М.Чинболд суудалдаа үлдэх үү?

Хуучирсан мэдээ: 2016.04.24-нд нийтлэгдсэн

М.Чинболд суудалдаа үлдэх үү?

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан өнгөрч буй долоо хоногийн баасан гаригт болж Засаг дарга М.Чинболдыг огцруулах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл тус дүүргийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс “Засаг даргыг огцруулах ажлыг МАН-ын бүлгийн гишүүдийн санаачилгаар хүч түрж, зохион байгуулсан. Бид арга буюу хурлыг дундаас нь хаяж гарсан” гэх асуудлыг хөндөж эхэлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэлдэхүүнийг сонирхвол МАН 22, МАХН 2, Ардчилсан нам 17суудалтай аж. Харин Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх энэхүү хуралд МАН-ын 20, Ардчилсан намын 8, МАХН-ын нэг төлөөлөгч тус бүр оролцсон юм байна.

Хуулиараа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Засаг даргыг огцруулах шийдвэр гаргалаа ч нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүлээн авах эсэхээс бас шалтгаалах аж.

Жил гаруйн өмнөөс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бүх орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, гишүүдэд хандан “Засаг дарга огцруулсан албан бичиг хүлээж авахгүй. Одоо ажлаа хийнэ шүү” гэх анхааруулгыг өгсөн байдаг. Тиймээс сонгууль дөхсөн үед хотын дарга Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг хүлээж авахгүй байх магадлалтай гэх яриа мөн гараад байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаас Засаг дарга М.Чинболдыг огцруулах шийдвэр гаргахдаа сүүлийн дөрвөн сар орчмын хугацаанд төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр хоморголон халсан, төсвийн хөрөнгөөр гадаад улс руу гэр бүлээрээ аялан дүүргийн нэр хүндийг унагасан, дүүргийн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд дээр хайнга хандаж ирсэн зэрэг үндэслэлүүдээр буруутгасан байдаг юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж