УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой Монголын улс төрд болж буй үйл явдлын эргэн тойронд ярилцлаа. Хэзээнээсээ л хатуу, ширүүн үгтэй гэгддэг тэрбээр энэ удаад ч илэн далангүй, шударга, шулуухан хариулт өгсөн юм.
Н.ЭНХБАЯРТАЙ ЮМ ЯРИХ ХЭРЭГГҮЙ БАЙДАГ ЮМ
-Ярилцлагаа МАН, МАХН-ын эвсэх асуудлаас эхэлье гэж бодож байна. Танай хоёр нам эвсэнэ гэж бөөн дуулиан болж болж, эцэст нь “Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй” гэгч боллоо шүү дээ. Н.Энхбаяр МАН-ыг хулхидсан нь танай намынханд хүнд цохилт болсон байх, тийм үү?
-Эвсэх асуудал анхнаасаа тодорхой байсан шүү дээ. Н.Энхбаярыг эвслийн дарга болгохгүй бол манай намтай эвсэхгүй нь ойлгомжтой байсан. Дараа нь манай намынханд хэлсэн шалтгаанууд нь зөвхөн шалтаг.
-МАХН-ын ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан нь утсаа таслаад зугатчихсан гэж сонссон. Үнэн үү?
-Манай бага хурал хуралдаж байхад тийм яриа болоод л байсан шүү. Ер нь Н.Энхбаяртай юм ярьж хэрэггүй байдаг юм. Үндсэн санааг нь шууд унших хэрэгтэй. Юм яривал хариултаа хэлэхгүй тойруулаад хуураад байдаг үндсэн “натур”-тай хүн. Хэдэн ахмадаар захидал бичүүлээд, эвсч нэгдье гэсэн санал манай намд тавьж байх үед “Удирдагч нь хэн байхаас эвсэх эсэх нь хамаарна” гэж зарим хүнд хэлж байсан юм. Н.Энхбаяр эвслийг удирдахаар тохироо хийсэн бол эвсэх нь асуудалгүй байсан. Эвсэх тухай яригдаж байх үед Н.Энхбаяр TV5 телевизээр ярилцлага өгөхдөө “Ард нийтийн дунд хэн өндөр рейтингтэй байна, тэр эвслийг удирдах ёстой” гэж хэлсэн, тэр нь би эвслийг удирдана гэсэн үг шүү дээ. Манайхан МАХН-ын зангуунд орж “Эх орончдын баяр”-ыг тэмдэглэсэн. Тэр баярт би оролцоогүй. Учир нь, Н.Энхбаяр хэлсэндээ хүрэхгүй гэдгийг мэдэж байсан л даа. Одоо юу ярих билээ, болдог юм болдгоороо болж байна.
-УИХ-ын сонгуульд МАН дангаараа оролцоно гэдгээ зарлачихлаа. Гэхдээ эвсэх асуудал нээлттэй гэж М.Энхболд дарга хэлсэн. Харин МАХН болохоор “бид хэлснээсээ буцаагүй” гээд байгаа шүү дээ. Тэгэхээр танай хоёр намын дундах эвсэх асуудал эцэслэгдээгүй гэсэн үг үү?
-Монгол Ардын намын Бага хурлаараа УИХ-ын сонгуульд дангаараа оролцоно гэсэн шийдвэрээ нэгэнтээ гаргачихсан. Одоо энэ талаар яриад яах вэ. МАХН-ынхан дахиад л нэг хуурга үмхүүлэх гэж байгаа биз. Би хувьдаа хуурга идсээр байгаад цадчихлаа. Анх эвсэх асуудал яригдаж байх үед “хэрэв МАХН үнэхээр МАН-тай эвсэх гэж байгаа бол Засгийн газраас гарч эвсэнэ гэдгээ шууд зарлах ёстой” тэгэхгүй бол ээлжит хууралт болно гэж жижиг хүрээнд ярьж байсан юм. Гэтэл засгаас гарах нь бүү хэл Шадар болно гээд давхиж явсан биз дээ. Энэ чинь л бүх юмны хариулт байсан юм шүү дээ.
-Танай нам Бага хурлаа хийж байх хойгуур Н.Энхбаяр Өмнөд Солонгосоос ирсэн даруйдаа З.Энхболдтой уулзсан гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгэхээр АН болон МАХН-ын дарга нарын дунд өөр нэг тохироо явагдсан гэсэн хардлага байгаа?
-Чин сэтгэлээсээ эвсэх зорилготой байсан юм бол Н.Энхбаяр З.Энхболдтой биш М.Энхболдтой уулзах ёстой биз дээ. Гэтэл манай Бага хурал эхэлчихсэн байхад З.Энхболдтой уулзсан. Ардчилсан намын хувьд Монгол Ардын нам МАХН-тай эвсэх вий гэсэн болгоомжлолтой байсан. Тэгээд манайхыг, МАХН-тай эвсүүлэхгүй байх арга чарга хайсан биз. Түүнийгээ тэр уулзалтын үеэр яриа биз.
-Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацааг хэрэгсэхгүй болгох тогтоолын төсөл Хууль зүйн байнгын хорооны хурлаар шууд л дэмжигдсэн. Энэ бол Н.Энхбаярыг МАН-тай эвсүүлэхгүй АН-ын арга заль гэж дүгнэх хүмүүс байна. Ер нь яаж яваад Хууль зүйн байнгын хороогоор энэ тогтоолын төсөл гэнэт ороод ирэв ээ?
-Яг наадах чинь л байхгүй юу. Манай Бага хурал хуралдахын өмнөх долоо хоногийн гурав дахь өдөр Хууль зүйн Байнгын хороо хуралдсан, хэлэлцэх асуудалд өршөөлтэй холбоотой ямар ч асуудал байгаагүй. Гэтэл хурлын төгсгөлд Ц.Оюунбаатар хулгай хийж байгаа юм шиг халааснаасаа нэг ийм тогтоолын төсөл гаргаж ирээд АН-ынхантай хуйвалдаад дэмжүүлчихсэн юм билээ. Н.Энхбаяр З.Энхболдтой уулзахдаа “Үүнийг батлаад өгвөл Монгол Ардын намтай эвсэхгүй” гэсэн л дээ. “Зэрэг нэмэхийн өмнө” гэдэг кинон дээр тал еэвэнгийн хэрэг гардаг даа. Тэрэн шиг л Н.Энхбаяр тал еэвэн энэ байна гээд манайд Ч.Улааны гарын үсэг зурсан бичиг үзүүлж, АН-д дээрх тогтоол үзүүлээд явсан шиг байгаа юм. Ямар, хүүхэд хуурч байгаа биш дээ. Өршөөлийн хуулийг нэг удаа гаргадаг. Хуульд хийх тайлбарыг зөвхөн Дээд шүүх хийдэг. Харин УИХ бол хуульд тайлбар хийх биш, өөрчлөлт оруулдаг байгууллага. Эд нар үнэндээ хичнээн муухай хуйвалдаан хийж байна аа. Санаанд орохгүй муухай юм их хийж байна. 2015 оны наадмаас хойш Өршөөлийн хууль батлах, сайд нарыг, цэцийн даргыг хөөж явуулах зэргээр бүтэн жил үймүүллээ. Яасан ч дуусдаггүй тоглоомтой юм.
-Ер нь хуулиас давсан тогтоол гэж байдаг уу?
-Юу гэж байх юм. Хуульд асуудалтай, учир дутагдал байгаа бол шинэчлэх, өөрчлөх хуулийн төсөл санаачилж өргөн мэдүүлэх байдлаар асуудлыг шийддэг. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй төслийг гэнэт оруулж “ногоон гэрэл”-ээр дэмжээд явчихаж байна. Ц.Оюунбаатар гэдэг хүн ямар нэг хулгайн бичиг хийчихээд бусдаар гарын үсэг зуруулдаг, эсхүл дэмжүүлдэг муухай аргад гаршиж байх шиг байна. Г.Шийлэгдамбын өргөдлийг нь өмнөөс нь бичээд гарын үсэг зуруулсан гэж уйлан дуугараад яриад байсан биз дээ. Өөрийн нэр төр, толгойгүй хүн л ийм юм хийдэг байх. Уг нь хойно Хуулийн сургууль төгссөн, прокурорт олон жил ажилласан ухаантай л юмсан.
-Танай нам Н.Энхбаяртай гар барьж байснаас дангаараа сонгуульд оролцвол илүү дээр биш үү? Ардчилсан нам ч бас сонгуульд дангаараа оролцоно гэдгээ зарласан. Аль, алиных нь рейтинг их ойролцоо яваа юм билээ?
-Удаа дараагийн судалгаанаас харахад Монгол Ардын нам жаахан илүү суудал авах бололцоо байна. Гэхдээ Сонгуулийн дүнг урьдчилан тааварлахад амаргүй. Ардын намын ялалт хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээс хамаарна. Нөгөө талаар нэр дэвшсэн хүмүүс нь хэр зөв ажиллахаас бас хамаарна. Харин илэрхий ойлгомжтой харагдаж байгаа зүйл бол Ардчилсан нам 2016 оны сонгуульд ялбал Монгол Улсад нүүрлэсэн хямрал улам гүнзгийрнэ. Ардчилсан намын дотоод зодооноос монголчууд ядарч, зүдэрч, туйлдаж гүйцлээ. Гэвч энэ удаагийн сонгууль их онцлогтой.
-Ямар онцлогтой гэж?
-Сонгуулийн хуульд зааснаар 18 хоногт багтааж сурталчилгаагаа явуулахаар болсон. Гэтэл УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд бараг 2000 шахам хүн өрсөлдөх тооцоо гарч байна лээ. 18 хоногт 2000 хүний сонгуулийн сурталчилгаа явагдахаар юу болох вэ. Хавар их цас ороод зутраад ирэхээр хонь, хурга хоёр бие, биеэ танихаа больдог. Тэгвэл энэ удаагийн сонгууль тийм л юм болох зураг харагдаад байгаа юм даа. Орхон аймагт гэхэд л УИХ-ын сонгуульд 50 хүн бие дааж нэр дэвших сураг гарч байна. Одоо чинь хүн бүхэн сонгуульд нэр дэвшинэ гэж ярьдаг боллоо. Нэг ёсны ард түмний эсэргүүцэл юм даа.
УЛС ТӨРИЙН ХЯМРАЛЫГ ЗОГСООЖ ЧАДВАЛ ЭДИЙН ЗАСАГ НААШИЛНА
-Үнэнийг хэлэхэд энэ удаагийн сонгуулийн бэлтгэл зуун задгай байна. Нэр дэвшигчээ ярилцах нь бүү хэл сонгуулийг ямар системээр явуулах нь тодорхой бус байгаа. Үндсэн хуулийн Цэцээс пропорциональ систем нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэрийг өнгөрсөн Баасан гаригт гаргачихлаа?
-Пропорциональ систем чинь Үндсэн хуулийн зөрчил гэдэг нь анхнаасаа илт байсан. Үндсэн хуулийн заалтад ямарч өөрчлөлт ороогүй байхад таван удаа мажиратор сонгууль хийчихээд зургаа дахийг нь холимог болгож, пропорциональ элемент оруулчихсан. Арван хоёр онд болон сая Сонгуулийн хуулийг батлахад би оролцоогүй. Үүнийг эсэргүүцээд хууль батлалцах процесст нь оролцоогүй юм. Миний баримталдаг нэг алтан дүрэм байдаг. Аливаа хуулийн нүгэл, хуулийн залилан хийхэд ядаж л ирцийг нь бүрдүүлж өгч нүгэл үйлдэх хэрэггүй гэж үздэг. Үндсэн хуулийн Цэц өнөөдөр үүргээ биелүүлж зөв ажиллаж чадвал төрд хэрэгтэй гэдгээ харууллаа. Уг нь 2012 онд энэ дүгнэлтээ гаргачих байсан юм.
-Сонгууль болоход хоёрхон сар үлдчихээд байдаг, одоо тэгээд яах ёстой вэ?
-Цэц дүгнэлт гаргасан хэсэгт нь жаахан өөрчлөлт оруулж, тойргийнхоо тоог нэмээд л явчих учиртай юм. Техникийн л чанартай эд. Урьд нь энэ бүгд чинь байсан л юм.
-Жагсаалтад хэнийг багтаах нь намуудын дарга нарт том “зовлон” болчихоод байгаа юм биш үү. Тиймээс л жагсаалтыг тойрогт хуваахаар Үндсэн хуулийн Цэцтэй наймаалцсан гэсэн явган яриа байна?
-Тийм наймаа явсан эсэхийг мэдэхгүй юм. Тэгж тохиролцсон байлаа гэхэд надад юу гэж хэлэх билээ. Ямарч л байсан Үндсэн хуулийн Цэцийг кармандаа хийх гэж эрх баригчид яаж улайрч байгааг хараа биз дээ. Цаана нь далд тооцоо, шалтаг, шалтгаан байж л таараа.
-МАН-ыг засгийн эрхэнд байх үед сонгуулийг холимог системээр явуулахаар хуульчилсан. Тэр үед Цэц энэ асуудлаар шийдвэр гаргахдаа пропорциональ систем нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж шийдвэрлэсэн. Одоо болохоор танай намынхан болоод Цэцээс пропорциональ систем Үндсэн хуулийг зөрчсөн гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Пропорциональ систем Үндсэн хууль зөрчсөн гэж ярьдаг хүн манай намын бүлэгт надаас өөр байгаа эсэхийг мэдэхгүй. 2015 онд одоогийн Сонгуулийн хууль баталдаг яг тэр өдөр би “Eagle” телевизийн Жаргалмаатай ярилцлагад ороод энэ тухай яриад сууж байсан. 2012 онд Сонгуулийн хуулийг өөрчилж, холимог системээр явуулах, мөн хар машинаар санал тоолох шийдвэр гаргахад манай бүлэг 45 суудалтай байсан. Бас сонгууль тулчихсан байхад нийслэлийн Сонгуулийн хууль баталж, Ардчилсан намд том бэлэг барьсан нь маргашгүй үнэн. Ийм нүгэл үйлдсэн хүмүүс өнөөдөр хариуцлагаа хүлээсэн юмгүй зүгээр явж байна. Би энэ тухай нүүрэн дээр нь ярихаар доошоо хараад суучихдаг юм. Ер нь өөртөө зориулж хууль баталдаг, батлуулдаг явдал ил цагаандаа гарч байна. Нэг дүүрэг дээр судалгаа хийгээд үзтэл өөрийнх нь нэр эхний хоёрт байхгүй болохоор гуравт орохын тулд хотын тойргийг нэмье гээд гүйдэг боллоо. Ийм зүйл байж болохгүй биз дээ. Ингэж л өнөөдөр Монголд үнэн ганцаардаж, шударга ёс өнчирч байна даа. Жирийн иргэд шудрага ёсыг, үнэнийг хүсч байхад улстөрчид яг эсрэгээр хийж байна. Төрийн шийдвэр, ардын санаа хоёр их хол зөрж байна. Жишээ нь, хүн дайрч алсан этгээд “Анхаар, шударга ёс явж байна” гэсэн лоозон барьчихаад хөдөө орон нутагт хуульчид, шүүгчидтэй уулзалт хийж тавлаад явж байна. Ингээд байхлаар чинь энэ төрд хэн итгэх юм.
-АН, МАН-ын дунд нэг хэсэг маргаан гарсан. АН-ынхан хотын тойргийг нэмэх, МАН-ынхан хөдөөгийн тойргийг хэвээр үлдээх саналтай байсан шүү дээ. Хэрэв Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ хүлээгээд авчихвал жагсаалтын 18-ыг хөдөөд, 10-ыг нь хотод хуваарилахаар танай хоёр нам тохирсон гэл үү?
-Энэ 28 суудлыг яаж хуваахаар ямар тохироо хийснийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан хөдөөгийн мандатыг цөөлж, хотын мандатыг нэмэх яриа их байна. Ардчилсан намынхан хүний тоо яриад байгаа. Тэгж яривал Үндсэн хуульд Улаанбаатар, аймаг хоёрын статус адилхан гээд заачихсан байгаа. Хүний тооноос хамаарч давуу тал олгоно гэсэн заалт хаана ч байхгүй. Бид нийт улс, гурван сая хүнийхээ нийтлэг эрх ашгийг ярих ёстой юм. Хөдөөгийн суудлыг цөөлөх тухай яриад байхаар нь “Та нар нэртэйгээр нь үлдсэн ганц суудлыг нь хот руу татаад Өмнөговь аймгаа зарчихаач” гэж хорон үг шидэж үзлээ. Хөдөөд амьдарч байгаа хүмүүс чинь улсынхаа нийт нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж ирсэн хилчид гэдгийг Ардчилсан намынхан ойлгохгүй байна. Эдэнд Улаанбаатарт олон суудал авна гэсэн муйхар тооцоо л байна. Өгөө ч билүү, үгүй ч билүү хэн мэдлээ. Хүн шиг амьдруулна, халуун хүйтэн ус татаж, гэр хорооллын иргэдийг хауст амьдруулна гэсэн амлалт нь лав үлгэр боллоо.
-Эдийн засгийн хямрал улам бүр нүүрлэж байна. Гол нь улс төр дэх үл ойлголцол, хэрүүл талцлаас болоод Монголын эдийн засаг сүйрлийн ирмэг дээр очлоо гэвэл буруудахгүй байх?
-Эрх баригчдын дотоод тэмцэл, толхилцоон дээд цэгтээ хүрч одоо бол дэлбэрэхийн өмнөх дарьтай торх шиг болсон нь нууц биш. Бид “ардчилсан” учраас асуудлаа ил ярьдаг гэж үүнийгээ өхөөрдөхийг нь яана. Энэ сонгуулиар Монголд нүүрлэсэн улс төрийн хямралыг зогсоох нь хамгийн гол зорилт болж байна. Улс төрийн хямралыг зогсоож чадвал эдийн засаг наашилна. Улс төрийн хямрал үнэндээ устай яр болчихоод байна шүү дээ. Засаглалын хямрал араасаа бусад олон хямралыг дагуулж байна. Ардчилсан нам засаглаж чадахгүй байна гэдгээ гурав дахь удаагаа нотолчихлоо. 1990 онд, 1996 онд, 2012-2016 онд засаг барихдаа шүү дээ. Монгол Ардын намд улсын ажлыг аваад явах чадамж байдаг. Гэхдээ манай нам дутагдалгүй болсон уу гэвэл бас үгүй. Засч, залруулаад, зайлсхийгээд явах дутагдал байна уу гэвэл байна. Би намынхандаа хэлж байгаа. Сонгуулиар ялна гэх юм. Сонгуулийн дараа энэ улсыг яаж авч явахаа сайн бодох хэрэгтэй шүү гэж. Ардчилсан намынхан асар их өр тавьсан, эдийн засаг нь гүн хямралд орсон улс болгосон. Тоосгыг нураах амархан өрөх хэцүү гэдэг. Манай нам яллаа гэхэд маш хүнд улсыг хүлээж авах болно. Харин Ардчилсан нам гарвал хямрал улам даамжирна. Энэ үндсэн асуултад ард түмэн сонгуулиар хариулт өгөх болоод байна.
-Эдийн засгаа хямралаас гаргах эсэхийг иргэд шийднэ гэсэн үг үү?
-Тийм ард түмэн санал өгөх хэлбэрээр бүхнийг шийднэ. Ард түмний засаглах эрх гэдэг чинь энэ. Гэхдээ сонгуулийн дүнд булхай, будилаан, луйвар, хуйвалдаан хэр орохыг мэдэхгүй байна. Ер нь сонгуулиар их мөнгө цацаж байгаа хүнийг сонгохгүй байх хэрэгтэй дээ.
-Яагаад?
-Сонгогдчихвол сонгуульд зарсан мөнгөө олж шархаа нөхөх, капиталаа арвижуулах гэж л үзнэ шүү дээ. Энэ чинь л төр нурахын үндсэн шалтгаан болж байна. Гэхдээ ийм хүмүүс дахиад ил далдуур мөнгө тараана даа. Тиймээс иргэд мөнгийг нь авчихаад сонгохгүй байх хэрэгтэй. Манай Зэнээ энэ талаар их ярьдаг байсан юм. Би чамд өнгөтөөр нь ярьж өгч байна.
Х.БАТТУЛГЫН ОЛОНД ГОЁ СОНСОГДДОГ ТӨСӨЛ ДАНДАА ХУДЛАА БАЙДАГ
-Та УИХ-д суугаа цөөн хуульч гишүүний нэг. Сүүлийн үед улстөрчид хуулийн байгууллагаар оролдох нь ихэслээ. Энэ зөв үзэгдэл мөн үү?
-Би АТГ-ын дарга асан Н.Ганболдыг чөлөөлөх хуралдаан дээр “Олигархиудын болон хуулийнхний тэмцэл төгсгөл рүүгээ орлоо” гэж хэлж байсныг чи сонссон уу, үгүй юу. Өмнө нь Цэцийн Ж.Амарсанааг хөөгөөд явуулчихсан. Дараагийн ээлжинд Х.Баттулгын захиалгаар Р.Чингисийг цагдаагаас хөөж явуулна гэдгийг тооцож “төгсгөл” гэдэг үг хэрэглэсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газар ээлжит бус хуралдаан гэгчийг хийж Чингисийг хөөх шахаж баахан хэрүүл болсон байна. Тэр өглөө Х.Баттулга, Д.Ганбат хоёр чуулганы хуралдаанд орж ирэхдээ их эвгүй царайлчихсан явж байсан юм. Ингэхээр ордон дотор нэг хуйвалдаан болдог юм. Тэгээд өдрийн хоолонд таарсан гишүүдэд энэ тухай ярьж “Өнөөдөр нэг эвгүй юм болох нь дээ” гээд марзагнаад сууж байсан юм. Тэгсэн орой нь Засгийн хурлаар Р.Чингисийг хөөх шахсан байна лээ. Үүний цаана ямар ёс Монголд тогтох гээд байгааг сайн хар. Хэрэгт холбогдсон, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс Монголын хуулийн байгууллагын удирдлагыг томилдог, дургүй нь хүрвэл хөөж явуулдаг ёс тогтоох гээд байна. Одоо бүр ил цагаандаа гарлаа. УИХ-ын гишүүд нь эр, эмгүй хуулийнхныг дарамталдаг боллоо. Н.Ганболд үнэхээр бие нь өвдөөд явсан гэж бодож байна уу. Үгүй шүү дээ, УИХ-ын гишүүдийн ил далд дарамт, шахалтыг сэтгэл зүйн хувьд даах аргагүй болоод л шантраад явж байгаа хэрэг. 1996-2000 онд хуулийнхан ийм дарамтад орсон байсан. Гэмт этгээтүүд төрийнхнийг, хуулийнхныг удирддаг байлаа. 2000 онд намайг Хуулийн сайдаар томилогдсоны дараа цагдаагийнхан ажлаа хийж арай гэж нэг цэгцэлсэн юм. Одоогийнх бүр аймшигтай, мафи шинжиндээ орсон байна. Хуулийнхан хууль дүрмийнхээ дагуу ажлаа хийж байхад Хууль зүйн байнгын хорооны дарга нь бидон шигээ өнхөрч очоод тэднийг дарамталж байдаг. Үүнийг юу гэдэг гээч.
-Юу гэдэг гэж?
-Мафижсан төр гэдэг юм. Монголын төр Ардчилсан намын үед мафижсан төрийн шинж рүү гулсан орлоо. Эрх мэдэл, мөнгөөр далайлгаж төрийн дээр, хуулийн дээр гарахыг мафийн төр гэдэг юм шүү дээ.
-Саяхан Х.Баттулгын хувийн эзэмшил болох Баянгол зочид буудлыг цагдаа нар нэгжих явцыг та харсан биз дээ?
-Харсан учраас, зэвүү дээд зэргээр хүрсэн учраас дээрх үгийг хэлж байна. Цагдаа нар биш УИХ-ын гишүүд ёстой сүржигнэж байна лээ. “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэгчээр Э.Бат-Үүл ч юучив. Ийм үед Хуулийн сайд нь цагдаагаа хамгаалах ёстой юм. Гэтэл Д.Дорлигжавын байж байгаа царайг хар. “Талх чихэр”-ийг 1998 онд 680 сая төгрөгөөр хувьчилж авч Х.Баттулгад шилжүүлсэн Шадар сайд Ц.Оюунбаатар, Жудогийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав хоёр Ерөнхий сайдыгаа эзгүйчилж, Х.Баттулгын даалгаварыг үг дуугүй биелүүлж, Р.Чингисийг хөөж явуулах шахсан зураг л харагдаж байна.
-Н.Энхбаярыг баривчилж байх үед та “унтаж байсан” гэж хэлж байсан шүү дээ. Тэр үед та үнэхээр унтаж байсан гэж үү?
-Би хэргээр тэгж хэлсэн юм. “Н.Энхбаярыг баривчилахыг мэдсэн үү? Телевизээр харсан уу, яагаад цагдаагаа татаагүй юм” гэж тал, талаас нохой шиг боргоод байхаар нь зэвүү хүрээд “Би унтаж байсан” гээд хэлчихсэн юм. Чи яагаад гэж асуух байх л даа. Яагаад гэвэл хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцож саад учруулахыг хуулиар тас хориглосон, зөрчвөл шийтгэх ёстой юм. Тэр өдөр чинь Энхбаярыг баривчлахаар очсон АТГ-хан руу тагнуулынхан мэдсээр байж буудаж, эсэргүүцэл үзүүлсэн юм. Тэгээд л цагдаа дуудагдаж очсон. Хууль нь үйлдэл нь ийм байхад би хууль бус шийдвэр гаргаж цагдааг татах байсан уу.
Сая цагдаагийнхнийг сүржигнүүлэх юмыг Х.Баттулга өөрөө хийсэн. Хуулийнхан дуудсан цагт нь хэн ч байсан очих ёстой. Гэтэл хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг урдаа бариад, УИХ-ын гишүүдээр бие хамгаалагч хийгээд хэргээ шалгуулахгүй зугатаад байгаа нь үнэн биз дээ. Олон зуун мянган доллар залилж, АНУ руу зугтсан Ганбатад “Монголд битгий ир” гэж би хэлсэн гээд Х.Баттулга бахархал болгон ярьж байна лээ. Ирж мэдүүлэг өгөхгүй байгаа эрх мэдэлтнүүдийг тэгээд яах ёстой юм бэ. “Намайг буудах гээд байна” гэж Х.Баттулга сүржигнэсэн шүү дээ. Монголын цагдаа гэгээн цагаан өдөр УИХ-ын гишүүдийг буудаад зогсч байх хүмүүс биш ээ. Харин тэр үеэр миний эртнээс сэжиглэж байсан нэг зүйл ил болсон. Цагдаа нар шалгалт хийх үед том, том биетэй тамирчин залуус тэнд очсон шүү дээ. Жүдо бөхчүүд ийм замаар цааш явбал гэмт бүлэглэл болж магадгүй шүү. Оросын ерээд оныг мэдэх үү. Ерээд оны Орост тамирчдаас бүрдсэн мафийн бүлэглэл байлаа ш дээ. Нэг толгойлогч нь манайхантай холбоотой байсан үе бий. Монголд тийм юм бий болгох гэж л ил далдуур оролдоод байгаа юм. Тийм юм битгий л болоосой гэж залбирч сууна. Үр дагавар нь маш хүнд байдаг юм.
-Н.Энхбаярын баривчилгаан дээр ч, Х.Баттулгын компанийг шалгах үед нэг зүйл анзаарагдлаа. Эрх мэдэлтнүүдийг баривчлах үед тэнд улстөрчид гүйгээд очдог. Энгийн иргэдийн хүүхэд улаанбурханаар амиа алдаж байхад дуугардаг улстөрч байхгүй л байна шүү дээ?
-Зарим УИХ-ын гишүүн гишүүнээсээ татгалзаад бие хамгаалагчаа хийх хэрэгтэй ш тээ. Учрыг нь түрүүнд хэлсэн. Ер нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажилд саад болсон хүнтэй хариуцлага тооцно гэсэн хуулийн заалт байдаг. Энэ заалт Хууль зүйн сайд болон УИХ-ын гишүүдэд бүр их хамаатай. Нэг нь хуулийг нь баталж, нөгөө нь хуулийг хэрэгжүүлдэг учраас. Үндсэн хуульд албан тушаал харгалзахгүйгээр хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрх үүрэгтэй гээд заачихсан байдаг юм. Хэн нь дуудахлаар очдог, хэн нь очихгүй байх эрхтэй болж байна аа. “Заан том боловч зам дагадаг, Залуу том боловч хууль дагадаг” гэдэг үг бий.
-Х.Баттулга гишүүн өөрийгөө буруугүй гээд байгаа шүү дээ?
-Наад “Баялгийн хувь” гэж юмыг чинь 2012 оны тавдугаар сард жүдочдыг оролцуулаад Х.Баттулга Баянгол зочид буудалд байгуулсаныг би мэднэ. Бас “Түмэн хишигтэн” гэдгийг Баттулга санаачилсан бий. Эдгээр компанитай холбоотой ямар нэг муу юмны мөрөөр л хуулийнхан орж цагдаа, прокурор тэр компанийг шалгаа биз дээ. Илтэд хууль бусаар хүнийг гэмт хэрэгт гүтгэвэл өөрөө шоронд орно гэдгээ прокурор болон Р.Чингис мэдэж байгаа байлгүй. Х.Баттулгын олонд гоё сонсогддог төсөл дандаа худлаа байдаг. Сайшандын аж үйлдвэрийн паркийн төсөл байна. Төмөр замын хэрэг нь яаж ил болж байгааг хар. Баттулга буруутай, буруугүйг тэр өөрөө биш, хууль шүүх тогтоодог юм шүү дээ. Гэмгүй юм бол тэрийгээ зүгээр шалгуулна биз, юундаа ингэж сандраад байна. Цагдаагийн байгууллагаар оролдоод, баахан жүдочдоор айлгаад байх хэрэггүй л байхгүй юу.
МОНГОЛЫН ТӨРИЙГ МАФИЖУУЛАХ, ӨӨРӨӨ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ НЬ БОЛОХ АДАЛ БАЛМАД, МӨРӨӨДЛӨӨСӨӨ Х.БАТТУЛГА ТАТГАЛЗАХ ЦАГ НЬ БОЛСОН
-Та гурав, дөрвөн жилийн өмнө Х.Баттулгын төмөр замын хэргийг дэлгэж, бөөн асуудал болж байсан санагдана. Тэр үнэн байсан уу?
-Би худлаа хэлж яадаг юм бэ. Миний хэлсэн бүгд үнэн ш тээ. Орос, хятад, америк, солонгосчуудыг бүгдийг нь хуурч Монгол төрийг, Монгол хүнийг нүүр хийх газаргүй болгосон. Тавантолгойг өөрийн болгох гэж тэгээд байсан юм. Сая Ц.Элбэгдорж жиргээчидтэй уулзахдаа үүнийг батлаа биз дээ. Үүнээс өөр нотолгоо хэрэгтэй юу. Бүх баримт бичиг нь байж л байна. Наанаа болохоор “Хятадын аюул”-ын тухай ярьчихаад далдуур “Тавантолгойг ашиглах онцгой эрхийг танайд өгнө” гэж тэдэнтэй санамж бичигт гарын үсэг зураад л явж байсан хүн дээ. Х.Баттулга уг нь миний үгийг аваад явж байсан бол амьдралд нь, нэр хүндэд нь хэрэгтэй байсан юм. Шулуухан хэлье. Монголыг, Монголын төрийг мафижуулах, өөрөө загалмайлсан эцэг нь болох адал балмад зорилго, мөрөөдлөөсөө Х.Баттулга татгалзах цаг нь болсон. Ингэвэл өөрт нь хэрэгтэй, өөрөө зогсоож чадахгүй бол хуулийнхан Монголын эрх ашгийн үүднээс хуулийн арга хэрэгслээр түүнийг зогсоох л болно. Бага зэрэг тархи, ухаан хоёр байдаг бол Х.Баттулга өөрөө зогссон нь дээр дээ.
-УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болохоор өргөдлөө өгсөн. Үүнээс болж та хоёр Байнгын хорооны хурал дээр ширүүхэн маргаад авсан шүү дээ. Та юунаас болж ингээд бухимдаад байгаа юм бэ?
-Өөртөө зориулж хууль батлуулж дараа нь бусдын албан тушаалыг нь булааж авдаг байж болох уу? Ийм увайгүй юмнаас чинь Монгол төрийн нэр хүнд шаландаа хүртэл уналаа. Тэгээд ичих ч үгүй “Би хаана хэрэгтэй байна, тэндээ очно” гээд сууж байдаг. Гончигдоржийг Цэцэд хэрэгтэй гэж хэн лүндэн буулгав. Энэ чинь ариун явдал мөн үү. Ингээд новшроод байхаар чинь би л лав зүгээр сууж чадахгүй юм байна лээ. Түшиж байгаа төрийг чинь нүдэн дээр чинь нурааж байхад ус балгачихсан юм шиг гүлдийгээд сууж байх нь лав л миний зарчим биш. Ер нь бодоод байхад 2000 оны рецедив хэрэгтнүүд хар үгээр хэлэх юм бол “эр хүмүүс” байж. Тэдний зарим нь шүүх хурал дээрээ тас хар костьюм цагаан цамцтай орж ирээд найман жилийн ял авчихаад “би давж заалдахгүй” гэж хэлээд шорон руу явж байсан. Өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байсан шүү. Гэтэл энэ улс төрд шургалсан хулгайч нарыг хар, идэхийн дээдээр идэж цуслахын дээдээр цусалчихаад баригдангуут хэчнээн их өвчигнөж хохирогчийн дүрд тоглож байнаа. Ард түмэн өнөөдөр биш юмаа гэхэд маргааш эдний үнэн нүүрийг ойлгох л болно.
-Сүүлийн үед улстөрчид албан тушаалд хүрэхийн тулд нам байгуулдаг “моод” дэлгэрч. Анх Н.Энхбаяр МАХН-ыг байгуулж байсан. Саяхан их хурлаа хийсэн Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг Х.Баттулгынх гэх юм?
-Энэ бол улс төрийн хорт үзэгдэл. Нарийн яривал эд чинь нам нэртэй гэрээт хамгаалалтын алба, мөнгө өгсөн эзэндээ л үйлчилнэ. Хэрэг хийсэн жирийн хүн ял авдаг, эрх мэдэлтнүүд нь гэрээт хамгаалалтын алба, УИХ-ын гишүүдээр хамгаалуулж хэлмэгдэгч, эх орончийн дүрд тоглож энэ тухай кино хийлгэж өгүүллэг, туульс бичүүлж “үндсэний баатар” гэж өөрсдийгөө өргөмжлөх боллоо. Энэ шударга явдал мөн үү. Ер нь Монголын улс төрд ёс суртахууны үнэр ч байхгүй боллоо. Алаг нүдтэй, нүдний шилтэй бацаан телевизийн өмнө даргаа өмөөрч өмөлзөж уйлчихаад маргааш нь намынхаа дэд дарга болчихож байна. Боловсон хүчний “хувьсгал” хийж байгаа нь энэ юм байлгүй.
-Таны энэ яриад олон хүн эмзэглэх байх даа. Та тэднээс айхгүй байна уу?
-Үнэнийг хэлсний төлөө боорлоцгооно л биз. Үзээгүй биш. Гэхдээ миний дээр хэлсэн зүйл бол энэ гунигт хар түүхийн өчүүхэн хэсэг шүү. Өрөвдөөд чимээгүй суугаад байхлаар галзуу юм шиг даварцгаах юм. Төрөөр, улсаар, ард түмнээр яасан их тоглож байнаа. Аливаа юманд хэмжээ хязгаар байдаг гэдгийг энэ даварсан этгээдүүдэд сануулах цаг болсон байх шүү. Хар үйлдлийнх нь хоморгонд хэчнээн хүн орооцолдож орон шоронд оров, хэчнээн хүний амьдрал сүйрч байна гэдгийг эд нар яагаад бодохгүй байна.
-Цаг зав гаргаж, ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ж.НЯМСҮРЭН
Холбоотой мэдээ