Шүүгчдийг нүүлгэн шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Шүүгчдийг нүүлгэн шилжүүлнэ

Үндсэн хуулийн цэцээс Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг хууль зөрчсөн гэж үзэн зургадугаар сарын 1-нээс хүчингүй болгох шийдвэр гаргасан билээ. Тухайлбал, аймаг болон дүүргүүдийн дунд шүүх байгуулан, дагнасан тогтолцоогоор үйл ажиллагаа явуулж байсныг болиулах шийдвэр гарсан. Ингэснээр шүүхүүдийг нэмж байгуулан, өмнөх тогтолцоо руугаа эргэн шилжихээр болсон.

“Давж заалдах шатны шүүгчдийн 55 хувийг нүүлгэнэ”

Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/-ийн өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр шүүгчдийн орон тоог нэмэхгүйгээр нүүлгэн шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зохицуулалт хийжээ. Өөрөөр хэлбэл, шинэ зохицуулалтаар 13 аймагт шүүх нэмж байгуулна. Мөн нийслэлийн дүүрэг бүрд эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүх байхаар болсон. Ийнхүү шүүх нэмж байгуулах нь эргээд шүүгч нэмэх, шүүхийн байрнаас эхлээд илүү зардал ихээр гарна хэмээн шүүмжлэх хэсэг ч байсан.

Тэгвэл шүүгч нэмж авахгүйгээр, одоогийн нөөц боломж дээрээ тулгуурлана хэмээн мэдээлж байна. Тухайлбал, 13 аймагт нэмж байгуулах давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давж заалдах шатны шүүгчдийн 55.8 хувийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.

Нэг хэсгийг нь ийм байдлаар зохицуулна. Хоёр дахь зохицуулалт нь шүүгчид зэргэлдээх аймаг руу сэлгэж ажиллах юм байна.

“Анхан, давж заалдах 115 шүүхтэй болно”

Цэцийн шийдвэрийн дагуу гурван дүүргийн дунд нэг байхаар зохицуулсан шүүхүүдийг задлах шаардлага гарсан билээ. Өөрөөр хэлбэл, долоон дүүрэг тус бүрд эрүүгийн болн иргэний хэргийн анхан шатны шүүхтэй болно.

Одоогоор давж заалдах шатны 19 шүүх үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ удаад нэмж долоог байгуулна. Мөн дүүргийн найман шүүх дээр нэмэгдээд 16 болох юм. Ингээд анхан болон давж заалдах шатны 99 шүүх байсныг 115 болж нэмэхээр болжээ.

Харин хэргийн шийдвэрлэлт, хүн амын нягтаршил багатай гэдэг утгаараа Налайх, Багахангай хоёр дүүргийн дунд эрүү, иргэний тус бүр нэг шүүх байгуулах юм байна.

“Зардлыг энэ долоо хоногт шийдвэрлэнэ”

Нэгэнт Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр шүүх нэмж байгуулах хэлбэрийг сонгосон гэдгийг хэлж байлаа. Ингэхдээ зардал, төсөв хамгийн бага гарах хувилбарыг сонгосон нь энэ хэмээн хэлж байлаа. Гэхдээ шүүхийн шинэтгэлийн нэг хэсэг болсон дагнасан тогтолцоогоо харгалзан үзсэн гэдгийг ч онцолж байсан юм.

Шинэ зохицуулалтыг хийхэд нийтдээ 2.5 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ Захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир мэдээллээ. Үүнд:

1.13 аймагт шүүгчдийг нүүлгэн шилжүүлэх

2.Шүүгчид зэргэлдээх аймаг руу сэлгэн явах

3.Найман газарт шинээр шүүх байгуулахад тамгын газар, байр хүрэлцээний асуудал гэсэн гурван зохицуулалтад зарцуулахаар төлөвлөжээ.

Гэвч энэ жилийн төсөвт энэ 2.5 тэрбум төгрөгийн зардлыг суулгаагүй. Тиймээс Засгийн газрын нөөц сангаас гаргах шаардлага тулгарчээ. Ямартай ч энэ долоо хоногтоо санхүүгийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх товтой байна.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА

Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж