“Big bowling friendship” боулингийн лигийн үндэсний анхдугаар тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

“Big bowling friendship” боулингийн лигийн үндэсний анхдугаар тэмцээн эхэллээ

Боулингийн багуудын дунд зохион байгуулж буй лигийн үндэсний анхдугаар тэмцээн энэ сарын 23-нд эхэллээ. Монголын боулинг сонирхогчдын холбооноос боулингийн спортын хөгжлийг шинэ шатанд гаргах, тамирчид, сонирхогчдын оролцоо ур чадварыг нэмэгдүүлэх, чансаа тогтоох, залуу тамирчдыг дэмжих, туршлага солилцох зорилгоор “Big Bowling Friendship” тэмцээнийг хийж байгаа юм.

Анхдугаар тэмцээнд нийт 12 баг оролцож байгаа бөгөөд тамирчдыг чансаагаар нь ангилж сугалааны зарчмаар бүрдүүлжээ. Ингэхдээ эмэгтэй тамирчдыг дэмжих зорилгоор баг бүрт нэг эмэгтэй тамирчин байхаар хуваарилсан байна. Багууд хүч тэнцвэртэй хуваагдсан нь өнгөрөгч бямба гаригт болсон тэмцээний үеэр харагдлаа. Багуудын дунд өрсөлдөөн ширүүн өрнөж, багууд нэг нэгийгээ тойрч, хожиж хожигдсоор байв.

Тэмцээний урьдчилсан шат гурван тойргоор өрнөж, тойрог тус бүрт эхний гурван байрт орсон багийг шилдгээр тодруулна. Хувийн дүнгээр өндөр оноо авсан тоглогчдоос тойрог тус бүрт алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулна.

Лигийн тэмцээнийг багийн дүнгээр дүгнэхээс гадна тамирчин тус бүрийн оноогоор хувийн дүнг тооцож явахааараа онцлогтойгоос гадна хувийн дүнгээр 200-аас дээш оноо авсан тохиолдолд харгалзах өндөр онооны урамшуулал буюу 10-100 оноог тамирчны хувийн дүнд нэмж урамшуулна.

Оны эцэст гурван тойргийн байдлаар эхний найман байрт шалгарсан багууд шигшээ тэмцээнд оролцох эрх авна. Шилдэг найман баг плэй-оффын журмаар аваргын төлөө өрсөлдөж 2016 оны үндэсний лигийн аварга баг тодорно.

Тэмцээнд нийт 12 баг оролцож байгаа бөгөөд хоёрдугаар тойргийн тоглолтууд ирэх зургадугаар сард болох бөгөөд долоо, наймдугаар сард түр завсарлаад есдүгээр сард үргэлжлэх юм. Гуравдугаар тойргийн тоглолт арав, арваннэгдүгээр сард болж, арванхоёрдугаар сард лигийн үндэсний анхдугаар тэмцээний анхны аваргууд тодрох аж.

Зургаан сарын турш үргэлжлэх тэмцээний бооцооны мөнгийг “Шилэн дансны” аргаар цуглуулж, арванхоёрдугаар сард аваргуудад гардуулах тул өмнө нь байгаагүй өндөр шагналын сантай тэмцээн болж буй онцлогтой юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж