О.Гүндэгмаа олимпод бэлтгэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа олимпод бэлтгэж эхэллээ

Бээжингийн олимпийн наадамд өрсөлдсөн Монголын бүсгүйчүүдээс ганцаараа медальтай ирсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн наадмын мөнгөн медальт О.Гүндэгмаа хэсэг хугацаанд бэлтгэл, сургуулилтаа завсарласны эцэст хилийн чанад дахь томоохон тэмцээнд оролцож эхэллээ.
Тэрбээр энэ сарын 16-25-нд  БНХАУ-ын Бээжин хотноо болж буй буудлагын “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байна. Тус тэмцээнд манай улсаас гар бууны төрөлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг, урт буунд О.Янжинлхам, Ч.Нарантуяа, Ч.Ганхуяг, Б.Бишрэл, Д.Ганзориг, Н.Баяраа, Д.Энхтайван нарын мэргэн буучид дасгалжуулагч Б.Алтанцэцэг, С.Адилбиш нарын хамт оролцож байгаа юм. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн хувьд Бээжингийн олимпийн дараагаар их спортоос хэсэг хугацаанд завсарлага авч, өнгөрсөн жил Хөдөлмөрийн баатар хосууд бүл нэмж, Ховор-Эрдэнэ хэмээх хөөрхөн хүүтэй болсон билээ.
Энэ оны эхээр эх орондоо болсон хэд хэдэн тэмцээнд цэц сориод амжсан түүний хувьд Бээжинд болж буй “Дэлхийн цом”-д өрсөлдсөнөөр 2012 оны Лондонгийн олимпийн бэлтгэлдээ гарч байгаа гэсэн үг юм. “Дэлхийн цом”-ын цувралд амжилттай өрсөлдсөн тамирчдад олимпийн эрх олгодог бөгөөд энэ жилийн хувьд мэргэн буучдыг “Дэлхийн цом”-ын дөрвөн цуврал тэмцээн хүлээж байгаа юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж