Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв 200 000 дахь иргэнд үйлчиллээ | News.MN

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв 200 000 дахь иргэнд үйлчиллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.24-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв 200 000 дахь иргэнд үйлчиллээ

Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн нэгдүгээр салбарыг байгуулсан. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс туршилтаар, 14-ний өдрөөс албан ёсоор ажиллаж эхлэн нийслэлийн нутгийн захиргааны болон төрийн 27 байгууллагын 242 нэр төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, харъяалал харгалзахгүй уртасгасан буюу 08-20 цагуудад “Хурдан, тэгш, нээлттэй” уриатайгаар иргэддээ үйлчилж байна. Одоогийн байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 287, Засгийн   газрын харъяа агентлагуудын 99, нийт 386 үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвөөс авах боломжийг бүрдүүлжээ.

Өмнө нь үйлчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэх дундаж хугацаа 16 хоног 17 цаг 43 минут байсан бол шийдвэрлэх явцыг хурдасган 10 хоног 12 цаг 50 минут болгоод байна. Тус төвөөр өдөрт дунджаар 2420 иргэн, аж ахуйн нэг үйлчлүүлж байгаа нь иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авах хүсэлт, шаардлага өндөр байсныг харуулж байгаа юм.

Харин 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “200 000 дахь үйлчилгээ”  хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус төвөөр үйлчлүүлж буй 199 999, 200 000, 200 001 дэх иргэнийг тодруулж, нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, хяналт тавин ажиллаж буй иргэн, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагыг шалгаруулан хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон нутгийн захиргааны байгууллагын удирдлага, албан хаагчид, иргэд оролцлоо.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 199 999 дахь үйлчилгээг Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Эрдэнэтуяа нийслэлийн Өмчийн харилцааны газраас, 200 000 дахь үйлчилгээг ТЭД констракшн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас, 200 001 дэх үйлчилгээг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн Л.Лхамсүрэн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тус тус авчээ.

200 000 дахь үйлчлүүлэгчээр тодорсон ТЭД констракшн ХХК-ийн захирал А.Эрдэнэ “Манай компани өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд цогцолбор барилга барьж ашиглалтад оруулсан. Харин өнөөдөр барилгынхаа гадна ажлын зураг төлөвлөгөөг батлуулахаар ирээд 200 000 дахь үйлчлүүлэгч болсондоо их баяртай байна. Өмнө нь олон хоног явж шийдвэрлэдэг байсан ажлыг өнөөдөр ирээд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын цонхоор үйлчлүүлж 30 минутын дотор барилгын гэрээгээ байгуулахаас гадна шууд ажил эхлэх зөвшөөрлөө авчихлаа. Ийм зүйл болно гэж ер санасангүй. Төрийн үйлчигээ шуурхай, шударга болсонд баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд хөндлөнгийн хяналт тавьж ажиллаж буй иргэнээр олон нийтэд Шилэн Цогоо гэх нэрээр танигдсан иргэн Б.Цогтгэрэлийг тодруулж, хүндэт өргөмжлөл гардууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Нийслэлчүүдийнхээ өмнөөс Шилэн дансны хуулийг ард түмний өдөр тутмын хэрэглээ болгох ажилд манлайлан Шилэн Цогоо гэх нэр авах хүртлээ ажиллаж буйд талархал илэрхийлж, тань шиг иргэний буянаар ардчилал өөрөө амьд байдаг юм шүү” гэж онцлон хэлсэн юм. Харин Төрийн бус байгууллагаар “Ил тод байдал сан” ТББ, иргэдэд нийслэлийн мэдээллийг түргэн шуурхай хүргэж, аливаа асуудалд өөрсдийн байр сууринаас шударгаар хандаж, шийдвэрлүүлэхийн төлөө хичээн ажилладаг хэвлэлийн мэдээллийн байгууллагаар ИЙГЛ телевиз, GOGO.MN цахим хуудас, өдөр тутмын Өнөөдөр сонинг тус тус шалгаруулан хүндэт өргөмжлөл гардуулсан юм.
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв үйл ажиллагаагаа явуулж эхлэснээс хойш хамгийн олон иргэдэд үйлчилсэн, хамгийн олон цаг ажилласан, хамгийн олон иргэнээс талархал авсан албан хаагчдыг Нийслэлийн Засаг даргын шагналаар шагнав.

Хотын дарга “Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа нь энэ төвд ажиллаж байгаа болон үйлчлүүлж буй иргэдэд итгэл, урам өгнө гэдэгт итгэж байна. Монголд анх удаа төрийн үйлчилгээг ийм хурдан, тэгш, нээлттэйгээр хүргэж байгаа нийт албан хаагчдад нийслэлийнхээ иргэдийн өмнөөс талархал илэрхийлье. Бидний энэ ажлыг бусад хотуудын дарга нар маш их сайшааж, өөрийн хотод туршлага солилцох саналыг бидэнд тавьсан нь та бүхний ажил хэрхэн амжилттай байгааг дүгнэж байна. Даргын дарамтгүй, тэдний эрх мэдэлгүйгээр төрийн үйлчилгээг авч болдогийг бид өнгөрсөн хугацаанд бүрэн харуулж ажиллалаа” гээд нийт албан хаагчдад амжилт хүслээ.
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ачаалал өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа. Тиймээс Баянзүрх дүүрэг дэх ачааллыг сааруулах зорилгоор Хан-Уул дүүрэгт Мишээл экспо, Сонгинохайрхан дүүрэгт Драгон төвд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 2, 3 дахь салбарыг байгуулсан байна. Салбарууд туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд Мишээл экспо төв дахь салбар 05 дугаар сарын 02-ны өдөр, Драгон төв дэх салбар 05 дугаар сарын 04-ний өдөр албан ёсоор нээлтээ хийнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж