Монгол Улсад зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” /Эхний –сүүлчийн бололмж/ тэмцээний анхных нь амжилттай зохион байгуулагдлаа. "Буянт-Ухаа" спортын ордонд болсон энэхүү тэмцээнд дэлхийн 80 орны 650 гаруй тамирчид олимпийн 48 эрхийн төлөө өрсөлдсөн юм.
Өчигдөр/2016.04.24/ эрэгтэй чөлөөт бөхийн барилдаан болж, медалтнууд болон олимпийн 18 эрхийн эзэд тодорсон. Энэ өдөр тэмцээнийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын шадар сайд, Зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Зохион байгуулах хорооны дэд дарга С.Ламбаа, Зохион байгуулах хорооны гишүүн, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга, Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ, мөн МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Үндэсний шигшээ багуудын албаны дарга Ч.Эрдэнэтуяа нар үзэж сонирхлоо.
Зуны олимпийн “Рио -2016” наадмын дэлхийн сонгон шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж чөлөөт бөхийн спортыг эх орондоо хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж ДБНХ-ноос МБЧХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадоржийг тус холбооны дээд шагнал болох “Алтан од” одон, МЧБХ-г “Тусгай шагнал”-аар шагнасныг ерөнхийлөгч Н.Лалович гардуулж баяр хүргэлээ. Бөхийн спортыг дэлхий даяар хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа их хувь нэмрийг нь үнэлж МҮОХ-ноос ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лаловичийг МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор шагнасныг дэд ерөнхийлөгч, Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин гардуулан өгсөн юм.