Сураггүй алга болсон иргэдийг цагаатгах ёстой

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон иргэдийг цагаатгах ёстой

“Монгол болон ХБНГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: Дүгнэлт, сургамж цаашид авах арга хэмжээнүүд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр “Blu Sky” зочид буудалд болж байна.

Энэхүү хурлыг Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Конрад-Аденауэр сантай хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Хуралд оролцогчид хоёр улсын хэлмэгдүүлэлт, цагаатгалын дүн шинжилгээтэй танилцаж  нэгдсэн дүгнэлт гаргаад түүнийгээ уриалга хэлбэрээр шийдвэр гаргах түвшнийхэнд илгээх юм байна. 

Болж буй үйл явдалтай холбогдуулан Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатараас зарим асуудлыг тодрууллаа.  

-Германчууд хэлмэгдүүлэлтийн асуудалд хэрхэн хандаж байна вэ? Энэ асуудлаар монголоос ялгагдах онцлог талыг та товчхон дурьдвал. 

-Өнөөдөр маш чухал асуудлыг авч хэлэлцэж байна. Хэлмэгдүүлэлтийн хор уршиг, цагаатгалын явцын талаар харилцан ярилцаж байна. Үүнээс харж байхад Монгол Улс хэлмэгдэлтийн асуудалд хандаж байгаа нь ХБНГУ-аас “өдөр шөнө шиг” ялгаатай байна. Монгол бол коммунист улс байсан. Гэтэл өнөөдөр монголчууд бид ардчилсан, хүмүүнлэг нийгэм рүү шилжсэн ч хэлмэгдүүлэлтийн асуудалд маш өнгөцхөн хандаж байна. 1930-1940 оны үед бол монгол хүн бүр хэлмэгдэж байсан. Үзэл суртал, түүх соёл, эдийн засаг, үзэл санааны хэлмэгдүүлэлтэд өртсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл хэлмэгдүүлж байсан шийдвэр нь албан ёсоор цуцлагдаж хуульчлагдаагүй байна.  Тухайлбал, 1945 онд Монгол крилл үсэг хэрэглэж эхэснээр уйгаржин монгол бичгийг “цаазалсан”. Лам нар гэж хаяглаж байгаа ч судалгааны явцад иргэний дайн болсон гэдэг нь нотлогдоод байгаа. Тиймээс бид маш их хохирол амссан. Түүнийг тогтоож байгаа ч юм алга, дүгнэлт хийж байгаа ч юм алга. Германчууд бол олон улсын шүүхээр энэ асуудлыг оруулаад хэлмэгдүүлэлтийг гэмт хэрэг гээд тооцуулчихсан. Гэтэл бид олон улсын болоод дотоодын хууль хяналтын байгууллагаар ч тогтоогоогүй байсан.

-Хэлмэгдүүлэлтийн асуудалд хууль эрх зүйн талаас нь анхаарал хандуулахгүй байгаа юм байна. Тэгвэл Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бид УДШ-д хандсан боловч анхан шатны шүүхэд хандах хэрэгтэй гэсэн хариу өгсөн.

-Тэгвэл Германд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Германчууд 1992 оны үед хуулиа гаргаад Адольф Гитлер, болон коммунист нийгмийн үед болсон хэлмэгдүүлэлтийн хохирлыг тогтоогоод нөхөн олговор олгосон. Гэтэл манайхан амьд үлдсэн бол 500 мянган төгрөг, нас барсан бол нэг сая төгрөг олгож байгаа. Энэ нөхөн олговор бол хангалтгүй.

-Эрлэм шинжилгээний үр дүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Шийдвэр гаргах түвшний хүмүүст зориулж уриалга гаргана. УИХ-ын гишүүдтэй уулзаж дүгнэлтээ танилцуулах гэх мэт ажлыг төлөвлөөд байна.

-Сэтгэл санаа, эдийн засаг, нийгэм соёлын хэлмэгдүүлэлтийн хохирлыг тогтоох нь хүндрэлтэй байх. Харин бие махбодиороо хэлмэгдэгсэн иргэдийн тоо албан ёсоор гарсан уу?

-Хэлмэгдүүлэлтийн оргил үе бол 1930-1940 оны үе юм. Тухайн үед 80-100 мянган хүн хэлмэгдсэн гэж үздэг. Гэтэл 36 мянган хүнийг шүүхээр шийтгэж хэлмэгдүүлээд 27 мянган хүнийг буудсан. Энэ бол томоохон гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Яг албан ёсоор тогтоосон хэлмэгдүүлэлт гэвэл 2003 онд Хамбын овооноос 500-600 хүний духандаа  буудуулсан гавал, араг яс олдсон.    

-Нийтдээ хэдэн хэлмэгдсэн иргэдийн ар гэрт хүнд нөхөн олговор олгоод байна вэ?

-1960-аад оноос хойш 30 мянган хүний нөхөн олговорын асуудлыг шийдэж, цагаатгасан. Хэлмэгдсэн иргэнийг тогтоох асуудал маш хүндрэлтэй байна. Өөрөөр хэлбэл тухайн үед хэлмэгдсэн иргэд овог нэрээ солих замаар ор сураггүй алга болж байсан. Тиймээс ор сураггүй алга болсон иргэдийг ч цагаатгах ёстой.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж