Сөрөг зүйл ихтэй мажоритар руу ухрах нь

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Сөрөг зүйл ихтэй мажоритар руу ухрах нь

Сөрөг зүйл ихтэй мажоритар руу ухрах нь

Үндсэн хуулийн Цэц өнгөрөгч Баасан гаригт Дунд суудлын хуралдаанаа хийж, УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “… 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар …” гэсэн заалтын үйлчлэлийг хуралдаан болсон өдөр буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх дүгнэлт гаргалаа. Ингэснээр өмнөх 2012 оны сонгуульд хэрэглэсэн, мөн одоо болох гэж буй парламентын сонгуулийг явуулах холимог системийг хэрэглэх боломжгүй болж байгаа юм. Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ хүлээн авсанаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж хариу өгөх учиртай.

Холимог тогтолцоог хуульчлан оруулж ирсэн 2012 оны УИХ-ын сонгуулийн тухай хуульд иргэдээс хэд хэдэн гомдол Үндсэн хуулийн Цэцэд очиж, Цэц асуудлыг хэлэлцсэн байдаг. Эдгээр гомдолд сая хэлэлцсэн заалт байсан боловч мажоритар тойрогт сонгогчийн 28-аас дээш хувиын санал авсан нэр дэвшигч намын жагсаалт руу гулсаж болох тухай заалтыг түдгэлзүүлэх дүгнэлтийг Дунд суудлын хуралдаанаас гаргаж байсан. Цэцийн энэ дүгнэлтийг тухайн үеийн УИХ хүлээж аваагүй учраас Цэц их суудлын хуралдаан зарлаж өмнөх дүгнэлтээ хэвээр үлдээснээр гулсах заалтыг өнгөрсөн сонгуульд хэрэглээгүй.

Улс орны хэдэн арван жилийн ирээдүйг харсан хэтийн бодлого тодорхойлоход, улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд, популистуудыг олноор төрүүлэхгүй байхад, сонгогч болгоны санал төрийн эрх барих сонголтод нөлөөлдөг байхад холимог систем яагаад хэрэгтэй талаар ч бичсэн. Харамсалтай нь улс төрийн хүрээнд бий болоод байгаа нөхцөл байдлыг харвал ухрах магадлал өндөр байна.

2012 онд Үндсэн хуулийн Цэцэд УИХ-аас ирүүлж байсан тайлбарт хувь тэнцүүлэх буюу пропорциональ тогтолцоог дэвшил гэж үзэн холбогдох тайлбаруудыг гаргаж байжээ. Тухайлбал, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Ж.Сүхбаатар, Д.Одбаяр нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа “Сонгуулийн мажоритар тогтолцоо нь сонгогчдын санал гээдэг гэсэн томоохон шүүмжлэлийг дагуулдаг. Жишээ нь, нэг тойрогт 100 мянган сонгогчтой, хоёр мандат ногдож байхад тухайн тойрогт 36 мянган сонгогчийн санал авсан нэг нэр дэвшигч, 35 мянган сонгогчийн санал авсан нэг нэр дэвшигч, 34 мянган сонгогчийн санал авсан нэг нэр дэвшигч байхад уг 34 мянган сонгогчийн санал авсан нэр дэвшигч сонгогдож чадахгүй үлдэх бөгөөд уг тойргийн 34 мянган сонгогчийн санал шууд гээгдэн шударга бус байдал үүсдэг. Энэхүү шударга бус асуудлыг зохицуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн сонгуулийн дүнг сонгогчдын саналыг гээхгүйгээр суудал хуваарилж байгаа нь төрийн үйл ажиллагаанд шударга ёсыг сахисан өөрчлөлт юм”, мөн “сонгогчийн шууд сонгох эрхийг зөрчиж байна гэж үзэх нь эрх зүйн хувьд үндэслэлгүй юм. Шууд сонгох гэдэг нь нэгд: сонгогч сонгуульд ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож саналаа өөрөө гаргах, хоёрт: сонгогчдын саналын үндсэн дээр сонгуулийн дүнг хуулиар тогтоосон журмын дагуу шууд гардаг гэсэн агуулгатай тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг "Улсын Их Хурлын гишүүнийг…шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, …сонгоно" гэснийг зөрчөөгүй төдийгүй сонгуулийн дүн нь шууд гарч байх хуулийн журмыг тогтоож байгаа юм” гэсэн тайлбарыг өгч байжээ.

Өнгөрсөн Баасан гаригийн Дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчаар оролцсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн тайлбар ч мөн дөрвөн жилийн өмнөх агуулгыг давтсан байна. Тухайлбал, “Монгол Улсын Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчмыг хуульчилсан нь төрийн засаглах эрх мэдлийн эх сурвалж нь ард түмэн гэснийг нотолж байгаа хэлбэр бөгөөд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдэг бол ардчилал гэдэг ухагдахууны бүрэн хэмжээний илрэл юм. Иймд төлөөлөх ардчилал нь ард түмний сонгон байгуулсан төрийн байгууллагаараа дамжуулж төрийн засаглах эрх мэдлийг хэрэгжүүлдэг удирдлагын арга бөгөөд Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Монгол Улсын засгийн бүх эрх мэдлийг ард түмний мэдэлд байх зарчмыг зөрчөөгүй ба  ард түмэн төрийн хэрэгт шууд оролцох боломжийг нь ямар нэг байдлаар хөндөөгүй болно. Түүнчлэн сонгуулийн холимог тогтолцооны асуудал нь сонгогчид төрийн үйл ажиллагаанд шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан эрхээ эдэлж байгааг нь зөрчөөгүй бөгөөд тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Улсын Их Хурлын гишүүдийг сонгох журмыг тогтоосон заалт бөгөөд энэ нь ард түмний засаглах бүрэн эрхийг үл хөндсөн болно”, мөн “Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй сонгоход ямар нэг хязгаарлалт агуулаагүй тул Сонгуулийн тухай хуулийн уг хэсэг, заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй сонгох зарчмыг зөрчөөгүй болно. Мөн дээрх хэсэг, заалт нь сонгогчийн саналаа нууцаар гаргахад нь хамааралгүй билээ. Уг хуулийн зохицуулалт сонгогчийн шууд сонгох эрхийг зөрчиж байна гэж үзэх нь эрх зүйн хувьд үндэслэлгүй юм. Шууд сонгох гэдэг нь нэгд: сонгогч сонгуульд ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож саналаа өөрөө гаргах, хоёрт: сонгогчдын саналын үндсэн дээр сонгуулийн дүнг хуулиар  тогтоосон журмын дагуу шууд гардаг гэсэн агуулгатай тул Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Улсын Их Хурлын гишүүнийг … шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, … сонгоно.” гэснийг зөрчөөгүй төдийгүй, сонгуулийн дүн нь шууд гарч байх хуулийн журмыг тогтоож байгаа юм” гэсэн байна.

Гэсэн ч Цэцийн шийдвэр хувь тэнцүүлсэн тогтолцооны заалтыг түдгэлзүүлэх дүгнэлтийг гаргалаа. Хуульд заасны дагуу УИХ энэ дүгнэлтийг хүлээж авах эсэхээ тавдугаар сарын 6-ны дотор шийдэх юм.

Улс төрийн гол хоёр нам Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж, цэвэр мажоритар системээр энэ жилийн сонгуулийг явуулахаар тохиролцсон байж болохыг зарим нэг УИХ-ын гишүүний мэдэгдэлд үндэслэн өнгөрсөн долоо хоногт бичсэнийг сануулъя. Улс орны хэдэн арван жилийн ирээдүйг харсан хэтийн бодлого тодорхойлоход, улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд, популистуудыг олноор төрүүлэхгүй байхад, сонгогч болгоны санал төрийн эрх барих сонголтод нөлөөлдөг байхад холимог систем яагаад хэрэгтэй талаар ч бичсэн. Харамсалтай нь улс төрийн хүрээнд бий болоод байгаа нөхцөл байдлыг харвал ухрах магадлал өндөр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж