Ч.Өнөрбаяр: Ц.Оюунбаатарын санаачилсан тогтоолын төсөл хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна
Сүүлийн хэдэн өдөр Н.Энхбаярын ял шийтгэлтэй эсэх талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин зэрэг улс төрчид янз бүрийн байр суурийг илэрхийлж байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцлаа.
–2015 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль өмнөх Өршөөлийн хуулиудаас юугаар өөр болоод ийнхүү нэмэлт тайлбарын асуудал гарч ирээд байгаа юм бэ?
-УИХ анх удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж байгаа юм биш. Тиймээс манай хууль, шүүхийн практикт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх асуудал харьцангуй хэвшсэн, нийтлэг ойлголт тогтсон гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ялангуяа ял шийтгэлгүйд тооцох хугацааг хэрхэн тоолох журам нэг мөр шийдэгдсэн, маргаангүй асуудал.
-Гэтэл хуульчдын дунд МАХН-ын дарга Н.Энхбаярт оногдуулсан ялыг 2009 болон 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар бүрэн өршөөсөн эсэх асуудлаар маргаан өрнөж байна. 2009 оны Өршөөл үзүүлэх хуулиар яг ямар асуудал нь өршөөгдсөн гэдгийг тодорхой хэлэх боломж байна уу?
-2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд “ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх”,”ялаас өршөөн хасах”, “зарим хугацааг хэрэгсэхгүй болгох”, “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн үндсэн 4 хэлбэрээр өршөөл үзүүлэхээр хуульчилсан. Энэ хуулийн 6.1-д зааснаар зөвхөн 2009 оны хуулийг батлагдахаас өмнө ял эдэлж дууссан этгээдийн ялгүй болох хугацааг өршөөхөөр тодорхой зааж өгсөн. Тиймээс шүүхээс 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.4, 5.1.1-д заасныг үндэслэн Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 150.3-т /Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх/ зааснаар 5 жил 6 сарын хорих ял ногдуулсан. Үүнийхээ 3 жилийг нь өршөөн хасч, 2 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр, 263.2-т /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/ зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг нь л өршөөн хэлтрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т заасан гэмт хэргийн ял шийтгэлгүйд тооцох хугацааг нь өршөөн хэтрүүлсэн хэрэг биш.
-Тэгвэл 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар Н.Энхбаярт оногдуулсан Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар оногдуулсан ялын зарим хэсгийн, 263.2-т заасан үндсэн болон нэмэгдэл ялыг нь тус тус өршөөсөн ч ялтай байдлыг нь өршөөгөөгүй гэж ойлгож болох уу?
-Тийм. Эрүүгийн хуулийн 78.4-т зааснаар ял шийтгэлгүй болох хугацааг үндсэн болон нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлөгдсөн үеэс тоолдог журамтай. Энэ утгаараа тухайн үеийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн Н.Энхбаярын ялгүй болох хугацааг тоолох ёстой. Энэ хугацаа нь хуульд зааснаар 5 жил байгаа. 2012 онд шүүхийн таслан шийтгэх тогтоол гарсан байдаг. Тиймээс түүний ял шийтгэлгүй болох хугацаа 2017 онд дуусахаар байгаа.
-2015 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн хувьд?
-Уг Өршөөл үзүүлэх тухай хууль мөн л өмнөх жишгээ дагасан дөрвөн өршөөлийн хэлбэртэй. “Өршөөлд үл хамааруулах” гэсэн Гуравдугаар бүлгийн 9 дүгээр зүйлд хохиролоо төлөөгүй, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон болон Эрүүгийн хуулийн нийт 35 зүйл, заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд өршөөл үзүүлэхгүй гэдгийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Энэ дотор Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл багтаж байгаа тул энэ төрлийн хэрэг үйлдсэн хүнд энэ дөрвөн өршөөлийн аль нэгийг үзүүлэх асуудал байхгүй гэдгийг хуулийн 9.1 дэх хэсэгт тодорхой зааж өгсөн. Ийм ч учраас зарим хүмүүсийн хэлж, ярьж буй “ялтай байдлын хугацаа” өршөөгдсөн гэх тайлбарыг энэ хуулийг гажуудуулахыг санаархаж байгаа явдал гэж үзэхээс өөр аргагүй юм.
– УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл заалтыг зөв ойлгож, хэрэглэх тухай тогтоолын төсөл УИХ-д өгсөнийг УИХ-ын хороогоор нэгэнт ороод дэмжигдчихлээ. Ойрын өдрүүдэд чуулганаар хэлэлцэгдэхээр болж байх шиг байна. Энэ зөв үү?
-Энд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан Хууль дээдлэх зарчим алдагдаад байна уу даа гэж харж байна. Тодруулбал, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн зүйл заалт илт зөрчигдөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн бүх төсөл энэ хуульд зааснаар бол Засгийн газрын болон холбогдох бусад байгууллагуудын саналыг нь авч, албан ёсоор хавсаргасны дараа УИХ-д өргөн барьдаг журамтай. Харин Улсын Их хурал зөвхөн өөрийн дотоод бүтэц, зохион байгуулалттай холбоотой асуудлаар л тогтоолын төсөл санаачлах бол холбогдох байгууллагаас санал авахгүй байж болохоор хуульд заасан. Энд байнгын болон дэд хороог өөрчлөн зохион байгуулах асуудал хамаарна. Түүнээс биш хууль тайлбарласан тогтоол хамаарах ёсгүй.
-Ер нь УИХ энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна вэ?
УИХ өөрөө хуулиа зөрчсөн үйлдэл хийдэг байж болохгүй. Монгол Улсад хуулийг албан ёсоор тайлбарлах хоёр л арга байна. Нэг нь Улсын Их хурлаас хууль батлах замаар, нөгөөх нь Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг гаргах. Гэтэл УИХ энэ тогтоолыг баталвал Улсын Дээд шүүхийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдсан хэрэг болох юм. Нөхцөл байдал ийм тодорхой байхад УИХ маань арай ч ийм шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байна.
-Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших эрхгүй гэж ойлгож болох уу?
-Эрхтэй, эрхгүй тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо хууль тогтоомжийнхоо хүрээнд хэлэх байх. Харин Н.Энхбаярын ялтай байх хугацааг Өршөөлийн хуулиар өршөөсөн гэж тайлбарлах, тайлбарлахыг оролдох нь зохисгүй юм.