Баян-Өлгийгээс тээсэн бодол

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийгээс тээсэн бодол

Баян-Өлгий нийслэлээс хамгийн алс оршдог аймаг. 1760 км-ийн алсад орших аймгийн төв Өлгий хот санаснаас цэвэрхэн, цээлхэн ажээ. Уулсаар хүрээлэгдсэн   болохоор яагаад ч юм хатуу ширүүн уур амьсгал угтах болов уу гэж таамаглаж байсан ч 18-20 хэмийн дулаанд нь сэтгэл аяндаа зөөлөрч, хаврын урь дуудах болжморын жиргээ нь хүртэл дотно санагдсан. Хаврын урь орсон саяхны нэгэн өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Баян-Өлгий аймагт ажиллаж, хүндрэл,бэрхшээлтэй асуудлыг нь нутгийн иргэд болоод аймгийн удирдлагуудаас сонссон юм. Аймгийн удирдлагуудын зүгээс эрүүл мэндийн хүндрэлийг голчлон танилцуулав.  

Баян-Өлгий аймагт төрөлт улсын дунджаас өндөр. Сүүлийн жилүүдэд төрөх тасгийн ачаалал ихэсч байгаагаас тус тасгийг одоогийн хүчин чадлаар ажиллуулахад хүндрэлтэй болсон юм. 2012 онд тус тасагт 1864 эх төрсөн бол өнгөрсөн онд 2108 эх амаржжээ. Иймд аймгийн удирдлагын зүгээс 32 ортой төрөх тасгаа 50 ортой болгож нэмэгдүүлэх арга хэмжээ авсан  ч хуучин орон тоо, төсвөөрөө ажиллаж байгаа нь эмч ажилтан, сувилагчдын ажлын ачаалал их, цалин хөлсний асуудал хүнд байгааг эмнэлгийн удирдлага хэлээд төрөх тасгаа Амаржих газар болгож өргөтгөх, 50 ортой эмнэлгийн төсвийг тодотголоор шийдэж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ. Тус аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх орны хүрэлцээгүйгээс иргэд гудас дэвсээд ч бол  эмчлүүлдэг ажээ. Харин аймгийн Засаг дарга Х.Дармен  "2013-2016 онуудад давхардсан тоогоор 330498 иргэн эмнэлгийн анхан шатны үйлчилгээг тохилог орчноос авлаа. Мөн Нэгдсэн эмнэлгийн төрөх, хүүхэд, мэс засал, аж ахуйн тасгуудад их засвар хийж, хатуу, зөөлөн эдлэлийг бүрэн шинэшилж, шаардагдах шинжилгээний аппаратуудаар хангав. Эдгээрийн үр дүнд хүн амын эрүүл мэнд харьцангуй сайжирч, иргэдийн дундаж наслалт 2012 онтой харьцуулахад 3,2 насаар нэмэгдэж 75-д хүрлээ» гэж Ерөнхий сайдад танилцуулж байлаа. Ер нь баруун бүсийн гурван аймгийн хүн амын  насжилт өндөртэй байгаа ажээ. Ховд аймгийн Зэрэг суманд л гэхэд дундаж наслалт 72,5 хүрсэн гэж мэдээлж байсан юм. Энэ бол мэдээж сайн  үзүүлэлт. Төрөлт болоод насжилт улсын дунджаас өндөр байна гэдэг тухайн аймаг, сумын төсөвт ачаалалтайн дээр хөдөлмөрийн насны хүн амыг ажилтай байлгахаас аргагүй юм. Өөрөөр хэлбэл өвгөд, өтгөс, нялхас багачууд гээд асруулагч олон байна гэсэн үг. Гэтэл Өлгийд ч гэлтгүй Увс, Ховдын аль алинд нь ажилгүйдэл өндөр, олон айл өндөр настныхаа тэтгэврээр аж төрж байгааг иргэд шүүмжилж байсан. Иргэд нь ажилгүй, орлогогүй болохоор хот нь хичнээн сайхан хөгжөөд нэмэргүйг тэд онцолж байна. Сайхан зам тавилаа ч унах машингүй хүмүүс түүнийг мэдрэх үү, саруул гудамж байлаа ч ходоод дундхан хүн хоол л бодно биз дээ гэсэн өөлд өвөөгийн үг үнэний ортойг дуулгая.

Нөгөөтэйгүүр Баян-Өлгийд хамгийн ихээр анхаарал татсан асуудал бол боловсрол гэдгийг иргэд чанга дуугаар шүүмжлэв. Тийм байтал аймгийн удирдлагууд Ерөнхий сайдыг яагаад нэг ч сургууль, цэцэрлэгээр оруулсангүй вэ. Өөдөлж дээшилж буй газраа харуулж,  өнгөлж зүлгэснээ л үзүүлээд буцаах юм бол энэ улсын, тухайн аймаг, сумын  жинхэнэ нүүр царайг дарга нар хэрхэн мэдэх хэрэг вэ. Ёстой л нөгөө албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэгч л болно биз дээ. Хэдийгээр ардчилал хөгжиж, хэлэх үг, хийх үйлдэл нь чөлөөтэй болсон ч дарга нараа дэргэд буруушааж, болохгүй бүтэхгүйг дуулгах зориг хүн бүрт байхгүй.  Гэхдээ Өлгийн иргэн Алтанцэцэг, Одгэрэл нарын цөөн хүн эх хүнийхээ хувиар, хүүхдүүдийнхээ ирээдүй хойчид санаа зовсондоо аргагүйн эрхэнд боловсролын гажуудлыг шүүмжилсэн юм. Баян-Өлгийн төв Өлгий суманд хоёр бага сургууль, 12 жилийн сургалттай 10 сургууль бий. Тэднээс ердөө ганц нь л монгол сургууль гэх тодотголтой. Монгол Улсын нутаг дэвсгэрт монгол бус ямар сургууль байдгийн гэж та асуух гэж байгаа бол түр хүлээ. Өлгийн ихэнх сургууль сургалтаа казах хэлээр явуулдаг. Монгол хэлний хичээлийн 45 минутад ч казахыг монгол руу орчуулахаас хэтэрдэггүйг эцэг эхчүүд шүүмжилж байна. Түүх, уран зохиол, математик, физик гээд бүгдийг казахаар заалгасан хүүхдүүд хожмоо оюутан болохоороо хэл нэвтрэлцэхгүй хичнээн зовдгийг багш нар үл тооно. Ёс заншил, уламжлал, соёлоо авч үлдэх үндэстэн, ястны эрхэм зорилго мөн боловч Монгол Улсад монгол хэлгүйгээр хаа хүрэх билээ. Казакстанд л сурдаггүй юм бол Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, хамгийн ойрдоо Ховдод очиж сурна биз дээ, тэр хүүхдүүд. Хэл мэдэхгүйгээс болж, үе тэнгийнхэн дундаа ганцаардах, ад шоо үзэгдэх, үүнээс болоод сургууль соёлоос хөндийрэх гээд түмэн бэрхшээлийг хойч үеийнхэндээ үүрүүлж байгаагаа эцэг эхчүүд ч, эрдэмт багш нар нь ч юман чинээ бодохгүй байгаа нь хамгийн том эмгэнэл, хамгийн том харуусал ажээ.  Сургалтын чанар муугаас гадна багш нарын ёс зүй, сургуулийн орчин асар доройтсоныг харамсан өгүүлж байна. Өлгийдөө ганцхан монгол сургуулийн барилга муудсанаас хүүхдүүд хулгана, шавьжин дунд хичээллэж байгааг Ерөнхий сайдад дуулгасан.

Монгол Алтайн нурууны нэгээхэн хэсэг болох  Бөхөн уулын ар бэлд орших Өлгийн хүн зоны олонх нь казах үндэстнүүд бөгөөд халх, урианхай, өөлд, баяд, дөрвөд, тува, чантуу гээд олон ястнууд нэгэн дээвэр дор цугласнаараа Ховд нутгийнхантай адил. Харин ялгаатай нь Өлгийн  казахууд олон ястнууд дундаа байр суурь илүү. Аймгийн хэмжээний алба агентлаг, сургууль, цэцэрлэг, хүн эмнэлгийн дарга нар цөм казах үндэстнүүд байхад гайхах хэрэггүй.  Аймгийн хэмжээний бүх цагдаа нар дунд ганцхан монгол угсаатан ажиллаж байсан гэхээр гунигтай байгаа биз. Харин одоо дарга нь солигдож, 40-өөд монгол хүн ажиллаж байгаа.  Өлгийн нисэх буудлаас эхлээд л кирилл,  казах хэлээр бичигдсэн хаягууд ижилсэн угтах нь нэг л содон. Зарим дэлгүүр хоршоонд монгол хаяг ч байхгүй. Гадна байдлаар нь дэлгүүр гэж таамаглан ороход худалдагч нар нь таны хэлж буйг огт ойлгохгүй царайлна. Зах дээр ч ялгаагүй, та монголоор ярьж, нөгөөдүүл казахаар хариулах жишээтэй. Мэдээж, юү хүсээд байгааг тань тэд ойлгож байгаа. Гэхдээ монголоор ярихыг огт хүсэхгүй. Яг л Монголд удаан суурьшсан хэрнээ монгол хэл сураагүй, монголоор ярихыг хүсдэггүй орос эхнэрүүдийн дээрэнгүй зан тэнд давтагдах вий. Энэ бол эмзэглэх, эргүүлж тойруулж хэлэлцэх сэдэв мөн гэж би хувьдаа харлаа. Өлгийгөөс тээж ирсэн харуусам бараан бодол ч энэ л байлаа.

Хэлийг нь сураагүй хүмүүст тухайн улсыг гэх сэтгэл байх болов уу. Өглөө, өдөр оройн цагаар дуугарах мөргөлийн дуу хийгээд хадагны оронд зүүсэн шар шувууны өд, охид хүүхнүүдийн толгойн боолт гээд өчүүхэн жижгийг томруулж, тодруулан дуулиан болгохыг хүссэнгүй. Гагцхүү улс доторх улс мэт дархлагдан аж төрж байгаа Өлгийчүүдийн амьдралын хэв маяг, хандлага л хамгаас түгшүүр төрүүлснийг нуух юун. Хаашдаа л Монгол Улсын иргэн болж төрснөөс хойш монгол хэлийг нь сургая л даа, казакуудад.  

Д.ЦЭЭМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж