлогын хандиваар ХСҮТ-Д хорт хавдрын шалтгаанаас үүдсэн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах шаардлагатай байна. Энэ чиглэлээр 25-30 хүний бүрэлдэхүүнтэй багийг хоёр удаа БНСУ, Энэтхэг улсад богино хугацааны сургалтад хамруулах болон 20 хүнд гурван жилийн хугацаанд элэг шилжүүлэн суулгах хагалгааг үнэ төлбөргүй хийх зардлуудын тодорхой хувийг багтаасан байна.

А.ЦЭЭСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж