АНУ-ын Охайо муж улсын Пикетон хотод нэг гэр бүлийн найман хүнийг хөнөөсөн сэжигтнийг эрэн сурвалжлах өргөн хүрээтэй ажиллагаа явагдаж байна. Хохирогчид бүгд толгойдоо буудуулж нас барсан бөгөөд гурав нь хүүхэд байжээ. Одоогоор зэвсэгтэй сэжигтнийг хамсаатных нь хамт эрэн сурвалжилж байна. Цагдаа нар энэ хэрэгтэй холбогдуулан 30 гаруй хүнээс мэдүүлэг авч, түүнчлэн нэгэн бизнесмен сэжигтний тухай мэдээллийг 25 мянган ам.доллараар худалдан авах зар тараажээ. Үүний зэрэгцээ АНУ-ын Жиоржиа муж улсад нэгэн эрэгтэй таван хүнийг буудаж хөнөөгөөд амиа егүүтгэсэн хэрэг гарсан байна.
АНУ-д сүүлийн үед галт зэвсгээр үйлдсэн халдлага, аллага их гарах болсноор хяналтыг сайжруулах шаардлагыг хууль тогтоогчид тавьж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн нэгдүгээр сард галт зэвсгийн хяналтыг чангатгах хуулийн төслийг Конгресст өргөн барьсан юм. Барак Обамагийн өргөн барьсан шинэ хуулийн төсөлд зааснаар галт зэвсгийн цахим худалдаалагчид болон шоу зохион байгуулагчид худалдан авагчдын талаарх бүрэн мэдээллийг авах ёстой аж.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА