Олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдрөөс Узбекстаны Ташкент хотноо эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна.
Өчигдөр эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдсөн ОУХМ Ө.Чагнаадорж VIII байрт орлоо. Тэрээр огцом өргөлтөөр 110 кг, түлхэлттэй өргөлтөөр 140 кг, нийлбэрээр 250 кг-ыг өргөжээ. Түүний хувьд энэхүү амжилтаараа улсынхаа өөрийн тогтоосон залуучууд болон насанд хүрэгчдийн рекордыг тус бүр гурав, нийт улсын дээд амжилтыг зургаан удаа шинэчлэн тогтоолоо. Ө.Чагнаадоржийн өнгөрсөн онд АНУ-д болсон ДАШТ-д оролцсон бол энэ оны насанд хүрэгчид болон залуучуудын улсын аваргад түрүүлсэн юм.
Азийн аваргаас олимпийн эрхийг багийн дүнгээр олгоно. Тодруулбал, тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй, эмэгтэй багийн дүн гарч РИО-г зорих баг тамирчид тодорно.
Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛОР